Амлалт нэхэх ард түмний холбооноос өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлгэв. Хурлын үеэр тус холбооны зохицуулагч, сэтгүүлч Г.Уянга, орон нутаг, нийслэлийн гишүүд, оролцогчдынхоо хамт саяхан болж өнгөрсөн тус холбооны хурлын талаар товч танилцуулсан юм. Тэрбээр “Сүүлийн үед ард иргэдийн дунд тус холбоог тарсан хэмээх цуу яриаг эрх баригчдын зүгээс тараасан ч тийм зүйл огт болоогүй. Тус холбоо нь өнгөрсөн жил маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсны үр дүнд өнөөдөр эх баригчид сонгуулийн өмнө амласан 21, 70, 50 мянга гээд бүх мөнгүүдийг тарааж эхэлсэн. Мөн Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн гишүүд дэмжигчдийн оролцоотойгоор Сүхбаатарын талбайд томоохон цуглаанаа хийж, төр засагт дуу хоолойгоо хүргэж чадсан. Тус холбоо нь ямар нэгэн намыг дэмжихгүй бөгөөд сонгууль болтол эх баригч намуудын амласан амлалтыг сануулах ажилдаа идэвхтэй орно” хэмээв. Түүнчлэн саяхан болж өнгөрсөн хурлаараа сар бүр ард түмний амлалт нэхэх өдрийг зохион байгуулж байхаар тогтсон гэнэ. Амлалт нэхэх өдрийнхөө товыг хэвлэл мэдээллээр эргэн мэдээлнэ гэв.
Амлалт нэхэх ард түмний холбооныхон аймаг, аймгаас нэр дэвшин гарсан тойргийн гишүүд болон Засаг дарга нарын амлалтаар үзэсгэлэн гаргаж, ажлыг нь ард түмэнд дэлгэн амлалтыг нэхнэ гэдгээ ч хэлсэн юм. Тэд зөвхөн УИХ-ын 76 гишүүнээс амлалтыг нь нэхээд байгаа бус нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд, орон нутгийн ИТХ-ын гишүүд, аймгуудын Засаг дарга гээд нэгж бүхний амлалт хэрхэн хэрэгжиж байгааг үнэн бодитоор мэдээлнэ гэдгээ дуулгав.
А.Зул