Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын V зөвлөгөөн салбар хуралдаанаар үргэлжилж байна. Тухайлбал, “Монгол Улсын банк, санхүүгийн тогтолцоо, цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдэвт салбар хуралдаанд Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаарх баримтлах 2012 оны бодлогын баримт бичгийг танилцууллаа. Төв банк мөнгөний бодлогодоо инфляцийг ирэх онд нэг оронтой тоонд барихаар тусгажээ. Тойруудуу амлалт өгөөд байгаа нь нэг ёсны инфляцийг хөөрөгдөх шалтгаанууд олон байх төлөв гарч буйтай холбоотой аж. Тухайлбал, ирэх аравдугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин болоод тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэхэд, энэ нь хувийн хэвшлийн салбарт тодорхой хэмжээгээр дарамт учруулж, инфляци үүсгэх юм байна. Мөн ирэх жил УИХ-ын сонгууль болно, улстөрийн намууд амлалтаа хэрэгжүүлэх хүрээнд 2012 оны нэгдсэн төсвийг хэлэлцэх үеэрээ хөрөнгө оруулалтын зардал хийгээд төсвийн урсгал зардлыг нэмэх төлөв харагдаж буй. Гурав дахь бодит хөөрөгдөл нь дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ өндөр байх төлөв гарч байгаа аж. Өөрөөр хэлбэл, инфляци гадаадаас импортлогдон орж ирэх магадлал өндөр юм байна. Учир нь хойд хөршид нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөнгүүт түүнийг дагаад Монгол Улсад өргөн хэрэглээний бүхий л бараа, бүтээгдэхүүний үнэ өсдөг. Мөн гадаад зах зээлээс шалтгаалах хоёр дахь том хүчин зүйл нь хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш өсөх хандлагатай байгаатай холбоотой аж. Хэдийгээр Монгол Улс энэ намар 420 мянган тонн улаан буудай хураан авна, төмс, хүнсний ногоогоо дотоодынхоо хэрэгцээгээр 100 хувь бүрэн хангана гэсэн өөдрөг мэдээллүүд хэвлэлийн хуудаснаас дурайж буй ч, энэ нь төдийлөн дотоодын зах зээлд эергээр нөлөөлж чадахгүй бололтой. Гадаадаас хамаарах гурав дахь томоохон хүчин зүйл нь юанийн чангарал аж.
Мөн жил бүрийн хавар махны үнэ өсдөг. Махны үнийн өсөлтөөс шалтгаалж инфляци бас “үйлдвэрлэгддэг”. Тиймээс энэ бүх хүчин зүйлүүдийг урьдчилсан байдлаар тооцоолон Монголбанк инфляцийг ирэх онд нэг оронтой тоонд барих төлөвлөгөө барьжээ.
Г.Дарь