жил Дулааны хоёрдугаар цахилгаан станцыг түшиглэн коксон шахмал түлшний
үйлдвэр барьж, нийслэл хотын “шүдний өвчин” болоод байгаа агаарын
бохирдолыг 30 хувиар бууруулна гэж байсан ч энэ нь талаар өнгөрөв
бололтой. Учир нь коксон шахмал түлшийг хийх тоног төхөөрөмж болон
түүхий эдийн хомсдолоос болоод шаардлагатай хэмжээнд шахмал түлш
нийлүүлж чадахгүйд хүрчээ. Гэхдээ өнгөрсөн жил Сүхбаатар, Чингэлтэй,
Баянгол дүүргийн сонгогдсон хороонуудад тарааж байсан тогтолцоо үйлчлэх
аж. Эдгээр сонгогдсон хороонуудыг хязгаарлалтын бүс болгох бөгөөд түүхий
нүүрс шатааж байгаа айлуудыг хянах шалгагч нарыг ажиллуулахаар болжээ.
Өнгөрсөн жилээс ялгагдах онцлог нь гэвэл Баянгол дүүргийнхэнд шахмал
түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрхийн бичиг өгөх аж. Тийм
учраас энэ жилийн тухайд зөвхөн Баянгол дүүргийн хязгаарлалтын бүс
болсон 9, 10, 11, 16, 21, 22, 23 дугаар хорооны иргэд л хөнгөлөлттэй
авах эрхийн бичиг үйлчлэх юм байна.
Бас нэг онцлох зүйл гэвэл
энэ жилийн хувьд Баянзүрх дүүргийн 16 мянган өрх шахмал түлш түлэх
зориулалт бүхий зуухыг авах ажээ. Харин энэ ажлын биелэлт хангалтгүй
байгаа бөгөөд одоогийн байдлаар 13 иргэн л энэхүү зуухыг аваад байгаа
юм. “Энэ ажлын хангалтгүй байгаа нь “Мянганы сорилтын сан”-тай шууд
холбоотой гэж үзэж байгаа. Үүнээс болоод нийслэл, дүүргүүдийг ажлаа
хийдэггүй гэсэн буруу ойлголт иргэдэд төрж болно шүү дээ” гэж Баянзүрх
дүүргийн засаг дарга Б.Батзориг ярьж байлаа. Баянзүрх дүүрэг
хязгаарлалтын бүсэд ороогүй учраас тарааж байгаа зууханд түүхий нүүрс
түлэхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй гэнэ. Яваандаа хязгаарлалтын бүсэд
багтаагүй болон хязгаарлалтын бүсийн айл өрхүүдийг төвлөрсөн дулаантай
холбох ажил хийх бөгөөд энэ нь нийслэл хот утаанаас салах нэг үндэс
хэмээн албаны хүмүүс мэдэгдээд байна. Энэхүү ажлын хүрээнд Манбадацан
орчмын айлуудыг төвлөрсөн дулаантай холбох ажил 80 орчим хувьтай
байгаа ажээ.
Энэ жил тараахаар зэхээд буй шахмал түлшний
борлуулалт тааруу байгааг албаны хүмүүс хэлж байна. Уг нь энэ жил
шахмал түлш боловсруулахад нийт 50 сая төгрөгийг зарцуулсан гэх. Нийслэл
хотын хэмжээнд шахмал түлшний нөөц 10 хоног байгаа гэх мэдээлэл байгаа ч
Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд “Баянгол дүүрэг дээр энэ жил
шахмал түлш нийлүүлэх ажлыг түлхүү зохион байгуулна. Тийм ч учраас
хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрхийн бичгийг энэ дүүрэгт тарааж
байгаа. Ер нь бол коксон шахмал түлшний хүрэлцээ муу байгаа гэхдээ
Баянгол дүүрэгт он дуусталх хугацаанд хүрэлцэхүйц хэмжээний шахмал
түлшний нөөц бий” гэж хариулж байна. Харин хязгаарлалтын бүсэд багтаагүй
хороолол, дүүргүүдэд түүхий нүүрс түлж болох бөгөөд Сүхбаатар,
Чингэлтэй, Баянзүрх дүүргийн хязгаарлалтын бүсэд шахмал түлш хүрэлцэхгүй
бол түүхий нүүрс түлж болох ажээ. Нийслэл хотод тогтоосон хязгаарлалтын
бүсэд нийт 180 зуух хэрэгтэй бөгөөд эхний шатанд нийт 70 мянган шахмал
түлшний зуухыг тараахаар төлөвлөөд байгаа юм.
Нийслэлийн
удирдлагууд зөвхөн нүүрстэй тэмцээд байна уу гэвэл үгүй. Ямар ч байсан
авто машин болон тээврийн хэрэгсэлээс ялгарч байгаа утааг бууруулахад
тодорхой хэмжээний мөнгийг төсөвлөсөн байна. “Агаарын бохирдолд нөлөөлж
буй хүчин зүйлүүдийн нэг нь автомашинаас ялгарч байгаа утаа. Тиймээс
дуобусын тоог нэмэх хэрэгтэй гэж үзсэн. Шинээр дуобус үйлдвэрлэх ажилд
1,5 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа. Мөн том оврын тээврийн хэрэгсэлийг
дизель болон газ хосолсон моторыг суурилуулна гэж тооцоолж байгаа юм.
Энэ ажилд бид нийт 3,5 тэрбум төгрөг төсөвлөөд ажиллаж байна” гэж Цэвэр
агаар сангийн гүйцэтгэх захирал Н.Хүрэлсүх ярьж байсан юм.
Ямар ч
байсан энэ жилдээ шахмал түлшний нийлүүлэлт муу байх бөгөөд энэ жилийн
хувьд зөвхөн Баянгол дүүрэгт хөнгөлөлттэй үнээр шахмал түлш нийлүүлэх
юм байна. Зөвхөн Баянгол дүүргийг сонгох болсон шалтгаан нь гэвэл
өнгөрсөн жил сонгосон дүүргийн, тодорхой хороонуудад нэгдсэн тараах
ажлыг зохион байгуулж байсан үр дүнд хүрээгүй бөгөөд зөвхөн нэг хороон
дээр төвлөрч тараасан нь илүү үр дүнд хүрнэ гэж үзжээ.
Энэ жил Баянголчууд шахмал түлшинд санаа зовохгүй байж болох нь.