Орос ирэх жил ДХБ-д гишүүнээр элсэх үү?

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Орос ирэх жил ДХБ-д гишүүнээр элсэх үү?

Орос улс Дэлхийн худалдааны байгууллагад /ДХБ/ элсэх тухай олон жил
үргэлжилсэн асуудал үр дүнд хүрч, 2012 онд тус байгууллагын бүрэн эрхт
гишүүн болно хэмээн Дэлхийн банкны Оросын асуудал эрхэлсэн тэргүүлэх
эдийн засагч Желько Богетич мэдэгджээ. Дэлхийн банк сүүлийн үед
хэлэлцээний  явц эрчимтэй урагш ахиж байгааг үндэслэн ийм дүгнэлт хийсэн
байна. Тус улсын төрийн Думын санхүүгийн зах зээлийн асуудал эрхлэсэн гишүүн, Бүс нутгийн банкуудын холбооны Ерөнхийлөгч Анатолий Аксаков  “2012 онд Орос улс ДХБ-д элсэх бололтой. Учир нь АНУ-аас энэ саналыг дэмжсэн. Оросыг ДХБ-д элсүүлснээр зөвхөн тус улс төдийгүй  Америк-Оросын түншүүд ч бас  хожих учир дэмжсэн байх. Нэг талаас ОХУ бол ДХБ-д өдийг хүртэл элсээгүй яваа томоохон эдийн засагтай ганц улс юм” хэмээжээ.

 Гэхдээ зарим шинжээч Дэлхийн банкны өөдрөг саналыг тэр болгон дэмжихгүй байна. “Хэрэв Орос улс хэлэлцээний  явцыг энэ оны дундаас  наана үр дүнд хүргэхгүй бол элсүүлэх асуудлыг хойшлуулж, Герман, АНУ зэрэг  улсад 2013 онд сонгууль явагдсанаас нь хойш шийдвэрлэнэ. ДХБ элсэх нь нэлээд улстөржсөн асуудал” гэж Оросын шинжээчид үзэж байна. Орос улс ДХБ-д элсэхэд махны импортын татварын хөнгөлөлт болон автомашин үйлдвэрлэл, угсралтын зарим асуудлыг Европын стандартад нийцүүлэн шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.

Гэхдээ бүх асуудлыг шийдвэрлэж, Европын Холбооны зүгээс харилцан найр тавьсан ч Гүрж ОХУ-ыг ДХБ-д элсүүлэх замд саад тотгор учруулж байна. Орос улсыг ДХБ-д элсүүлэх ажлын хэсэг Гүржид хуралдаж, хэлэлцээ үргэлжилж байна. Гүржтэй зохих тохиролцоонд хүрч чадахгүй бол ажлын хэсгийн гишүүн болох 60 улс шийдвэрийг шууд гаргана. Сайд нарын хэмжээнд хийдэг ДХБ-ын сүүлчийн  хуралдаан арванхоёрдугаар сард болно.

Э. Од

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж