“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр Нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос “Ажлын хүч үү, ажлын байр уу” уриан дор Хөдөлмөрийн чуулганыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж буй талаар мэдээлэл хийлээ. Чуулган есдүгээр сарын 20-нд буюу маргааш өглөө 09.00 цагт “Чингис” зочид буудалд эхэлнэ. Гүйцэтгэгч талууд болон хөдөлмөр эрхлэлтэд оролцдог бүх дүүргийн төлөөллүүд оролцож, хөдөлмөр эрхлэлтийн талаар баримталж буй бодлого, чиглэл болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам өөрсдийн байр сууриа илэрхийлэх аж. Мөн олон улсын хөдөлмөрийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар олон улсын байгууллагын зүгээс илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна. Өнгөрсөн онд зохион байгуулсан анхдугаар чуулганаар эрдэмтдийг төрийн бодлого чиглэл гаргадаг арга хэмжээнүүдэд оролцуулдаг болсон. Үүний хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн орчин үеийн чиг хандлагын талаар доктор, профессор н.Содномдорж энэ удаагийн чуулганд өөрийн хэлэлцүүлгийг тавих юм байна. Мөн нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Нийслэлийн хөдөлмөрийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэл хийх гэнэ. Эл чуулганы гол зорилго нь хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон, төрийн бус байгууллагууд, нэн ялангуяа ажил олгогч иргэд, иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх, түүний дагуу ажилгүйдэл, ядуурлыг хэрхэн бууруулах талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон Нийслэлийн төр захиргааны байгууллага, Ажил олгогч эздийн холбоо олон улсын хөдөлмөрийн байгуулагын төлөөллүүд болон үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллүүд байр сууриа илэрхийлсэн илтгэлийг тавьж хэлэлцүүлэх аж. Чуулганаар өнөөгийн нийгэмд ажиллах хүч олдохгүй байна уу, ажлын байр илүү байна уу, хомсдол хаана байгааг тэргүүн эгнээнд хэлэцэхээр төлөвлөжээ. Мөн энэхүү чуулганаар хөдөлмөрийн харилцаанд орж байгаа хөдөлмөрчин хүн ажил эрхлэлтийн талаар хэрхэн ажиллаж байгаа талаар ярилцана.
Түүнчлэн Нийслэлийн Тамгийн газартай хамтраад Нийслэлийн үйлдвэрчний холбооноос санаачилж, “Хөдөлмөрийн соёлын аян”-г нийслэлийн өдрүүдийн хүрээнд зохион байгуулахаар болжээ. Аяны хүрээнд тус чуулганаас гарах шийдвэрийг хэрэгжүүлэх болон нийслэлд хөдөлмөрийг хэрхэн соёлтой байлгах талаар нэлээд ажил зохион байгуулах санаачилга гарган түншлэл байгууллагуудтайгаа тохирон ажиллаж байгаа аж.
А.Зул