Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

“Өдрийн сонин”-ы ерөнхий эрх­лэгчийн зөвлөх, сэтгүүлч, нийтлэлч Ж.Гангаа сэтгүүл зүйд “шилдэг” нь гэдгээ өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт баталлаа. Тэрбээр “Хялга­нат талын цагаан зээр хар цээр биш ээ” нийтлэл, “Цагаан сараар л юм даг” тэмдэглэлээрээ Ц.Бал­дорж агсны нэрэмжит сэтгүүл зүйн дээд шагналын эзэн болсон юм. Ж.Гангаа нийтлэлч “Өдрийн сонин”-ыг үүсгэн байгуулагч Ж.Мягмар­сүрэнгийн төр­сөн дүү. Уг нь бол биеийн тамирын багш мэргэжилтэй юм билээ. Тэс хөнд­лөнгийн мэр­гэжилтэй хүн ахыгаа дагаад сэтгүүл зүйн салбарт хөл тавьчихсан хэрэг л дээ. Одоогоос 14 жилийн өмнө сониныхоо борлуу­лалтын албанд ажиллаж байсан бол таван жилийн дараагаас нь анхны нийтлэлүүдээ бичиж эхэлсэн гэдэг. Тиймдээ ч өөрийгөө “Сэтгүүл зүйн салбарт шинэвтэр хүн” гэж тодор­хойлж байсан удаатай. Ж.Гангаа нийт­лэлчийн энгийн үгээр, гоёж чамир­халгүй бичсэн нийтлэл, аян замын тэмдэглэлүүд уншигчдыг огтхон ч уйдаадаггүй юм. Тэрбээр багаасаа л ийш тийшээ аялах сонирхолтой байсан аж. Энэхүү сонирхол уран чадвартай нь нийлээд түүнийг аян замын тэмдэглэлийн төрөлд хамгийн шилдэг болгосон нь дамжиггүй. Аян замын тэмдэглэлийг түүн шиг сайн бичдэг хүн одоогоор байхгүй гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Явсан, үзсэн газраа үгээр зурж чаддаг болохоор тэр. Түүнд “Ахаараа бичүүлчихэж” гэж хэлүүлж байсан үе бий.  Гэхдээ ахыгаа дагасандаа биш авъяастайдаа өнөөдрийн алдрыг хүртлээ. Ж.Гангаа нийтлэлч тамхиа татаад муухай хараад суухаараа нэг юм дуулгадаг гэдэг. Харин түүний дараагийн аялал, аялалаас гарах үгэн зураг нь юу байх бол.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж