“Монголчуудын хувьд хятадыг харах цонх нь эрээн хэвээр байх болно”

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

“Монголчуудын хувьд хятадыг харах цонх нь эрээн хэвээр байх болно”

Монгол Улсаас Эрээн хотод Консулын төлөөлөгчийн газар байгуулагдсаны 15 жилийн ой өнгөрсөн бямба, ням гаригт тохиосон. Энэ ойн арга хэмжээний үеэр Монгол Улсаас Эрээн хотод суугаа консул С.Батхуягтай уулзаж ярилцлаа.

-Монгол Улсаас Эрээн хотод Консулын төлөөлөгчийн газар байгуулагдаад 15 жил өнгөрч. 15 жил нэг талаасаа хэдийгээр нялх ой ч, нөгөө талаасаа их хугацаа. Эрээн бол Монголтой хамгийн ойрхон худалдааны түнш. Энэ утгаараа танай  кон­сулын газар Хятадыг зорьж яваа олон мянган монгол иргэнд мэдээллийн самбар болж чадаж байна уу?

-1996 оны намар БНХАУ-ын Эрээн хотод анх удаа Монгол Улсын Консулын газар байгуулагдсан. Тухайн үед Монгол Улс чөлөөт зах зээлийн нийгэмд ид шилжиж, эдийн засгийн багагүй хямралтай байсан үе шүү дээ. Олон мянган монгол иргэн гадаадаас дотоодод бараа зөөж авчирдаг байсны нэг нь Эрээн. Монголтой хамгийн ойрхон худалдааны түншлэгчийн хувьд тэр үед консулын газар нээгдэнэ гэдэг том үйл явдал гэж дүгнэхэд буруудахгүй юм. Анх Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар Эрээн дэх салбар нэртэйгээр нээгдэж байсан гэдэг. 2006 онд Консулын газар бие даасныг Хятадын Гадаад харилцааны яамнаас зөвшөөрснөөр манай Консулын газар бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ  боомт  анх 1992 онд  зөвхөн хилийн худалдааны чиглэлээр  нээгдэж байлаа. Гэтэл өнөөдөр хи­лийн худалдааны хэмжээ нийт бараа эргэлтийн маш бага хувийг эзэлж байна.  Консулын газар нээгдэхээс өмнө Монголын иргэд худалдаа наймаа хийхээр Эрээнийг зориход багагүй хүндрэл тулгардаг байсан гэдэг. Мөнгө төгрөгөө хулгайд алдах, дээрэмдүүлэх явдал цөөнгүй гардаг ч тэр бүр эрх ашгаа хамгаалуулж чаддаггүй байсан.  Тэгвэл Эрээнд Монголын Консулын газар байгуулагдсанаар иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэнд эрх зүйн туслалцаа үзүүлэх, туслах үйл ажиллагаа явуулдаг болсон. Манай Консулын газарт Замын-Үүд, Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол аймгийн тойрогт багтдаг зургаан боомт хамаардаг.  Эдгээр боомтууд дотроос Замын-Үүд Эрээний боомт  ачаа барааны эргэлт ихтэй. Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газар цөөн хүчээр, үүргээ нэр төртэй биелүүлж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Манай Консулын газрыг өнөөдрийн зэрэгтэй хүргэхэд БНХАУ-д суугаа үе үеийн Элчин сайдууд,   хотуудад суугаа үе үеийн Ерөнхий консулуудын хүч, нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл багагүй хувь нэмэр оруулсан гэдгийг онцлон хэлэх нь зүйн хэрэг байх.

-Монголын олон зуун иргэн Эрээнээс бараа зөөж, амьдрал ахуйгаа залгуулж яваа. Ингэхэд Эрээний боомтоор хичнээн сая долларын барааны эргэлт урсан өнгөрч байгааг сонирхож болно биз дээ. Жилд Монголын хичнээн иргэн Эрээн хотод ирж байна вэ?

-Эрээний боомтоор  эргэлдэж бай­гаа ачаа бараа жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Үүнийг тоон утгаар илэрхийлбэл толгой эргүүлсэн олон тоо нурших хэрэгтэй болох байх.

-Зүгээр. Сонирхолтой санаг­даж байна?

-Тэгэхээр тоймлож хэлбэл,  өнгөр­сөн жилийн байдлаар 1.4 сая зорчигч энэ боомтоор зорчсон бол энэ оны хагас жилийн байдлаар 900 мянган зорчигч зорчоод байна гэсэн тоо баримт бий. Урьдчилсан тооцоогоор энэ оны эцэс гэхэд уг боомтын бараа эргэлтийн хэмжээ 10 сая ам.долларт хүрэх төлөвтэй байгаа. Түүнчлэн Замын-Үүд-Эрээний боомтоор улсын хилээр өдөрт дунджаар 490-500 суудлын машин, 70-80 ачааны машин нэвтэрдэг гэсэн судалгаа бий.  Замын-Үүд Эрээний боомт бол БНХАУ-д орох үүд хаалга хэвээр байх болно. Учир нь Эрээн-Замын- Үүдийн боомт бол манай хоёр орны хамгийн том төмөр замын болон авто замын боомт юм. Миний хувьд, Эрээн боомт бол худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа төдийгүй олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх найрамдалт харилцааны үүд хаалга гэж боддог. Ийм чухал боомт хотод байгуулагдсан нь энэ 15 жилийн хугацаанд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хөг­жилд ялангуяа орон нутаг болоод ард иргэдийн хоорондын харилцаанд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.

-Цаашид танай консулын газ­раас ямар ажил хийх гэж байна. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулахын тулд юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Хилийн боомтын хамтын ажил­лагааг гүнзгийрүүлж, нэвтрэх хүчин чадлыг дээшлүүлэх механизмыг илүү боловсронгуй болгох нь бид бүх­ний хамтын  ажиллагааны зорилт юм. Монгол Улсын Засгийн газраас батал­сан уул уурхайн болон шинэ бүтээн байгуулалтын төсөлд Хятадын талаас хөрөнгө оруулах, хамтарч ажиллах явдал жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Үүнийг дагаад Монголд бизне­сийн ажлаар зорчих, ажиллах, аялах хүмүүсийн тоо ч жил ирэх тусам өсч байна. Үүнд манай Консулын зүгээс тал бүрийн дэмжлэг туслалцааг үзүүлж ирлээ.  

-Өнгөрсөн 15 жилийн хуга­цаанд иргэдийн худалдаа наймаа­ны  төрөлд өөрчлөлт орсон болов уу. Нэг хэсэг Эрээнээс ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад Монгол руу нийлүүлэгддэг байсан шүү дээ?

– Нохойн битүү туурай хүртэл нийлүүлэгддэг байсан юм биш үү. За, энэ бол наргиан шүү. Мэдээж, худалдаа наймааны төрөл, хэмжээнд өөрчлөлт оролгүй яахав. Ерээд оны эхэн үед дандаа бөс бараа, хүнсний бүтээгдэхүүнийг монголчууд Эрээнээс импортолдог байсан. Гурил, будаа, төмс, хүнсний ногоо, чихэр жимс гээд л. Одоо бол харьцангүй өөр болсон. Хүнсний ногооноос илүү бөс барааг монголчууд Эрээнээс нийлүүлэх нь ихэссэн байна лээ. Харин Монголоос нэг хэсэг арьс шир, ноос ноолуур Эрээн рүү экспортолдог байсан бол өнөөдөр зэс, төмрийн баяжмал, нүүрсийг экспортолж байна.  Энэ оны эхний улиралд 855,4 мянган тонн ашигт малтмал хил, гаалийн хяналт шалгалтад хамрагдан  Хятад  улс руу Эрээний боомтоор дамжин экспортлогдсон байна. Үүнийг төрлөөр нь авч үзвэл төмрийн баяжмал 77 хувь, зэс, молибдены баяжмал 14 хувь, нүүрс гурван хувь, хайлуур жоншны баяжмал  гурван хувь, бусад ашигт малтмал гурван хувийг эзлэж байна. Нийт импортын бараа бүтээгдэхүүний  дөнгөж 16  хувийг хүнсний бүтээг­дэ­хүүн эзэлж байна гээд бод.

-Эрээн, Замын-Үүд хоёрын хөгжил тэнгэр газар шиг хол зөрүүтэй. Сүүлийн үед Эрээн маш хурдацтайгаар хөгжиж байна. Ор­чин үеийн барилга, байгуу­ламжууд өдрөөс өдөрт сүндэрлэж бай­на. Гэтэл Замын-Үүдийн хөг­жил бахь байдгаараа л байна шүү дээ?

-Эрээн хот өдрөөс өдөрт хөгжин дэвшиж байгаа гэдэгтэй санал нэг байна. Энэ нь орон нутгийн засаг захиргааны бодлогоос хамаардаг болов уу.  Улам бүр даяаршиж байгаа өнөөгийн дэлхий ертөнцөд дэлхийн улс орнуудын хөгжил бие биенээсээ улам бүр хамааралтай болж байна. Нээлттэй, жижиг, эмзэг эдийн засагтай, далайд гарцгүй манай улсын хувьд гадаад хүчин зүйлийн нөлөө илүү их мэдрэгддэг. Өөрийн эдийн засгийн эмзэг байдлыг багасгах зорилгоор гадаад орнуудын улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын бодит сонирхлыг Монгол Улсад бий болгох,  гадаад үйл ажиллагааны эдийн засгийн өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн   “Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг  боловс­руулан хэрэгжүүлж байна.  Гадаад харилцааг эдийн засагжуулах тухай асуудал нь шинэ зүйл биш.  Үе үеийн Засгийн газар ярьж, зорьж байсан сэдэв. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд гадаад харилцааны оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, гадаад харилцааны төсвийн зарцуулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, Гадаад харилцааны яам, түүний системийн байгууллагын ажилтнуудын эдийн засгийн сэтгэлгээг цаг үетэйгээ нийцүүлэх явдал гэж үзэж байгаа. Товчоор хэлбэл, эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэхдээ улс төрийн харилцааны өнөөгийн төвшинд тул­гуур­лах, ингэхдээ нийгэм, эдийн засгийн бодит салбаруудыг хөгжүүлэх явд­лыг хамтын ажиллагааны гол үр дүн болгож дүгнэнэ гэсэн үг юм.

-Эдийн засагт суурилсан гадаад харилцааны хөтөлбөр хэрэг­­жүүлж байгаа гэлээ. Яг үнэн­дээ энэ хөтөлбөр хэр үр дүнгээ өгч байгаа бол. Үнэхээр Монгол Улсад ашигтай хөтөлбөр байж чадах уу?

-Хөтөлбөрт гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, хоёр болон олон талт хамтын ажиллагаа, хөгжлийн зээл, тусламж, эх орноо гадаад зах зээлд таниулах гэсэн эдийн зас­гийн дипломат үйл ажиллагааны  таван үндсэн чиглэлийг тусгасан. Хөтөл­бөрийг боловсруулахдаа улс ор­ны эдийн засгийн өсөлтөд түлхэц өгөхүйц үндэсний хэмжээний төсөл, санаачлагуудыг тусгах зорилт тавьж, тэдгээрийг аль улсын техник, технологи, банк санхүүгийн байгууллагын орол­цоо, дэмжлэг туслалцаатайгаар хийвэл зохистой вэ гэдгийг бодолцсон.  

-Хоёр орны  боомтуудын хоо­­рон­дын худалдаа наймааны хүрээнд  гардаг бэрхшээл хүнд­рэлийг арилгахад чиглэсэн ямар арга хэмжээ авч байна вэ?

-Хөрш орнуудтай хийж буй хил худалдааны үйл ажиллагаа нь манай гадаад худалдаанд бага хувийг эзэлдэг боловч орон нутгийн, ялангуяа төвөөс алслагдсан нутгийн ард иргэдийн аж амьдралд хил худалдаа онцгой нөлөө үзүүлдэгийг харгалзан, түүнийг дэмжин өргөжүүлэх бодлогыг барим­талж ирсэн.   Хил худалдаа гэдэг ойл­­голт нь хоёр талын хил залгаа орон нутгийн хооронд арилжааны журмаар  хийгдэж буй худалдааг хэлэх бөгөөд олон улсын болон улс хооронд хийгддэг  гадаад худалдааны дэг жаягийг хөнгөвчилсөн, хил, гааль, татвар, тээврийн хөнгөлөлттэй нөхцөл олгогддогоороо онцлог юм. Гэвч үүнд олон улсын болон тухайн улсын худалдаанд тавигдах үндсэн шаардлага, тухайлбал, барааны чанар, стандарт, эрүүл ахуй, хорио цээ­рийн нөхцөл зэрэгт тавих хяналт шалгалтыг сулруулна гэсэн ойлголт байж таарахгүй.  Одоогийн байдлаас харахад түр болон улирлын шинжтэй боомтуудаар хийгдэж буй худалдаанд хяналт тавих бүтэц, механизм боловсронгуй бус, хүн хүчний хүрэлцээ муу, техник, тоног төхөөрөмжийн хангамж хүрэлцээгүй зэргээс шалт­гаалан эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн орж ирэх, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гарах ёстой бараа, бүтээгдэхүүн хууль бусаар хил давуулах үйлдэл мэр сэр гарсаар байгааг анхаарах ёстой.

Энэ худалдааг өргөжүүлэхэд хам­гийн түрүүнд шаардагдах хүчин зүйл бол боомтыг хөгжүүлэх явдал юм. Боомтын тоо олон болсноор хил худалдаа нэмэгдэнэ гэж ойлгож болох­гүй. Боомтоор нэвтрэх зорчиг­чид, бараа бүтээгдэхүүний урсгалыг нэмэгдүүлэхийн тулд гааль, хил хяналтын байгууллагуудын үйл ажил­лагааг хөнгөн шуурхай болгох, дэд бүтцийг сайжруулж боловсронгуй бол­гох зайлшгүй шаардлагатай байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс, БНХАУ-ын хилийн дагуу 12 боомт ажиллаж байгаагаас дөрвөн боомт нь олон улсын шинжтэй, байнгын, найман боомт хоёр талын шинжтэй, түр боомт байна. Цаашид зарим боомтуудыг байнгын ажиллагаатай болгох, ажиллах цагийг уртасгах зэрэг арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  

-Сүүлийн жилүүдэд Монгол Улсаас БНХАУ-д суралцах оюу­тан, сурагчдын тоо нэмэгдэх болсон. Эрээнд гэхэд л монгол хүүхдүүдэд зориулсан дунд сур­гууль байдаг шүү дээ. Өнөөдрийн байд­лаар Эрээн хотод хичнээн монгол иргэн ажиллаж амьдарч байна?

-Өнөөгийн байдлаар БНХАУ-ын 60 гаруй хотын 208 их, дээд, дунд сургуульд манай улсын 6000 гаруй оюутан, сурагч суралцаж байна. Эдгээр оюутнуудын ихэнх нь Бээжин, Шанхай, Тяньжин, Наньжин, Хөх хот, Чанчунь зэрэг хотуудад суралцдаг. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын боловсролын салбарт туслалцаа үзүүлсээр ирсэн бөгөөд Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутан, мэргэжил дээшлүүлэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
Монгол, Хятадын харил­цаа, хам­тын ажиллагаа бүх л салбарт өргөжин хөгжиж буй энэхүү чухал үед хоёр орны харилцааны хөгжил болон өөрийн улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц өргөн мэдлэг, боловсролтой боловсон хүчнийг бэлтгэх асуудалд манай Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч байна.

Монголын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн сургахад БНХАУ-ын Засгийн газраас болон ӨМӨЗО-ны Засгийн газраас тэтгэлэг олгож буйд бид нэн талархалтай байдаг бөгөөд энэ бол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны ирээдүйд оруулж буй үнэт хөрөнгө оруулалт гэж үздэг.Эрээн хотод 700 гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч байна.  Тэд ихэвчлэн нийтийн хоол,  хиамны цех, тээвэр зууч гэсэн үйлчилгээний чиглэлээр  үйл ажиллагаа явуулж байна. Энд амьдарч байгаа монголчуудаас харахад гэр бүлээрээ байгаа иргэдийн амьжиргаа сайн байна.  Эрээн хотод хоёр сургууль байдаг. Энд манайхаас 300 гаруй хүүхэд суралцаж байгаа.  Энд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тоо цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна.  

-Консул хүнийхээ хувьд Хятад Монголын эдийн засгийн цааш­дын харилцааг хэрхэн дүгнэж байна. Эрээн Монголын хамгийн ойрхон, худалдааны түнш хэвээр байж чадах болов уу?

-Сүүлийн жилүүдэд хоёр талын хооронд өндөр, дээд төвшний харилцан айлчлал тогтмолжиж байгаа нь Мон­гол, Хятадын харилцаа, хамтын ажил­ла­гааг хөгжүүлэхэд чухал түлхэц өгч байна. Хоёр улсын харилцаа сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд бүх салбарт тогтвортой өргөжин хөгжиж ирсэн нь харилцааны төвшинг стратегийн түншлэлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн юм. Монгол, Хятадын харилцааны өнөөгийн төвшинд сэтгэл өндөр байдаг. Харилцааны цаашдын хэтийн төлвийг ч  өөдрөгөөр харж байна. Хоёр улсын харилцаа харьцангуй өндөр төвшинд хүрсэн ч гэсэн цаашид хоёр тал хамтран хийж гүйцэтгэх ажил их байгаа. Бид стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг хоёр орны ард иргэд үр дүнг нь шууд мэдрэх бодит хамтын ажиллагаагаар хэрхэн баяжуулах вэ гэдэг дээр илүү анхаарч ажиллах юм. Хөрштэйгээ, түүний дотор БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх явдлыг манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл хэмээн бид тодорхойлдог. Энэ онд шинэчлэн батлагдсан Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд энэ заалт хэвээр тусгагдсан нь манай улсаас БНХАУ-тай тогтоосон харилцаандаа онцгой ач холбогдол өгдгийн нотолгоо болсон.  Монгол, Хятадын харилцаа, түүний дотор худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тасралтгүй өргө­жиж буй нь хоёр улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд таатай  хүчин зүйл болж ирлээ. Эрээний боомт  монголчуудад хойшид ч Хятадыг тольдох цонх хэвээр байж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Ж.Нямсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж