Энэ сарын 18-нд Энэтхэгийн хойд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 50 хүн амиа алдаж наад зах нь 100 хүн гэмтэл бэртэл авсан тухай CNN-IBN мэдээлж байна. АНУ-ын Геологийн албаны мэдээгээр 6,9 магнитуттай газрын чичирхийлэлт орон нутгийн 18:10 цагт бүртгэгджээ. Сакким мужийн Гангток хотоос 72 км-ийн цаана 20 км-ийн гүнд газар хөдлөлтийн төв нь байлаа.
The Times of India сонины мэдээгээр эхний чичирхийллийн дараа 5,3-6,1 магнитутын хооронд хоёр чичирхийлэл дагалджээ. Үүнээс үүдэн хот суурины байр байшинд ноцтой гэмтэл гарчээ. Хохирлын бүрэн мэдээ гараагүй.
Энэтхэгийн газар хөдлөлт нь хөрш Бутан ба Балбад мэдрэгджээ. Үүнээс үүдэн Балбад гурван хүн амиа алдсанаас гадна Британийн Элчин сайдын яамны хана нурсан тухай ВВС мэдээлэв. Харин Agence France-Presse таван хүн үрэгдсэн гэж дамжуулжээ.
Ш.Мягмар
"Ардын эрх" сонин