
“Цэцэг” зочид буудлын ресторанд хоол идсэн 60 гаруй хүний 14-өөс нь хордлогын шинж тэмдэг илэрч, эмчийн хяналтад байгаа гэх мэдээлэл цацагдаад байна. Хордлогын шинж тэмдэг илэрсэн иргэдийн биеийн байдал хэвийн бөгөөд эмчийн зөвлөгөөний дагуу гадуур байгаа аж. Энэ талаар “Цэцэг” зочид буудалд байрлах рестораны менежер И.Алтанцэнгэлээс тодруулахад “Манайд хоол идээгүй. Гадуур хооллож байгаад хордсон” хэмээн дээрх мэдээллийг үгүйсгэж байна. Харин ХӨСҮТ-ийн Сургалт мэдээллийн албаны дарга Ч.Уртнасангаас тодруулахад, “Хоолноос хордсон байх шинж тэмдэг илэрсэн зургаан хүн ирж үзүүлсэн. Бөөлжсөн, гүйлгэсэн шинж тэмдэг илэрсэн юм билээ. Манай эмч нар үзээд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж үзэн, зөвлөгөө өгөөд явуулсан. Одоогоор хоолонд хордсон гэх шинжилгээний хариу гараагүй байна. Тэд зочид буудлын рестораны хоолноос идсэн юм билээ” гэх хариулт өглөө. Шинжилгээний хариу ирэх баасан гаригт гарах юм байна. Хоолны хордлого авсан гэх хүмүүс хөдөө орон нутгаас нийслэлд семинарт оролцохоор ирсэн иргэд аж. Тэдний 170 нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Сансарт байрлах “Цэцэг” зочид буудалд байрлаж байжээ.
С.Отгон