“Төр ба иргэн” өдөрлөг Төгрөг суманд ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

“Төр ба иргэн” өдөрлөг Төгрөг суманд ирлээ

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах
зорилготой “Төр ба иргэн” өдөрлөг өнөөдөр Өвөрхангай аймгийн Төгрөг
суманд үргэлжилж байна. Өдөрлөгийн үеэр УИХ-ын дэд дарга Г.Батхүү
УИХ-аас баталсан хууль, тогтоомжуудын талаар иргэдэд мэдээлэл өгч, санаа
бодлыг нь сонслоо. Иргэдийн хувьд тэр дундаа малчид УИХ-аас баталсан
“Монгол мал” хөтөлбөрийг цаг үеэ олсон чухал хөтөлбөр болсон гэдгийг
сайшааж байна. Гэхдээ сум бүрт байгуулагдаад байгаа Мал эмнэлэг үржлийн
газрын үйл ажиллагааг идэвхижүүлэхгүй бол улсаас хий баахан хөрөнгө
цацаж, гурван хүн улсаас зүгээр цалинжаад суудаг болчих вий гэдэг дээр
нэлээд болгоомжилж байна. Мөн Түүхий эдийн биржийн тухай хуулийг сайшааж
буй юм. Мал аж ахуйгаас гарч байгаа түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд
оруулахын тулд биржээр дамжуулах нь зүйн хэрэг боловч, түүнд оролцох
малчид өнөө хэр нь бирж гэж чухам юуг хэлээд байгаа. Түүнд ямар эрх
үүрэгтэйгээр оролцох, ямар шалгуур хангасан байх ёстой вэ гэдэг олон
асуудлыг мэдэхгүй сууж буйгаа нуусангүй.  Тиймээс энэ асуудлаар нэгдсэн
ойлголт өгөх шаардлага бийг малчид онцолж, УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээс
нэлээд мэдээлэл авч чадав.  

Түүнчлэн УИХ-аас жил гаруйн  өмнө
Тавантолгойн ордыг ашиглах тогтоол батлагдаж, Засгийн газраас өнгөрсөн
хавар иргэн бүртээ “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас 536
ширхэгийг үнэ төлбөргүй олгохоор болж, зарим иргэд хувьцаагаа нэрийн
дансандаа шилжүүлээд буй. Тэгвэл Өвөрхангай аймгийн сумдын иргэдийн
хувьд энэ талаарх ойлголт бараг байхгүй, учраа олохгүй сууна. Харин “Төр
ба иргэн” өдөрлөгийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, мөн Үнэт
цаасны төлбөр тооцооны төвийнхөн орон нутагт ажиллаж буй юм. Тэд сумын
иргэдийн  “Эрдэнэс тавантолгойн” 536 ширхэг хувьцааг нь нэрийн дансанд
нь шилжүүлэх ажлыг зохион байгуулж, энэ талын мэдлэг мэдээллээр хангаж
байгаа нь хөдөөгийнхний хувьд хамгийн их олз дагуулсан араг хэмжээ болж
байна. Гэхдээ малчид  “Эрдэнэс тавантолгойн” хувьцаа хэзээ ашгаа өгч
эхлэх вэ гэдгийг хамгийн их сонирхож байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж