Гишүүдийн тоог нэмэх шаардлага бий юу?

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Гишүүдийн тоог нэмэх шаардлага бий юу?

Удахгүй УИХ-ын намрын чуулган эхэлнэ. Чуулганы хамгийн түрүүнд хэлэлцэх асуудлын жагсаалтад Сонгуулийн хууль багтаад буй. Уг хуулийн төслийг боловсруулах явцад гараад буй албан бус олон саналуудын дотор УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх тухай ч бий. Ардын эрх сонин өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр УИХ-ын Х.Наранхүү, Я.Батсуурь, Ц.Сэдванчиг, Д.Одбаяр нарын гишүүдээс парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлага бий юу гэх асуултаар байр суурийг нь хүргэж байсан. Өмнөх удаад энэхүү асуудалд байр сууриа илэрхийлсэн гишүүд татгалзсан болоод дэмжсэн байр суурь тэнцүүхэн байсан бол энэ удаад дэмжиж буй байр суурь давамгайллаа. “Гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв үү” гэсэн асуултад тэд ийнхүү байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл: Энэ нь олон асуудлын зангилааг тайлж болох юм

-Монгол орон бол Үндсэн хуулиараа парламентын засаглалтай орон. УИХ-ын бүтэц, бүрэлдэхүүнийг харж үзэх цаг нь болсон байна. УИХ 76 гишүүнтэй байна гэсэн тоог 20 жилийн өмнө тогтоосон. Хүн ам, сонгогчдын тоо 1990 оноос хойш 20 хувиар, нийслэлийн хүн ам гурав дахин өссөн байна. Цөөн намууд байсан бол одоо 20-иод нам улсын бүртгэлтэй болж, зургаан мянган иргэний нийгмийн байгууллагууд ажиллах боллоо. Нийгмийг хөдөлгөгч хүчнүүдийн төлөөллийг УИХ-д багтаах боломжгүй байна. Улс төрийн болон иргэний нийгмийн байгууллага, эмэгтэйчүүдийн төлөөлөл парламентад хангалттай байхгүй байгаа нь эдгээр байгууллагууд парламентын гадна голдуу үйл ажиллагаа явуулж, УИХ-тайгаа сөргөлдөх байр сууринаас асуудалд ханддаг нөхцөлийг бүрдүүлээд байгааг хэн хүнгүй харж байгаа байх. Мөн УИХ-ын гишүүдийн тоо цөөн байгаа явдал нь шаардлагатай байнгын хороодыг байгуулах замаар хяналтын үүргээ биелүүлэх боломж хомс байдаг. УИХ-ын гишүүдийн ирц цөөн юм шиг харагддаг, хууль батлах үед цөөн гишүүн байгаа мэт санагддаг. Энэ байдлаас болж иргэд парламентад эргэлзэх байдал гардаг. УИХ-ын гишүүдийн тоо, бүтэц олон олон асуудлын зангилааг тайлж болох юм. Ийнхүү гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг одоогийн УИХ-ын гишүүд өөрсдийн эрх ашгийн төлөө хийж байна гэсэн явцуу жижигхэн бодлоор хардах биш, парламентын төлөвшил болон төрийн тогтолцооны байдлыг бүхэлд нь харвал энэ хандлага мэдрэгдэх болно.


Г.Баярсайхан: Олон хүний үзэл бодол, эрүүл шүүмжлэл гарч ирнэ

 
-Миний хувьд энэ саналыг буруу зүйл гэж харахгүй байгаа. Гишүүдийн тоог нэмс­нээр залуус, эмэгтэйчүүдийн квотыг нэ­мэх бололцоотой. Мөн гишүүдийн тоо 94 болсноор муу тал байхгүй. Харин ч олон хү­ний үзэл бодол эрүүл, шүүмжлэл гарч ирнэ.


Ж.Сүхбаатар: Гадны нөлөөнөөс хамаарал багатай болох байх

– Олон улсын жишгээр манайх улс шиг 3.0 сая орчим хүн амтай орны Парламент 100 орчим, түүнээс дээш гишүүнтэй байдаг билээ. Миний хувийн бодлоор 99 гишүүнтэй байхад  гадны нөлөөнөөс хамаарал багатай болох байх. Ингэснээр нийгмийн олон төлөөллөөс сонгогдож, зөвшилцлийг эрэлхийлдэг. Зөв зохион байгуулалт шаарддаг учраас хуумгай шийдвэр гаргах нь бага. Гишүүдийн тоог нэмэх замаар өнөөгийн УИХ-д бүтцийн өөрчлөлт хиймээр санагддаг.


Су.Батболд: Судлаачид 108 орчим хүнтэй байвал зохистой гэдэг

-Манайхтай ойролцоо 2.5-5 сая хүн амтай улсын парламент 80-120 гишүүнтэй байх юм шиг байна. Энэ байдлаас харахад манай парламент цөөн гишүүнтэйд тооцогддог ба ийм улс ч цөөхөн. Манай зарим гишүүн, судлаачид одооных шиг нэг танхимтай парламентад 108 орчим хүнтэй байвал зохистой гэдэг. Хэрвээ энэ хэвээрээ нэг танхимтай парламенттайгаа байвал гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж хүмүүс үздэг.

Х.Тэмүүжин: Асуудлыг энэ маягаар шийднэ гэвэл увайгүй явдал











-Манай парламент хэтэрхий жижигхэн. Манайх шиг 2.5-3 сая хүн амтай улс орны парламент 100-150 гишүүнтэй байгаа. Мөн парламентын гишүүний тоо  цөөн байх тусам Засгийн газраа  хянах чадваргүй болдог. Эдгээрийг шийдэх зорилгоор парламентыг томруулъя гэж байгаа бол байж болох хувилбар. Харин одоо байгаа бүлэглэл эрх мэдлээ өөртөө авч үлдээд, асуудлыг энэ маягаар шийднэ гэсэн тооцоогоор хийх  гэж байгаа бол арай шударга бус, увайгүй явдал гэж хэлэх байна. Энэ удаагийн  парламентын гишүүдийнхээ тоог нэмнэ гэдэг санал гарахаас илүүтэй ядаж сонгуулийн тогтолцоогоо  шинэчилж, сонирхлын зөрчлийн хуулиа батлах хэрэгтэй. Ингэсний дараа гишүүдийнхээ тоогоо нэмье гэж ярьж болно.


Д.Очирбат: 76-гаа 108 болгоход гэмгүй

-Миний хувьд 108 гишүүн байвал л зүгээр байх. Монгол ёс заншил, уламжлалаа бодсон ч их өлзийтэй тоо. Бүр болдоггүй юм гэхэд 76-гаа 108 болгочход ч гэмгүй. Тэгэхгүй бол нэг дүүргийн асуудлыг нэг гишүүн хамаардаг. Ингэхээр улс орны хөгжлийн асуудлыг хэлэлцэх үү, дүүргийн болохгүй байгаа тэр зүйлийн араас хөөцөлдөх үү гэдэг асуудал гарч ирнэ. Аль болох сонгогчдодоо ойртох, тэдний саналыг авах, үгийг нь сонсох тал дээр гишүүдийн тоог нэмэх л хэрэгтэй. Үүнд огт эмзэглэх асуудал байхгүй. Иргэдийнхээ төлөө зорьсон, улс орноо гэж байгаа улсуудыг хийх зүйлийг нь хийлгэх л ёстой байхгүй юу.

Б.Мандах

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж