Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, “Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбат анх удаа өөрийн бие даасан тоглолтыг эх орондоо хийх гэж байна. Түүний тоглолт ирэх аравдугаар сарын 27-29-нд “UB Palace”-ын концертын их танхимд болох юм. Тэрбээр тоглолтдоо “Цагаан хар цагаан”, “Immortality” цомогт багтсан төгөлдөр хуурын уран бүтээлээс гадна “Чинбаа” цомогт орсон дуунаасаа тоглохоор бэлтгэж байгаа гэнэ. Мөн сонгодог хөгжмийн болон үндэсний симфони найрал хөгжимчид оролцох төдийгүй “Sweetymotion” хамтлагийн “Number One” тоглолтод оролцож байсан Lamar Jones, Benjamin Johnson нар оролцохоор болжээ. Харин Монголоос “Хурд” хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаяр оролцох гэнэ. Тоглолтын бас нэгэн гэнэтийн бэлгийг задлахад, “Sweetymotion” хамтлаг уран бүтээлээрээ бэлэг барихаас гадна Хөгжим бүжгийн коллежийг хийлч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн авьяаслаг гурван бүсгүй хөгжмийн зохиолч Б.Чинбатын хөгжмийн бүтээлийг тоглож сонирхуулах юм. Харин тоглолтын зохион байгуулагчаар “On’ Off Production” ажиллаж байгаа аж.
Б.Чинбат хамгийн сүүлд “Аравт” түүхэн уран сайхны киноны хөгжмийг бичсэн бөгөөд удахгүй цомог болон худалдаанд гарах юм. Мөн сонирхуулахад Б.Чинбат сонгодог урлагт дуртай үзэгчдэд зориулж жинхэнэ сонгодог тоглолт хийхээр төлөвлөөд байгаа сурагтай. Ямартай ч түүний сюрприз дүүрэн тоглолт удахгүй болох нь ээ.
М.Дөл