“Цагаан Пеле” буюу Уэйн Рүүни

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

“Цагаан Пеле” буюу Уэйн Рүүни

Пеле хэдий хөлбөмбөгийн ногоон талбайгаа олон жилийн өмнө орхисон ч түүний гайхамшигт амьдрал, тоглолт, гоол нь өнөөдөр хүртэл домог мэт яригдаж, агуу хөлбөмбөгчдийн жагсаалтыг тэргүүлсээр л байна. Тиймээс хөлбөмбөгийн эх орон гэгддэг Бразили улсаас төрөн гарч буй хөлбөмбөгийн оддыг дараагийн “Пеле” хэмээсээр угтацгаадаг. Гэвч тэдгээр тоглогчид өөр өөрсдийн дотор нуугдсан шинэ “Пеле”-г харуулсаар, дахин давтагдашгүй амжилтуудыг тогтоодог нь тэднийг тэгж өргөмжлөхөөс  өөр аргагүй болгодог гэлтэй. Тэгвэл бид өнөө цагийн “Цагаан Пеле”-г харах азтай хүмүүс аж. Энэхүү агуу хөлбөмбөгчийн тоглолтыг үзэж, уран довтолгоо, гайхамшгийг нь харах завшаан бараг л өдөр бүр бидэнд тохиож байна. Хүсвэл цаг тутамд ч байж болох. Энэ бол Английн шигшээ болон “Манчестер Юнайтед” багийн довтлогч Уэйн Рүүни. Түүнийг ийнхүү анх өргөмжилсөн хүн 2001-2006 онд Английн шигшээ багийг дасгалжуулж байсан Свен Горан Эрикссон юм. Түүний мэдэлд очсоноос хойш л Рүүниг ийнхүү нэрлэх болжээ. Тэрбээр Пелетэй адил түүхгүй, өөр нийгэм, соёлтой улсад амьдарч буй хэдий ч ийнхүү хөлбөмбөгийн нэгэн домогт нэрэн дор хамт орших нь. Түүний хөлбөмбөгийн талбайд гаргадаг ширүүн авир, шүүгчидтэй бага зэрэг ам мурийдаг, гадаад үзэмж зэргээр нь фанатууд “Шрек” хэмээн хочилдог байлаа. Харин сүүлийн жилүүдэд үзүүлж буй ухаалаг тоглолт, уран гоёмсог гоолууд нь “Цагаан Пеле” хэмээн нэрлэхэд хүрчээ.

Рүүни Английн Ливерпуль хотын жирийн нэг гэр бүлд 1985 оны аравдугаар сарын 24-нд төржээ. Түүний бүтэн нэр Уэйн Марк Рүүни. Ээж Жанет Ливерпуль хотын нэгэн сургуульд тогоочоор ажилладаг. Гэр бүлээрээ “Эвертон” багийн үнэнч хөгжөөн дэмжигчид байж. Рүүнигийн унтлагын өрөөний цонхоор “Эвертон”-ы хүүхдийн багийн бэлтгэлийн талбай харагдана. Рүүни боломж л гарвал цонхоороо хөлбөмбөгийн бэлтгэл сургуулилт хийж буй хүүхдүүдийг харах дуртай байлаа. Есөн настай байхаасаа эхлэн тэр талбайн үзэгчдийн суудалд суун, талбайгаас гадагш гарсан бөмбөгийг зөөдөг болж, боломж таарвал талбайд гарч хүүхдүүдтэй тоглодог байсан гэдэг. Тэр үед “Эвертон”-ы дасгалжуулагч Боб Пендлетон түүний авьяасыг олж харан өсвөрийн академидаа авч, тоглуулахаар шийджээ. Бобын хараа сайн байсан гэдгийг батлах мэт Рүүни бусад хүүхдүүдээс авьяас чадвараараа асар богинохон хугацаанд ялгарч, хэдхэн сарын дараа өсвөрийн лигт тоглох болсноор хөлбөмбөг хэмээх агуу спортын үүд, хаалга түүний өмнө нээгдэв.

Тэрээр 10 настайгаасаа 2002 он хүртэл таван жилийн хугацаанд “Эвертон”-ы өсвөрийн лигт тоглосон юм. Өсвөрийн лигийнх нь хамгийн оргил амжилт бол 99 гоол. Энэ амжилт нь түүнийг Эвертоны хөлбөмбөгийн сургуульд суралцах эрхтэй болгожээ. Ийнхүү мэргэжлийн хөлбөмбөгийн замнал эхлэв.  

2002 он. Рүүни хамаг цагаа залуучуудын багт өнгөрүүлж, “Эвертон”-ы төлөөх анхны тоглолтоо наймдугаар сард “Залуучуудын цом”-ын төлөөх тэмцээнд “Тоттенхэм”-ийн эсрэг хийжээ. Энэ тоглолт бол Рүүнигийн хэзээ ч мартагдашгvй тоглолтуудын нэг нь юм. Тухайн тоглолтод “Эвертон”-ы залуус 1:0 харьцаатай хожиж, цомын эзэд болжээ. Харин түүний Английн Премьер лигт хийсэн анхны гоол 2002 оны аравдугаар сард “Арсенал” багийн эсрэг тоглож, 90 минутад минутад оруулсан гоол байв.  Түүний ачаар 2002–2003 оны улиралд “Эвертон” 30 тоглолтод ялагдал хүлээсэнгүй. Энэ үед Рүүни дөнгөж 16 настай байлаа. Үүний дараа “Эвертон” багийн бүрэлдэхүүнд гурван сар тоглохдоо нэг ч гоол оруулаагүй боловч улирлын эцэст маш их хичээж тоглосны үр дүнд амжилттай улирлыг үдэж чадсан. Харин Рүүни шигшээ багтаа бүр 2003 оны хоёрдугаар сард Англи болон Австрали улсын шигшээ багийн нөхөрсөг тоглолтод оролцсон юм. Тухайн үед Рүүни Английн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн залуу буюу хорвоод мэндлээд ердөө 17 нас 111 хоногтой байсан нь шуугиан тарилаа. Ингээд удалгүй “Евро 2004”-ийн урьдчилсан шатны тоглолтод Туркийн шигшээтэй тоглохоор болов. Энэ тоглолтод Уэйн Рүүни гоол хийж чадаагүй боловч дараагийн өрсөлдөгч Македоны багтай хийсэн тоглолтод 2:1-ээр хожигдож байх үед тэнцээний гоолыг хийснээр багаа ялагдлаас аварлаа. Үүнээс дөрвөн өдрийн дараа Лихтенштейний багтай тоглож, 2:0 харьцаатайгаар ээлжит ялалтаа байгуулахад Рүүни голлох үүргийг гүйцэтгэж, шигшээ багтаа өөрийн орон зайгаа бэхжүүлж чаджээ. 2004 оны Европийн хөмбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн түүнийг дэлхийн хэмжээний од болгосон юм. Тухайн үед Английн шигшээ багийн дасгалжуулагч Свен-Горан Эрикссон "1958 оны хөлбөмбөгийн ДАШТ-д тоглож байсан Пелегийн тоглолтыг санагдуулам залуу од маань одоо дөнгөж 18 настай учраас түүний ирээдүйд маш олон ялалт, ялагдал хүлээж байна" гэжээ. Энэ л мөчөөс эхлэн Рүүниг “Цагаан Пеле” хэмээн өргөмжлөх болсон юм. Харин зарим нь “Шрек” гэх нь ч бий.

