В.Путин атаархаж, А.Меркель гомдов

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

В.Путин атаархаж, А.Меркель гомдов

Италийн Ерөнхий сайд Силвио Берлускони Германы Канцлер Ангела Меркелийг “хэн ч тоохооргүй гахайн өгзөг” хэмээн нэрлэжээ. Тэрбээр өн­гөрсөн долоодугаар сард биеэ үнэлэгчидтэй холбож өгдөг зуучлагчтайгаа утсаар ярьж байхдаа ийн хэлсэн байна. Харин тэрхүү утасны ярианы бичлэг нь хэвлэлийнхний гарт орсны харгайгаар түүний хэлсэн үгийг хүн бүхэн мэддэг болов. Одоогоос гурван жилийн өмнө С.Берлускони АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг “наранд харлачихсан” хэмээн доромжлон хэлснийг нь мөн л хэвлэлийнхэн олж илрүүлсэн юм. Хэлсэн үг, хийсэн үйлдлээ бусдаас нууцалж чадаагүйнхээ харгайгаар С.Берлускони италичуудын ирээдүйг үгүй хийж орхив бололтой. Ингэхээ мэдсэн аястай тэрбээр Италийг “Өөдлөхгүй орон” хэмээн цоллож орхижээ. Түүний энэ яриа нь мөн л утасны бичлэгт үлдсэн байна.

Евро бүсийн орнуудын өрийн хямрал даамжирсаар байгаа. Хямралд нэрвэгдсэн хамгийн сүүлийн орон нь одоогийн байдлаар Итали болчихоод байна. Тиймээс тус улс нэн даруй Европын холбооноос санхүүгийн тусламж авах шаардлагатай болсон. Герман, Франц тэргүүтэй орнууд ч энэ асуудлыг хэлэлцэж эхэлсэн билээ. Харин ийм эгзэгтэй үед С.Берлускони А.Меркелийг доромжлон ярьсан яриа нь олон нийтэд ил болж орхив. Тэгэхээр хэрэв хууль сахиулагчид хэвлэлийнхний дэлгэсэн энэхүү мэдээлэл үнэн гэдгийг нотолбол А.Меркел “гомдсондоо” Италид санхүүгийн тусламж өгөхгүй ч байж мэдэх юм.

Өдгөө 74 настай С.Берлусконитой холбоотой хэргүүд сүүлийн үед шил, шилээ даран хөврөх болж. Хамгийн сүүлд түүнийг 17 настай тайчигч охинд мөнгө төлж, бэлгийн харилцаанд орохыг шаардсан нь илэрсэн. Мөн зуучлагчаар дамжуулан биеэ үнэлэгчидтэй холбоо тогтоож, бүхэл бүтэн сүлжээ байгуулсныг нь Италийн хууль хяналтынхан шалгаж байгаа билээ. Их хэмжээний авлига авсныг нь нотлох баримтууд ч олдох болж. Одоогийн байдлаар түүнийг татвараас зайлсхийсан, насанд хү­рээгүй охиныг садар самуунд уруу татсан, авлига авсан хэмээн буруутгаж, түүний эсрэг дөрвөн хэрэг үүсгээд байгаа аж. Энэ бүх мэдээлэл цацагдсан нь олон улсын санхүүгийн зах зээлийн арилжаанд нөлөөлж, Италийн Засгийн газрын бондын хүүг өсгөх болсон. Үүнтэй зэрэгцээд тэрбээр өнгөрсөн долоо хоногт төсвийн зардлаа 54 тэрбум еврогоор танахаа мэдэгдсэн. Энэ нь мэдээж хэрэг, нийгмийн халамжийн салбарт хамгийн их нөлөөлөх юм. Харин С.Берлускониг эсэргүүцсэн италичууд Ром хотод томоохон хэмжээний жагсаал зохион бай­гуулжээ. Түүний хувьд барцадтай өдөр хоногууд үргэлжилж байна.

С.Берлускони анх Ерөнхий сайд болонгуутаа Засгийн газрын гишүүдийнхээ тал хувийг дан эмэгтэйчүүдээр бүрдүүлж байв. Түүний танхимын сайд нар дунд Италийн миссийн тэмцээнд орж байсан бүсгүй ч багтсан юм. Чухам тэр үеэс л С.Берлускониг сайхан хүүхэнд “нугасгүй” гэдгийг дэлхий нийт мэдэж эхэлсэн юм. Ажил ихтэй учраас хүүгийнхээ 18 насны төрсөн өдөрт очиж чадаагүй С.Берлускони найзынхаа охины 18 насны төрсөн өдөрт зав гарган очиж, алмазан шигтгээтэй зүүлт бэлэглэж байжээ. Үүнд нь дургүйцсэн эхнэр нь С.Берлусконигоос салах өргөдлөө өгсөн юм.

Гэхдээ энэ бүх дуулианаас илүү­тэйгээр Италийн улс төрд дангаараа ноёрхсон С.Берлус­конигийн эрин үе дуусч, тус улсын сөрөг хүчнүүд түүнийг эсрэг нэгдэн нягтарч байгаа нь шинжээчдийн анхаарлыг хамгийн их татаж байна. Өөрөөр хэлбэл, Италийн улс төрд эргэлт гарж ч магадгүй болжээ.Түүнчлэн С.Берлусконийн эвсэл дотроо хагаралдаж эхэлж байгааг ажиглагчид онцолж байна. Гэсэн хэдий боловч тэрбээр 2013 онд болох сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн юм. Уг нь ажиглагчид түүнийг Италийн Хууль зүйн сайд Анжелин Альфанод халаагаа өгнө хэмээн таамаглаж байсан. Харин С.Берлускони ийнхүү албан тушаалаа бусдад хуваалцахыг хүсэхгүй байгаагаа мэдэгдэхийн зэрэгцээ түүний дахин нэг бичлэг олон нийтэд ил болсон юм. Тэрбээр “Би энэ чөтгөрийн ажлаас залхаж байна” хэмээн ярьж байжээ. Гэхдээ одоо асуудал дотоодоос хальж, олон улсын түвшинд яригдах болов.

С.Берлускони 2008 оны есдүгээр сард Их Британийн Ерөнхий сайд байсан Гордон Браун, Францын Ерөнхийлөгч Н.Саркози, Германы Канцлер Ангела Меркел нартай уулзсаныгаа “Хамгийн аймшигтай муухай үйл явдал” хэмээн нэрлэжээ. Ер нь түүний хувьд доромжлоогүй улстөрч үлдээгүй бололтой. Харин “Нөгөөдүүл нь С.Берлусконийн энэ занг мэддэг болохоороо тоохгүй орхих вий” гэх хошигнол Италийн хэвлэлүүдэд гарч байна. ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин өнгөрсөн баасан гарагт Сочи хотод болсон олон улсын хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр “Хүмүүс С.Берлусконид атаархсандаа болоод нэрийг нь сексийн дуулианд оролцуулж, түүнийг гоочилж байна” гэжээ. Энэ тухай “Риа Новости” агентлаг мэдээлсэн байна. “Атаархсан хүмүүс” дунд В.Путин өөрийгөө ч оруулсан байж мэдэх юм. Хэрэв тийм бол С.Берлускони В.Путинг бишрүүлж, харин Германы Канцлерийг гомдоож орхисон бололтой.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж