“Дүрмийн санг 16 тэрбум болгосон ч багадна”

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

“Дүрмийн санг 16 тэрбум болгосон ч багадна”

Монголбанкны зүгээс банкны секторт чиглэсэн олон шийдвэр гаргасан улиралууд өнгөрч байна. Тухайлбал, банкуудын дүрмийн санг нэмэг­дүүлэх шийдвэр гаргаад удаагүй байгаа. Мөн инфляцийн талаарх төсөөл­лүүд, түүнд уялдуулан бодло­гын хүүг нэмэгдүүлсэн талаар энд дурьдаж болно. Эдгээр үйл явдлуу­дын шилийг дарж ирэх оны мөнгөний бодлогыг авч хэлэлцэх ажил өнгөрсөн долоо хоногоос эхлэв.  “2012 онд баримтлах төрийн мөнгөний бодло­гын үндсэн чиглэлийг тойрсон асууд­лууд” сэдэвт хэлэлцүүлэгт Мон­голд үйл ажиллагаа явуулж буй бүх арилжааны банкны төлөөлөгчид оролц­сон юм.

Ирэх оны мөнгөний бодлогын хувьд төв банкнаас нам, тогтвортой инфля­цийн түвшин, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд суурилсан уян хатан валютын ханшийн бодлого зэр­гийг эдийн засгийн тогтвортой өсөл­тийн төлөө баримтлах аж. Мөн макро зохис­той бодлогын арга хэмжээ авах, тэр дундаа төсвийн зохистой бодло­год анхаарал хандуулахаар болж бай­гаа юм. Эдгээр арга хэмжээг авснаар өндөр инфляци банкуудын үйл ажиллагааг доголдуулах, бодит хүү, орлогын сувгийн эрсдэл, санхүүгийн тодорхой бус байдал үүсэхээс сэргийлэх боломжтой аж.

Мөнгөний бодлогыг танилцуулах үеэр банкны секторт харилцах, хадга­лам­жийн хувь, хэмжээ энэ онд өсөлттэй байсныг дурьдсан юм. Гэхдээ үүнийг Монголбанкны зү­гээс Банкин дахь мөнгөн хадгаламжид батал­гаа гаргах тухай хуультай холбон тайлбар­лаж байна. Уг хуулийн үйлчлэх хугацаа ирэх оны арваннэгдүгээр сарын 1-нээр дуусгавар болох юм. Мөн төв банкны захирлуудын зүгээс Монгол Ул­сад үйл ажиллагаа явуулж буй арил­жааны 14 банк бүгд дотоодын банк байгааг дурьдаж, гадны банкууд манай зах зээлд орж ирэх боломжтойг санууллаа.

Хурлын үеэр банкуудын төлөө­лөгчидтэй уулзахад ирэх оны мөнгөний бодлогод анхаарах шаард­лагатай гэдэгтэй санал нэгдэж байлаа. Мөн өнгөрсөн хугацаанд төв банкнаас авч хэрэгжүүлж буй ажлуудад эерэг дүгнэлт хийсэн юм.

Энэ талаар “Улаанбаатар хотын банк”-ны дэд захирал Ж.Эрдэнэ­билэгээс зарим зүйлийг тодрууллаа.

    
-Банкуудын дүрмийн санг нэмэгдүүлэх ёстой гэсэн шийд­вэрийг Монголбанкнаас гаргаад багагүй хугацаа өнгөрлөө. Танай банкны хувьд үүнийг нэмэгдүүлэх нь зөв гэж үзэж байна уу?

-Нэмэгдүүлэх нь гарцаагүй зүйл. Яа­гаад гэхээр санхүүгийн үйл ажил­лагаа явуулна гэдэг дүрмийн сангаас маш их хамааралтай. Одоо дүрмийн санг 16 тэрбум бол­гож нэмэгдүүлэх шаардлага  тавиад бай­гааг бид сайн мэднэ. Үнэн чанартаа энэ ч бас бага байгаа юм. Учир нь манай улсын хөрөнгө оруу­лалт нэмэгдэж байна. Зах зээлд мөнгө хэрэгтэй болоод байгаа шүү дээ. Үүнийг банкууд хан­гаж чадахгүй байгаагаас болж эрэлт давамгайлсан инфляци газар аваад байна гэж байгаа. Энэ нь банкируудад хандаж “Та мөнгөө нэмэгдүүлээч ээ” гэж хэлээд байна. Жишээ нь, найм­хан тэрбумын дүрмийн сантай байж 1.8 их наядын үнэлгээтэй хөрөнгөд баталгаа гар­гаад явж байгаа банкууд байна. Энэ нь өөрөө иргэдийн итгэл байгаа боло­хоор л ийм зүйл болоод байна. Чухам­даа ард иргэд итгээд байгаа учраас банк руу хөрөнгө татагдаж байгаа. Гэхдээ хэдий итгэлээ ч гаргасан мөнгө нь бага байна гэдэг нь олон улсын жишгээс хөндий зүйл юм.

-Та банкны зах зээл тэлэх ёстой гэж хэлсэн. Тэр ярианд тань энэ дүрмийн санг нэмэгдүүлэх асуудал ч хамаатай юу?

-Тэгэлгүй яахав. Ер нь санхүүгийн зах зээлийн гол тоглолт өрнөж байгаа газар нь банк. Банкууд өөрс­дөө мөнгөгүй байж яаж тоглох юм. Яаж өргөжих юм. Тэгэхээр өөрийнх нь мөнгө буюу дүрмийн санг нэмэгдүүлэх нь банкын секторт чухал.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж