“Хуучин Сүхбаатар шинэ Сүхбаатар” болжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

“Хуучин Сүхбаатар шинэ Сүхбаатар” болжээ

“Монгол хүн 2020-Сүхбаатар” хэлэлцүүлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар аймагт болж өнгөрлөө. Хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь болон орон нутгийн Ардчилсан намын төлөөлөгчид оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “2008 онд анх намайг Сүхбаатар аймагт ирэхэд хог шороондоо дарагдчихсан. Хаана юу байгаа нь ч мэдэгдэхгүй. Дээрээс нь Ж.Батсуурь дарга хоёр сонгуульд өвдөг шороодчихсон сэтгэл гундуухан байсан ч эр зориг нь мохоогүй байсан. Тэгвэл тэр цагаас хойш өнөөдөр гуравхан жил өнгөрч байхад хот нь эмх цэгцтэй, өөрөө хийсэн ажилтай хэлэх үгтэй сууж байна. Би Ж.Батсуурь даргад, Сүхбаатарчуудад баярлалаа гэж хэлэхээр энд ирлээ. Тухайн үед Ж.Батсуурь Сүхбаатар аймгаа хөгжүүлэхээр их том, том юм ярьдаг байсан, түүнийгээ миний санаснаас илүү биелүүлж чадсан” гэсэн юм.

Харин “Монгол хүн 2020-Сүхбаатар” хэлэлцүүлэгт 500 гаруй төлөөлөгчид оролцож, аймаг орон нутгийнхаа хөгжлийн чиг хандлага, иргэн хүний өмнө тулгамдаж байгаа асуудал юу байгааг ярилцлаа. Иргэдийн ярьж буйгаар Монгол хүн, тэр дундаа сүхбаатарчууд эрх чөлөөтэй, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажилтай орлоготой, аюулгүй орчинтой амьдрах эхлэлийг тавьсан, “Одоо л хөгжлийнхөө зөв төлөвлөлттэй явж эхэллээ” гэж байв. Мэдээж хэрэг өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудлууд тус аймагт цөөнгүй болохыг ч илэрхийлж байлаа. Гэхдээ сүхбаатарчууд сэтгэл тэнэгэр, цэвэр аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр үе шаттай ажиллаж эхэлжээ.  Тус аймагт өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Нэг үгээр хэлбэл Ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгаа эдийн засгийн хувьсгал Сүхбаатар аймгаас эхэлсэн байна. Хэдийгээр байгуулагдаад 70 гаруй жилийн нүүрийг үзэж буй ч Баруун-Урт хот ардчилалтай зэрэгцэн эрийн цээнд хүрч, өнгө зүсээ өөрчилжээ. Аймгийн удирдлагын зүгээс хот төлөвлөлтийг шинэчлэн байгуулж, дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдэж өгсөн нь аймгийн иргэдийн талархалыг ихээр хүлээгээд байгаа аж. Хот төлөвлөлт, дэд бүтцийн асуудлыг шийдэхийн зэрэгцээ хаус хорооллын суурийг тавьж, гэр хорооллын хашааг нь хүртэл иргэддээ барьж өгч 0.7 га газрыг нь өмчлүүлжээ. Хаус хороололд 82 айлын орчин үеийн канад загварын хаус барихаар суурийг нь тавьжээ. Мөн бага,  дунд орлоготой иргэддээ зориулж, 25-30 м2 нэг өрөө нийтийн орон сууцыг 10.5 сая төгрөгийн урт хугацааны зээлээр олгож эхлээд байгаа аж. Эхний ээлжийнхэн байрандаа ороод байгаа бөгөөд дээрх сууцанд орох өрхийн тоо 360-д хүрэх юм.

Анхны түүхий эдийн бирж Сүхбаатар аймагт байгуулагдана

Тус аймагт махны үйлдвэр, хөдөө аж ахуйн бирж удахгүй ашиглалтад орохоор зураг төслийн дагуу ажил нь өрнөж байна. Махны үйлдвэр ирэх сарын 1-нд ашиглалтад орно. Тус үйлдвэр нь өдөрт 500 бог, 200 бод нядлах хүчин чадалтайгаас гадна 400 тоннын мах хадгалах зоорьтой аж. Харин хөдөө аж ахуйн бирж нь Монголд анх удаа тус аймагт байгуулагдаж байгаагаараа онцлог. Бирж байгуулах зардал болох дөрвөн тэрбум төгрөгийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам орон нутгийн төсөвтөө суулгасан бол үлдсэн хоёр тэрбум төгрөгийг хувийн хэвшлийн санхүүжилтээр босгожээ.
Бирж байгуулагдснаар мал болон малын гаралтай түүхий эд хэн нэгэн ченжийн гараар дамжилгүй төвлөрсөн нэг цэгээс эдийн засгийн эргэлтэд орж, олон шат дамжлага дамжиж малчдын хөрөнгө үнэгүйддэг байдал үндсэндээ үгүй болох ажээ.

Орон нутагт анх удаа бонд гаргажээ

Сүхбаатарчуудын хийсэн эдийн засгийн хувьсгалийн хамгийн том өөрчлөлт нь аймгуудаас анх удаа бонд гаргасан явдал юм. Тэд хоёр тэрбум төгрөгийн бонд гаргаж, аймгийнхаа төвд долоон км хатуу хучилттай зам тавихаар төлөвлөж байгаа аж. Сүхбаатар аймаг байгуулагдаад 66 жилийн нүүрийг үзсэн ч өдийг хүртэл зургаахан км хатуу хучилттай замтай байжээ. Харин Ж.Батсуурь дарга 2008 оны Орон нутгийн сонгуульд ялалт байгуулан төр барьж эхэлсэн гурван жилийн хугацаандаа долоон км хатуу хучилттай зам тавьсан байна. Харин дахин долоон км замыг бонд гарган тавих гэж буй нь энэ ажээ.
Энэ мэтчилэн сүхбаатарчуудаас сурах зүйл их байна. Аймгуудын нутгийн удирдлагууд жилд хоёр удаа олон улсаас туршлага судлахаар хилийн дээс алхдаг ч ирээд хэрэгжүүлдэг ажил тун ховор. Тэгвэл олон улсаас биш орон нутгаас туршлага судлах боломжийг сүхбаатарчууд хэдийнэ бүрдүүлж чаджээ.

 

Г.ДАРЬ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж