Өнгөрсөн тавдугаар сард шатахууны үнэ ойр ойрхон давтамжтайгаар хоёр гурван ч удаа өссөн. Эхлээд 50 төгрөгөөр, дараа нь 80, тэгээд 100 төгрөг гэхчилэн сар хүрэхгүйн хугацаанд хэд хэдэн удаа нэмэгдсэн шатахууны үнэ одоохондоо тогтвортой байгаа. Хэрвээ хэн нэгний лоббигоор Газрын тосны газар нь хөдөлж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь хайцаалчихгүй л бол шүү дээ. Нефть импортлогчид нь үгсэн хуйвалдаад, үүнийг нь холбогдох байгууллагууд нь наашаа харж уйлж, цаашаа харангаа даган баясаад л дэмжчихгүй бол ОХУ газрын тосны гаалийн татвартаа өөрчлөлт оруулсан ч энэ манайд нөлөөлөхгүй гэдгийг албаны хүн онцлов.
Есдүгээр сарын 1-нээс ОХУ-ын нефть болон нефтийн бүтээгдэхүүний экспортын гаалийн татвартаа өөрчлөлт оруулж буйгаа зарласан. Тус улс газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг 5,9 ам.доллараар өсч, 444,1 ам.доллар болгоод байгаагаа экспортлогч орнууддаа мэдэгдсэн юм. Үүнтэй зэрэгцээд Монголд шатахууны үнэ өсч магадгүй хэмээн импортлогчид хувийн тоглолтоо хийж эхэлсэн билээ. Гэхдээ тэдний яриа төдийлөн газар аваагүй юм. Өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүний экспортын гаалийн татвар нэг тонн нь 438,2 ам.доллар байсан бол өнөөдрийн байдлаар 1,34 хувиар өссөн байгаа. Түүнчлэн татварын хөнгөлөлтийн хэмжээ нэг тонн нь 201 ам.доллароос 205,1 ам.доллар болж өссөн аж. Харин Монгол Улсын дотоодын зах зээлд нэг литр дизель түлш 1750, Ай-92 1560 төгрөгийн үнэтэй байгаа. Оросуудын зүгээс газрын тосны гаалийн татварт оруулсан өөрчлөлт Монголд ямар ч нөлөөгүй хэмээн мэдэгдсэн гэнэ. Тиймээс энэ сард хуучин үнээрээ Монголын компаниудад нефть нийлүүлсэн байна. Цаашдаа хуучин үнээрээ нийлүүлнэ гэсэн гэх мэдээллийг Газрын тосны газраас өгсөн. Эндээс харахад Орос яагаад монголчуудад саймшрах болов, эсвэл импортлогчид өнгөрсөн хавар ихээхэн хэмжээгээр шатахууны үнийг нэмсэндээ ханасан уу гэдэг сонирхол татаад байгаа юм.
ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Шматкогийн шатахууны экспортын гаалийн татварыг өнгөрсөн хугацаанд бараг 90 хувиар нэмэгдүүлсэн талаараа дурдаж харин цаашид аажмаар бууруулах бодлого барих тухайгаа хэвлэлийнхэнд дуулгажээ. Мэдээж, шатахууны хувьд Оросоос хараат манай улсад ноён Сергейт Шматкогийн мэдэгдэл тааламжтай сонсогдож байга нь тодорхой.
Оросууд нефтийн бүтээгдэхүүний экспортын гаалийн татвар нэг тонн нь 444,1 ам.доллар болгосон нь Монголын дотоодын зах зээлд зарагдаж буй шатахууны үнийг нэмэгдэх шалтгаан болж чадахгүй байгаа гэнэ. Шатахууны үнэ тогтвортой байна гэдэг сайхан хэрэг. Эдийн засгийн суурь инфляцид нөлөөлдөг энэ бүтээгдэхүүний үнэ хэрхэн савлах нь бүх зүйлд, бөс бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэд хамааралтай. Тиймээс оросуудыг дагаад шатахууны үнийг өсгөхгүй байгаа нь сайн хэрэг ч юм л бол далим гаргаж, үнийг хөөрөгдөж, өсгөж үржүүлэх дуртай импортлогчид энэ удаад чимээгүй нь байгаа нь учир жанцантай юм байх. Эх сурвалжийн өгүүлснээр өнгөрсөн хавар хомсдол нэрийн дор шатахууны үнийг хангалттай нэмсэн гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, байж болох хэмжээнээс илүү шатахууны үнийг нэмсэн учраас шатахууны үнэ цаашид төдийлөн нэмэгдэхгүй байх бололтой. Тэгэхээр ОХУ газрын тосныхоо үнийг хэрхэн нэмэхээс Монголын шатахууны салбар үнийн өөрчлөлтөө хийдэггүй, хүссэн үедээ л хүссэн хэмжээгээрээ нэмдэг нь тодорхой болжээ. Өнгөрсөн хавар манай импортлогчид шатахууны үнийг ойр ойрхон давтамжтайгаар нэмсэн нь оросуудаас болоогүй юм байна гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлээд байна. Тэгэхээр 1+1=2 гэдэг математикийн ерөнхий ойлголтоор биш импортлогчдын төлөвлөгөөгөөр зохиогддог шатахууны бодлого шал өөрөөр өрнөдөг нь илэрхий. Тэдний бизнесийн “бодлого”-д бид харин хэлмэгддэг нь худал биш.