Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол хөгжимчин, “Мемори поп” оркестрыг үүсгэн байгуулагч, Гавьяат жүжигчин, хийлч Л.Мөнхцэцэг уран бүтээлийн тайлан тоглолт хийх гэж байна. Түүнийг хөгжимд хайртай үзэгчид Муниа нэрээр нь илүүтэй мэднэ. Тиймээс ч сонгодог урлагт 40 жил амьдралаа зориулсан хийлч Л.Мөнхцэцэг “Violin & Munia” хэмээх анхны бие даасан тоглолтоо энэ сарын 24-нд /2011.09.24/ Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт хийхээр болжээ. Тоглолтод дэлхийд алдартай Ennio Morricone, Vangelis, Consuelo, Velazquez, Astor Piazzolla, V.Monte, G.Gershwin, A.Vivaldi, W.A.Mozart зэрэг хөгжмийн зохиолчид “Beatles”, “ABBA”, “Queen” хамтлагийн уран бүтээл болон Монголын нэртэй хөгжмийн зохиолч Б.Шарав, З.Хангал, Ж.Чулуун нарын уран бүтээлээс эгшиглэх гэнэ. Харин тоглолтын ерөнхий удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, ерөнхий найруулагчаар Е.Сарантуяа нар ажиллах бол Гавьяат жүжигчин, хийлч Л.Алтанцэцэг, Соёлын тэргүүний ажилтан, төгөлдөр хуурч Л.Энхцэцэг, төгөлдөр хуурч С.Алимаа, Гавьяат жүжигчин, дуучин Т.Болд, С.Мөнгөнцэцэг, дуурийн дуучин Б.Эрдэнэтуяа, Ө.Уянга, Г.Шижирболд, залуу дуучин Ц.Хулан, Э.Хишигдаваа нар оролцох юм. Хатан хийлийн эгшигт аялгуунд уярах энэ үдэш хөгжимд дуртай үзэгчид УДБЭТ-т түр саатаарай.
М.Дөл