“Евро-2004”-ийн дараа түүнийг олон багууд сонирхож эхэлсэн юм. Гэвч тэрбээр “Манчестер Юнайтед” багийг сонгон 25,6 сая фунтээр зарагдлаа. Алдар хүндийн оргил руу тэмүүлж буй хэвлэлийн бага хурал дээр “Эвертоныг орхих хүнд байлаа. Өнгөрсөн бүх амьдралынхаа туршид хүчин зүтгэсэн багаа орхино гэдэг хэцүү байгаа боловч дэлхийн шилдэг баг болох “МанЮ”-д  ирсэндээ баяртай байна. Энэ нь миний ур чадвар дээшлэхээс  гадна шилдэг тоглогчидтой хамт Аваргуудын лигт тоглох боломж олдож байгаа нь сайхан байна” гэсэн билээ.

Түүний хүсэл биелж “Манчестер Юнайтед”-ын төлөөх анхны тоглолтоо Мөрөөдлийн театр хэмээх “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэнд  Аваргуудын лигт  Туркийн “Фенербахче” багийн эсрэг хийлээ. Рүүни “Улаан чөтгөрүүд”-ийн төлөөх гараагаа дэндүү гэмээр амжилттай эхэллээ. Тэр эхний тоглолтдоо гурван гоолоор хет-трик  хийв. Гоолуудаа цэвэр өөрийн ур чадвараар өөр өөр байдлаар оруулсан юм. Эхлээд хаалгачийн эсрэг ганцаар сугарч, дараа нь 16-гийн гаднаас хүчтэй цохиж, гурав дахийг нь хаалттай цохилтоос оруулжээ.

2006 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд бэртэлтэй байсан хэдий ч Рүүни багтсан. Тухайн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Английн шигшээ баг хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй багийн нэгт зүй ёсоор тооцогдож байлаа. Рүүнитэй хамт Майкл Овен хосолсноор хүчирхэг довтолгоотой болох байсан ч энэ хоёр хамтдаа ердөө дөрөвхөн минут тоглосон юм. Тэр тоглолт бол шөвгийн наймын тоглолт байлаа. Энэ тоглолтод Рүүни улаан хуудас авч, талбайг чөлөөлөн улмаар Англи хасагдсан юм. Түүний дараа бэртэл гэмтлийн улмаас Рүүни төдийлөн амжилт үзүүлсэнгүй. Тиймээс ч фанатуудаасаа хатуухан шүүмжлэл хүртэв.

2008 он. Рүүни дунд сургуулиасаа хойш үерхсэн Колеен МакЛолинтойгоо Италийн Генуа хотын нэгэн Католик сүмд гэрлэсэн билээ. Гэвч түүний тоглолт нэг л болохгүй хэвээрээ байлаа. Фанатуудынхаа сэтгэлд хүртэл тоглож чадахгүй байсан түүнийг гэр бүлийн асуудал, хамтрагч спонсоруудтай холбоотой асуудлууд зовоож эхэллээ. “Кока Кола” Рүүниг дараагийн маркетингийн хөтөлбөртөө оролцуулахаас татгалцаж, эхнэрээ жирэмсэн байх үед биеэ үнэлэгчидтэй холбогдсон гэх мэт олон түүнийг хямрааж байсан юм. Өнгөрсөн жил багаасаа явах хүсэлтэйгээ илэрхийлэхэд түүний төлөө олон том багууд үнэ хаяхад хүргэсэн ч багтайгаа таван жилийн гэрээг байгуулснаар асуудал намжсан юм. Энэ жилээс эхлэн хөлбөмбөгийн мэргэжилтэн, фанатууд “Цагаан Пеле” эргэн ирлээ гэхэд хүргээд байна. Английн Премьер лигийн таван тоглолтод есөн гоол оруулж, “Манчестер Юнайтед” таарсан өрсөлдөгч бүрээ илүүрхэн хожиж байгаад түүний хувь нэмэр их. Цаашид цагаан Пеле хичнээн гоолоор хөгжөөн дэмжигчдээ баярлуулж, хэчнээн хаалгачийг уйлуулахыг чөтгөр л мэдэх байх.

Б.Ойнбилэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж