-Таныг намын даргатайгаа түнжин муудсан гэж хэвлэлээр бичих боллоо. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Ингэж бичээд л байдаг юм. Анхнаасаа л бичсэн, цаашдаа ч бичих байх. Үүнд эмзэглэх зүйл байдаггүй.
-Тэгвэл хамтарсан Засгийн газрыг шүүмжлэгчид олон бий. Энэ нь С.Батболдын Засгийн газрын өнөөгийн байдлыг М.Энхболдын Засгийн газрын тухайн үеийн байдалтай адилтгаж харагдуулаад байх юм. Танд ингэж харагдаж байна уу?
-Тэр үеийн Засгийн газар энэ үеийн Засгийн газрыг ижил байна гэж харахгүй байна. Хамгийн гол нь Засгийн газар юу бүтээж байна вэ гэдэгт асуудал бий. Энэ Засгийн газрын тухай асуудлаар ганцхан зүйлийг хэмжиж үзэхийг хичээдэг. Гэхдээ цээжээрээ гэдэг юм уу, хэн нэгэн хүний сургаар юм хийхийг хичээдэггүй. Хамтарсан Засгийн газрын үед ард түмний амьдрал хэвэндээ байна уу, дээшилсэн үү, доошилсон уу гэдэг нь чухал юм. Хоёр нам хамтарлаа гээд шүүмжлүүлж, доромжлуулж, магтуулж ч байна. Харин үүнд эмзэглэх шаардлагагүй. Иргэдийн хүсэл, эрмэлзэл ямар байна вэ гэдгийг тандаж, судлах хэрэгтэй. Өнөөдөр ард түмний амьдрал өмнөх гурван жилээс доошлоогүй бол энэ Засгийн газар үүргээ гүйцэтгэж байна гэсэн үг.
-Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах талаар танай намын гишүүдээс санал оруулж байгаа шүү дээ?
-Тавантолгой, Оюутолгойн асуудлаар манай намын гишүүд саналаа илэрхийлж байгаа. Ерөнхий цар хүрээгээр нь яривал томоохон уул уурхайг хөдөлгөсөн. Энэ нь давуу тал мөн үү гэвэл мөн. Гэхдээ хаацайлж болшгүй алдаа дутагдал бий юү гэвэл бий. Гагцхүү цаг хугацааны хувьд бид хэзээ засаж, залруулах ёстой вэ гэдэгт л байна. Саяхан Ерөнхийлөгч Тавантолгойн төсөлд хориг тавьсан. Үүнийг хувьдаа дэмжиж байгаа. Аливаа маргаантай асуудал руу хүчээр тулгаж орж болохгүй. Харин бүрэн ойлголцож, зөв шийдэл гаргаж байж явах ёстой юм. Улс төр эдийн засагтай хамт яваа гэдгийг хэн ч мартаж болохгүй. Гадны хэн нэгэнд баялгаа тараагаад өөрсдөө хоосон хоцрохыг хүсэхгүй. Гэвч хоёр том гүрний дунд байгаа Монгол Улс газар доорх баялгаа борлуулж чадахгүй бол түүнээс ашиг хүртэнэ гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Хятад, Оросын бодлого хэрхэн явж байгааг харж, харилцан бие биеэ нөхөх зөв эдийн засгийн эрх ашгийг улс төрийн зөвшилцлийн хувьд яаж хийх нь зүйтэй юм гэдэг нь чухал. Энэ утгаар нь асуудлыг харж байна. Үнэнийг хэлэхэд би нэг зүйлийг нэг өнцгөөр харах дургүй. Аливаа зүйлийг олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Энэ талаас нь авч үзвэл Засгийн газар уян хатан ажиллаж байгааг зөв гэж боддог.
-Тэгэхээр Засгийн газрын хэрэгжүүлж буй ажил дээшилж байгаа гэж ойлгож болох уу?
-Засгийн газрын ажил үр дүнтэй байгаа. Тэр дундаа манай намын сайд нар илүү хүчин чармайлттай ажиллаж буй нь харагддаг.
-Танхимын сайд нарыг ерөнхийд нь зангидах үүрэгтэй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “Энэ бүгд Ардчилсан намынхнаас болж байна” гэж хэлсэн удаатай. Ардчилсан нам ингэж хэлүүлэн байж хамтарсан Засгийн газарт үлдэх хэрэг бий гэж үү?
-Ч.Хүрэлбаатар ингэж хэллээ гээд “За тэгвэл бид гаръя” гэх юм уу. Ийм юм байхгүй. Энд ард түмний өмнөөс хийх, хяналт тавих ёстой зүйл бий. Бид засагт ажиллаж байгаа л бол ажлаа дуустал нь хийх шаардлагатай. Хөөгөөд гаргавал гаргана л биз. Хөөлөө гээд гоншгонох зүйл байхгүй, ийм л нөхцөл байдалд байгаа. Гурван жилийн өмнө хамтарсан Засгийн газарт ороогүй гэж төсөөлбөл уул уурхайн асуудал шийдэгдэж, хүмүүсийн ирээдүйдээ итгэх итгэл байх байсан уу, үгүй юү. Ардчилсан нам улс төрийн хамгийн хариуцлагатай нам гэдгийг ямагт бодох ёстой юм. Түүнээс биш сөрөхийн тулд сөрдөг, хашгирахын тулд хашгирдаг цаг үеийг бид хэдийнэ туулсан. Бидний ард түмний өмнө хүлээх үүрэг бол улс орныг тогтвортой байлгах, ард түмний амьдралыг дээшлүүлэх хөрс суурийг тавилцах юм. Ардчилсан намыг насаараа сөрөг хүчин байх хүчин гэж ойлгохгүй байгаа. Харин энэ засагт байснаараа улс орны эдийн засгийн, нийгмийн, улс төрийн олон алдаа дутагдлыг олж харж буй нь давуу тал гэж боддог.
-Үндэсний шинэ нам нэрээ өөрчлөөд Монгол үндэсний ардчилсан нам болсон. Харин энэ шинэ нэр нь танайхтай маргаан үүсгэх юм биш биз?
-Асуудал нь нэрэндээ биш. Энэ намын цаана хэн байна вэ гэдэгт л бий. Ардчилсан нам бол өөрийн үнэт зүйлтэй. Үнэт зүйлийнхээ төлөө үзэл бодлоороо 20 жил явсан гишүүд, дэмжигчидтэй.
-Ардчилсан нам нэр дэвшигчдээсээ 50 сая төгрөгийн босго мөнгө авч байгаа. Одоо хэчнээн нэр дэвшигч өгөөд байна вэ?
-Босго мөнгө гэдэг ойлголт угаасаа байгаагүй. Байх ч үгүй. Харин УИХ-д нэр дэвшигчдийн татвар юм. УИХ-д нэр дэвших сонирхолтой хүмүүс сайн дураараа энэ татварыг төлдөг. Төлөх үү, үгүй юү гэдэг нь тухайн хүний эрх. Татварыг дөрөв хувааж авч байгаа. Эхний 12.5 сая төгрөгийг 130 хүн төлсөн. Дараагийн 12.5 сая төгрөгийг ирэх сард төлөх ёстой.
-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хэзээ болох вэ?
-Намын дүрмээр энэ онд багтаж хуралдах учиртай. Гэхдээ бид ирэх арваннэгдүгээр сард “Монгол хүн-2020” хэлэлцүүлгээ дуусаад хөтөлбөрийн түвшинд хүрэхэд уг хэлэлцүүлгээр юу болов гэдгийг Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн хөтөлбөр боловсруулах анхан шатны хуралдаан болно гэж бодож байна.
-Та Сүхбаатар аймаг руу яваад ирсэн. Тэнд “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийг хийгээд ирэв үү?
-“Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн 15 дахь аймаг нь Сүхбаатар болж байгаа юм. Тэнд манай намын Засаг даргын хийж буй ажил, онцлогынх нь талаар ажиглаж харахыг хичээлээ. Их онцлогтой байсан. Сүхбаатар аймагт хэлэлцүүлгийн хамгийн гол сэдэв болох эдийн засгийн хувьсгалын тухай хэлэлцсэн юм. Аймгийн төвд бүтээн байгуулалтын ажлыг их эрчимтэй хийж байна. Энгийн нүдээр харахад зам, байшин, барилга бариад байгаа юм шиг харагдсан. Гэтэл жинхэнэ утгаараа хувь хүн рүү чиглэсэн эдийн засгийн хувьсгал болж буй юм биш үү гэдэг ойлголт надад төрсөн. Өөрсдийгөө магтах гээд байгаа юм биш шүү. Сүхбаатараар явж байхад “Бусад аймаг яагаад ийм байж болохгүй гэж” гэж бодогдсон. Хамгийн энгийн жишээ хэлэхэд тэд орон нутгийнхаа хөрөнгө оруулалтыг өөрсдөө босгож байна. Харин бусад аймагт улсаас ирсэн төсвийн хөрөнгө оруулалт, жижиг, дунд үйлдвэрлэлийн төсөл, тендер гээд бөөн маргаан, түүнийг хувааж иддэг сүлжээ бий болчихсон байдаг. Үүнээс л хувь хүн рүү чиглэсэн бодлого орхигдсон ялгаа аймгуудад анзаарагдаад байгаа юм. Эдийн засгийн хувьсгал бол хувь хүндээ хүрэх л асуудал гэж үздэг. Сүхбаатар, Завхан, Дорноговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар л манай намын гишүүд байдгийг мэдэх байх. Тиймээс энэ дөрвөн аймаг бусад аймгуудаас ялгарч чадаж байна уу гэх өнцгийг л бид олж харах нь чухал. Миний бодлоор Сүхбаатар аймгийнхан үнэхээр илүү ажиллаж чадаж байна. Завханд гэхэд дэд бүтцийн асуудлаа шийдсэн, цахилгааныг нь холбосон гээд хийсэн ажил их бий. Эдгээр аймгуудад алдаа дутагдал байгааг үгүйсгэхгүй.
-“Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн хүрээнд Ардчилсан намын ирээдүйн зорилгыг тодорхойлж чадна гэж үзэж байгаа юу?
-Бид 15 аймгаар явахдаа хүмүүст ямар нэгэн саналыг шахахгүйгээр тэдний саналыг сонсож байгаа. Ер нь аймаг, сум, дүүрэгт болох, болохгүй байгаа нь юу байна вэ гэдэг нь чухал. Хэлэлцүүлэг өрнүүлсэн аймгуудыг дүгнээд үзэхээр бидний тавьсан бодлого, зорилго зөв байсан юм байна гэдэг нь харагдаж буй. Бид 2020 он хүртэл энэ хэлэлцүүлгийг явуулна. Өнөөдөр эдийн засаг хөгжиж байна гэсэн хэрнээ хүн яагаад ядуу байна гэх асуултад хариулт өгөх юм. Иймээс л хүнээ хөгжүүлэх асуудлыг гарган тавьж буй хэрэг. Энэ утгаараа уг хэлэлцүүлэг асар ач холбогдолтой болж байна. Хэлэлцүүлгийг цаашид хэрхэн хөтөлбөр болгон боловсруулах вэ гэдэг тал дээр ажиллана. Юун түрүүнд орон нутагт улстөржилтийг байхгүй болгох хэрэгтэй. Мөн намын бүтэц байх шаардлагагүй. Нам бол хязгаарлагдмал, чадвартай боловсон хүчинтэй, бодлогын байгууллага байх ёстой нь нотлогдож эхэлсэн шүү дээ. Тэгэхээр эрх зүйн орчныг нь өөрчлөх тал руугаа хүссэн хүсээгүй явах нь зүйтэй. Хэрэв бид улс төрийн тогтолцооны эрх зүйг шинэчилж чадахгүй юм болбол эдийн засгийн тогтолцооны шинэчлэлийг хийж чадахгүй. Учир нь улс төрийн хуучин тогтолцоон дээр оршин тогтнож, амьдарч буй хүмүүсийн энэ бүтцийг задлахгүй бол эдийн засаг хувь хүндээ хүрэхгүй гэдэг нь хэлэлцүүлгийн үеэр батлагдсан.
-Тэгвэл эрх зүйн орчныг өөрчлөхийн тулд юу хийх ёстой гэж?
-Ингэхийн тулд Ардчилсан нам юуг урдаа барьж бодлого болгох вэ гэдгийг тодорхойлох цаг бидэнд үлдэж байгаа. Үүнийг 2012 оны эхээр хийж дуусгах байх. Хэлэлцүүлэг дууссаны дараа салбарын хэлэлцүүлгийг хийнэ. Тэгээд 2020 он хүртэл Ардчилсан нам эдийн засгийн хувьсгалын томъёоллыг ингэж хийх юм байна гэсэн мөрийн хөтөлбөрийг боловсруулна. Энэхүү мөрийн хөтөлбөрийн эхний шатны хэсэг нь УИХ-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр болж гарна.
-Аймаг, суманд улстөржих нь их боллоо гэж шүүмжлэх хүмүүс бий. Ер нь нийгэмд улстөржсөн өнгө аяс давамгайлж байгаа байдлыг өөрчлөхийн тулд яах хэрэгтэй юм бол?
-Улс төрийн шинэчлэлийг хийх ёстой. Юун түрүүнд намын асуудал байна. Олон улсын сонгууль, намуудын тогтолцоотой холбоотой байгууллагынхантай санал солилцож байхад тэд нэг зүйлийг хэлсэн. Үүнтэй нь би санал нийлж байгаа. Тэд “Ер нь коммунист намын хууль, дүрмээр яваад байна. Коммунист намынхныг бид тайлбарлахад хэцүү” гэж хэлсэн. Энэ бол үнэн. Монгол Улс олон намын тогтолцоонд орсны дараа Улс төрийн намын тухай хуулийг коммунист намын хэв шинжээр хийчихсэн. Энэ нь олон намтай байж болно, үүнийг нь нэг хүн эсвэл нийтээрээ ч байгуулж болно гэсэн ерөнхий зарчимтай байгаа юм. Мөн нам бодлого боловсруулах уу, үгүй гэдгийг хуульчлаагүй. Нэг үгээр хэлбэл нам хаанаас ч хамаагүй ирсэн хүмүүсийн бөөгнөрөл байж болохоор хуультай байна. Тиймээс үүнийг өөрчлөх ёстой.
-Таныхаар Улс төрийн намын тухай хуульд ямар өөрчлөлт оруулж байж зөв зам руугаа явах юм бэ?
-Нам бодлогын, хатуу үзэл бодолтой, хариуцлага, зохион байгуулалттай байгууллага байх ёстой. Мөн хэн дуртай хүн нам байгуулдаггүй байхыг нэгдсэн хуулиар зохицуулах хэрэгтэй юм. Улс төрийн тогтолцоо нь буруу байвал тэр чигээрээ л буруу явах болно. Нэг хүн 800 хүний гарын үсэг цуглуулаад нам байгуулж байна. Гэтэл нэг нам нэмэгдэхэд олон нийтийн сэтгэхүй хуваагддаг. Энэ нь олон нийтийн улс төрийг үүсгээд байгаа хэрэг. Тэгэхээр бид үүнээс татгалзаж байж улс төрийн тогтолцооны шинэчлэлийг хийх хэрэгтэй гэсэн бодитой хандлага руугаа явах ёстой. Манай нам Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийн талаар ажлын хэсэг байгуулах талаар ярилцаж байна. Намууд нэгдсэн дүрэм хуультай байя, нам гэж чухам ямар хүмүүсийн нэгдэл байх ёстой юм, нэг хүн нам байгуулж болох уу, парламентад суудалгүй нам ямар эрх зүйн статустай байх вэ гэхчлэн олон асуудал бий. Энэ бүгдийг хуульчлах ажлыг манай нам эхэлж хийх хэрэгтэй юм байна гэсэн ойлголтод хүрсэн. Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх бус шинэ намын хуультай болох цаг болжээ. Ингэснээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хийх юм. Үндсэн хуульд намуудын тухай ойлголт бүрхэг байдаг учир сонгуулийн систем нь хувь хүн дээр тулгуурлаж, жалга довны үзэл гаарчихсан.
-Таны ярьж байгааг эсрэгцүүлээд бодохоор жижиг нам байж болохгүй, төр засгийн эрхийг зөвхөн улс төрийн томоохон хүчнүүд барих нь зүйтэй гэж байгаа хэрэг биш үү?
-Нийгэмд жижиг, том намын тухай ойлголт байх ёсгүй. Нам бол нам. Ер нь нэг нам бусад намынхаа толь болж явдаг. Тийм учраас намууд ижил түвшинд, эрх үүрэгтэй байх талаар ярьж байгаа юм. Магадгүй бид Улс төрийн намын тухай шинэ хуультай болбол намыг шинээр бүртгэх зохион байгуулалт руу орж болно. Ний нуугүй хэлэхэд жижиг гээд байгаа намууд дотор шантаажилж улс төр хийдэг нам бий. Нэг том нам руу очиж “Дэмжиж өгөөч. Гэрээ хийе” гэсэн нэрийн дор хэдэн төгрөг хайдаг. Улс төрийг ийм маягаар хийдэг гэж ойлгодог бүтэц байгаа цагт Монголын улс төр эрүүл байх уу. Энэ чинь л жижиг, том гэдгээс илүү хамгийн том асуудал болоод байгаа юм.
"Улс төрийн тойм" сонин