Бүртгэл санхүүгийн албаны чуулган үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Бүртгэл санхүүгийн албаны чуулган үргэлжилнэ

Бүртгэл санхүү эдийн засгийн албаныханы тавдугаар чуулган өнөөдөр Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Чуулганд хот, хөдөөгийн санхүү бүртгэлийн салбарт ажилладаг 550 орчим албан хаагчид оролцож буй юм.

Сангийн сайдын тэмдэглэснээр Монгол Улсын эдийн засаг хурдацтай хөгжихийн хэрээр санхүүгийн үйл ажиллагаа үсрэнгүй дэвшилд хүрч буй таатай мэдээлэл байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилд гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний жилийн эцсийн үлдэгдэл  2010 оны эцсийн байдлаар 520 их наяд төгрөгт хүрч, 2007 оныхоос 42.8 хувиар нэмэгдсэн төдийгүй мөн энэ хугацаанд банкин дахь иргэдийн мөнгөн хадгаламжийн үлдэгдлийн хэмжээ 2.4 их наяд төгрөг болж 73.8 хувь, зээлийн үлдэгдэл 3.2 их наяд төгрөгт хүрч 58.7 хувь тус тус өссөн ажээ. Түүнчлэн банк санхүүгийн салбараар хязгаарлахгүй даатгалын салбар ч өргөжжээ. Жишээ нь даатгалын салбарын хураамжийн орлого 31.8 тэрбум төгрөг болж өнгөрсөн дөрвөн  жилд бараг 2.4 дахин, үүнээс даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ 8.8 тэр бум төгрөгт хүрч 2.6  дахин нэмэгдсэн мэдээлэл байна. Банк бус санхүүгийн бусад байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын хувьд өнгөрсөн дөрвөн жилд томоохон эрсдэл, сорилттой тулгарсан боловч үйл ажиллагааных нь  ашгийн түвшин  харьцангуй өндөр байгаа нь эрсдлийг даван туулж чадсаны бодит илрэл болж байгаа юм.

Чуулганы төгсгөлд оролцогчид зөвлөмж гаргана. Энэ удаагийн чуулган Монгол Улсад санхүү, эдийн засгийн алба үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд болж буй тул, оролцогчид өндөр ач холбогдол өгч оролцож байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж