Яршиг тэгвэл худгаа ухаж, хогоо ачуулаад явцгаа

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Яршиг тэгвэл худгаа ухаж, хогоо ачуулаад явцгаа

Хошин шогчдын ярьдаг “Хүү минь ээ, духан дээрээ ганц нүдтэй нь дээр юм биш үү” гэдэг шиг зүйл сүүлийн үед манай улстөрчдөд ирээд байна.
УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх гэр хорооллын барилгажилтын ажлын төлөвлөгөөг бүлгийнхэндээ танилцуулжээ. Х.Баттулга сайдын танилцуулснаар бол Төр гуай тэр газрыг нь нөгөө муу орлого багатай гэр хорооллынхноос хурааж, хотоос зайдуу нутаг зааж явуулчихаад, өмчлөлийнх нь газар дээр нийтийн орон сууц бариулж, түүнийг нь байгалийн баялгаас олсон орлогоороо барилгын компаниудаас худалдаж аваад үгээгүйчүүдэд түрээслүүлэх гэнэ. Ингэх болсон шалтгаанаа “Гэр хорооллынхон төлбөрийн чадваргүй, тэдэнд банк итгэж зээл өгдөггүй” хэмээн тайлбарлажээ. Үүнд нь Улсын баатар Э.Бат-Үүл ихэд эгдүүцэж, “Баттулга сайдын дутуу бодол” гэж байгаад нийтлэл бичсэн байна. “Өглөө” кинон дээр Сүх жанжин “Бодол чинь дэндүү богино байна” гэдэг шиг…
Улсын баатрын өнгөрсөн 20 жилийн хугацаанд хийсэн хамгийн том гавьяа нь хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн, хашааных нь газрыг хувчилж өгсөн явдал учраас бухимдах нь аргагүй. Гэхдээ байна шүү дээ, гэр хорооллын утаа униар, барилгажилтын асуудал энэ тэр өнөөдөр анх гарч ирээд, дан ганц Х.Баттулга сайдын нуруун дээр сандайлаад байгаа асуудал. 2004 оны сонгуулиар ардчилсан хүчний эвсэл “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг энэ л утаанаас, ядуурлаас зайлахын тулд гаргаж ирсэн тэр үеэс л толгойны өвчин болоод байгаа, дан ганц санхүүжилтийн асуудлаас болж хугацаа алдаад байгаа зүйл. Хөтөлбөрийн хүрээнд 10000 айлын нийтийн орон сууц, хотын захад ашиглагдаагүй байгаа талбайд 15000 айлын орон сууц, гэр хорооллын газрын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг бий болгох замаар 15000 айлын хувийн орон сууц барихаар тусгасан.
Хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр гэж нөхөр саяхан “Хотын төвийн нийтийн орон сууцны асуудлыг шийдчихлээ, одоо гэр хорооллыг барилгажуулах үлдлээ” гээд бас нэг баахан төсөв төлөвлөгөө барьчихсан л гүйж явсан. Тэр нь Х.Баттулга сайдынхаас арай өөр. Гэр хороолол руу ус, дулаан, цахилгааны шугам буюу инженерийн шугам, засмал замыг нь тавиад өгчих нь эндэх газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, барилгажилтын ажлыг эхлүүлэх хамгийн гол хөшүүрэг юм. Ингэсэн тохиолдолд иргэд өөрсдөө хаусаа бариад сууна уу, тэртэй тэргүй дэд бүтэц нь бий болчихсон газрыг барилгын компаниуд зах зээлийнх нь ханшаар худалдаж аваад орон сууцаа барина уу өөрсдийнх нь эрхийн асуудал байлаа. Ямар ч байсан Х.Баттулга сайдын одоо ярьж байгаагаас хамаагүй илүү иргэнлэг бөгөөд зах зээлийнхээ эрэлттэй уялдсан зүйл байсан. Э.Бат-Үүл гишүүн ч мөн үүнтэй төстэй зүйлийг ярьж байгаа. Гэр хорооллын бүх газрыг нэг бүрчлэн бүртгэлжүүлье, газрыг нь барьцаалж урт хугацааны зээл олгоё, эндээсээ иргэдийг орон сууцтай болгох бүрэн боломж байна. Төрийн зүгээс ганцхан санхүүжилтийн эх үүсвэрүүдийг нь шийдвэрлээд өгчих хэрэгтэй юм гэж. Нэг л зүйлийг тал талаас нь яриад байгаа хэрэг л дээ. Одоо яриад байгаа “төрийн албан хаагчийн 4000 орон сууцны зээл” энэ тэрийг бодвол асуудлыг цогцоор нь харах, хувь, хувьсгалын гэж алагчлалгүй 2,7 сая иргэнийхээ эрх ашгийг бүхэлд нь шийдэх гэж оролдсоноороо илүү.   
Гэтэл Э.Бат-үүл гишүүний хэлсэнчлэн хамгийн их “зах зээлжсэн” хүмүүсийн нэг болох Х.Баттулга сайд хувий өмчийг хурааж авах, төр худалдаж авах, тэгээд ихээ нигүүлсэнгүй загнаж нөгөөх “орлогогүй” нөхдүүдэд түрээслүүлэх социалист маягийн санал боловсруулжээ. Уг нь бол хэвийн ухамсартай хэн ч гэлээ бодоод үзэхэд Э.Бат-Үүл, Н.Батбаяр нарын хэлсэнчлэн газраа сайн бүртгэлжүүлээд, инженерийнх нь шугам сүлжээг шийдээд өгчихсөн байхад, дээр нь нөгөө их өмнөө бариад байгаа байгалийн баялгийн орлого, элдэв дээдийн сангуудынхаа мөнгийг банкууддаа зузаатгал маягаар байршуулчихсан байхад л барилгынхан нь байшингаа бариад, иргэд нь урт хугацааныхаа зээлийг аваад мөнгөгүй нь мөнгөтэй, мөнгөтэй нь орон сууцтай болоод явчих юм шиг. Тэгээд энэ асуудал манай төрийн нэлээд урт хугацааны, буурь суурьтай бодлого баймаар. Салбаруудаа ч дэмжсэн, иргэдээ ч дэмжсэн.
Гэтэл харамсалтай нь сүүлийн үед манай улстөрчдөд урт хугацааны бодлого, буурь суурьтай үзэл бодол гэж юм байхаа больж, эрх барьж байгаа нам, Засгийн газар, Ерөнхий сайд бүрийн өнгөөр ийш тийш савлаж байдаг болов. Дээр нь аливаа ажлыг явуулахад, тэр тусмаа улс төрийн бодлого гаргахад багийн тоглолт гэж нэг юм байдаг. УИХ-ын гишүүний байр суурь намын бүлэг, байнгын хороод дээрээ, Засгийн газрын гишүүний байр суурь кабинетдаа очиж зангидагдаж, тэндэх байр суурьтай уялдаж явах ёстой. Тэгэхдээ урьд өмнө хэлж ярьж, хийж хэрэгжүүлж ирсэнтэйгээ уялдаж, зөвийг нь авч, бурууг нь хаядаг байлтай. Харин манайд эсрэгээрээ, хэн дуртай нь юу хүссэнээ ярьдаг болов. Тиймээс УИХ-ын гурван гишүүн гурван өөр төсөл бариад гурван өөр тийшээ харайлгаж яваа нь энэ. Зөвхөн ганц л жишээ хэлэхэд шүү дээ.
Дээр нь сүүлийн үест манай улстөрчдийн ой ухаан гэнэт цоорч, хуулийн төсөл боловсруулах гээчийг ёстой нэг “үдийн будаа” болгож байна. Тойргийнхныгоо тойглохоос өөрийг боддоггүй байсан манай нөхдүүд хаврын чуулган эхэлснээс хойш хоёр гурваараа, 20-30-аараа нийлж байгаа хуулийн төсөл гээчийг өдөр алгасахгүй өргөн барьдаг болов. Эхний төслийн нэрийг хэлж дуусаагүй байхад хоёр гурав дахийг нь өргөн барьчих жишээтэй. Ганцхан жишээ Сонгуулийн хуулийн төсөл гэхэд 2-3 хувилбарыг өргөн барьчихаад байна. УИХ-ын ажлын хэсгээс, хувь гишүүдээс гээд. Дээр нь УИХ-ын эрх зүйн байдлын тухай хууль, Дэгийн тухай хууль гээд давхардуулан өргөн барьсан хуулийн төслүүд зөндөө. Сүүлдээ бүр нэгнийхээ хуулийн төслийг унагаахын тулд нэрийг нь өөрчлөөд дахин өргөн барих жишээтэй. Өөрөөр хэлбэл манай хууль тогтоох байгууллагын ажил гэрлийн хурдаар явж байна. Гэхдээ чанар биш, тооны хувьд. Үүний улмаас УИХ-ын дарга маань хуулийн төсөл хүлээж авахаас өөр зүйл хийх завгүй хүн болж хувирав. Товчхондоо манай улстөрчдийн дунд “Хэн нь олон хуулийн төсөл өргөн барих вэ” гэдэг уралдаан явж байна. Хамгийн харамсалтай нь УИХ дээр өргөн баригдаад байгаа тэр олон хуулийн төслүүд, тухайн асуудлаар намын бүлгүүд, байнгын хороод дээр нэгдсэн байр суурьт хүрсэн нэг ч зүйл байхгүй. Манай гишүүдийн хийж байгаа улс төр бодлого боловсруулах түвшинд биш, хүн нэг бүрийн хувийн “пиар”-ын түвшинд л явж байна.
Монголын парламент түүхэндээ анх удаа энэ жил үйл ажиллагааныхаа төсөвт “хууль боловсруулах төсөв” гэдгийг хийж өгсөн. Гишүүн бүрийн нэр дээр төсөвлөсөн 10 сая төгрөг нь тойрогтоо тэрбум төгрөг авчихаад байгаа нөхдүүдийг дахиад л шүүмжлэлийн бай болгосон ч “Парламент парламентынхаа үндсэн үүргийг одоо гадарладаг, тэр зарчмаараа ажилладаг үе одоо л ирэх нь. Сонгогдсон тойргийнхныхоо өмнө ял хийчихсэн аятай тал засч, худаг ухаж, хог цэвэрлэж, тэнд байшингийн дээвэр засч, энд барилгын шав тавьж харайлгахаа болих нь” хэмээн олзуурхаж хүлээж авсан нь цөөнгүй. Яагаад гэвэл хууль гэдэг бодлого, бодлогыг боловсруулахад зардал гардаг. Шинжилгээ судалгаа хийлгэх, салбарын мэргэжилтнүүдийг ажиллуулах, гадна дотнын туршлага судлах гээд зайлшгүй гарах зардлууд өчнөөн бий. Бодлогын ийм том ажлыг манайхан УИХ-ын гишүүний сарын цалингийн хэмжээнд үнэлж ирсэн учраас Монголын хууль гурав хоногийн настай байдаг биз.
Энэ үүднээс нь одооноос эхлээд УИХ-аас гарч байгаа хуулиуд гуч биш юм гэхэд гурван жилийн настай байх биз гэтэл үгүй бололтой. Төсөвт нь суулгасан мөнгийг нь төрийн санд буцаагаад татчих вий гэсэн шиг гишүүн бүр дур дураараа нэг нэг хуулийн нэр тогтоож, энд тэндээс хуулж, орчуулж бариад УИХ-ын даргын өрөө лүү өдөр өнжилгүй харайлгадаг болов. Өөр хоорондоо ямар ч уялдаа холбоо, зохицуулалт, нэгдмэл байр суурь, нийтийн үнэлэмж гэж юм байхгүй сайн дурын бөөн уран сайханчид гарч ирэв. Өөрөөр хэлбэл манай гишүүд бодлого боловсруулах гэдгийг байшингийн дээвэр цойлдохтой яг адил ойлгож байна. Яршиг тэгвэл, чадахгүй зүйлдээ ингэж “сэвж” байхаар чаддагаар нь худгаа ухаад, хогоо ачуулаад явж байвал гай нь бага.
Б.СЭМҮҮН  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж