“Ардчилсан засаглал” сэдвийн дор хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

“Ардчилсан засаглал” сэдвийн дор хуралдана

УИХ-ын даргын ивээл дор “Ардчилсан засаглалын туршлага боломж, сорилт” сэдвийн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон талаар холбогдох газруудаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах үүрэг хүлээсэн цаг үед болж буйгаараа онцлог аж. Учир нь Монгол Улс “Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнууд”-ын олон улсын тавдугаар бага хурлыг 2003 онд эх орондоо зохион байгуулж, энэ хурлаас хүлээсэн үүргийн дагуу улс орныхоо ардчиллын хөгжил засаглалын төлөв байдалд олон улсын аргачлалаар үнэлгээ дүгнэлт өгөх ажлыг амжилттай хийж иржээ. Мөн Монгол Улсын Их хурал 2005 онд Мянганы хөгжлийн зорилтуудыг батлах тухай тогтоол гаргахдаа “Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх” ес дэх зорилтыг нэмж баталсан юм байна. Энэ зорилгын хүрээнд хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хүндэтгэн сахиж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангаж, олон нийтэд мэдээллийг чөлөөтэй олж авах боломж олгох. Ардчиллын үндсэн зарчим, хэв маягийг амьдралд хэвшүүлэх, авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгмийн бүх хүрээнд бий болгон хэвшүүлэх гэсэн үндсэн гурван зорилт тавьжээ. УИХ тэдгээр зорилтын хэрэгжилтийг тооцож, үнэлэх шалгуур үзүүлэлтийг эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор боловсруулан баталж, хоёр жил тутам хэрэгжилтийн явц байдлын тухай тайланг сонсч ирсэн байна.

Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл,  зарим орны Элчин сайдын яамд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцох аж. Мөн Франц, Япон, БНХАУ, Австри зэрэг оны их сургуулийн эрдэмтэн багш нар дэмжин оролцож, 30 орчим илтгэл тавих юм байна.

Дашрамд сануулахад, энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлыг Удирдлагын академи санаачилж, УИХ-ын Тамгын газар, АНУ-ын Хавайн их сургууль, Герман улсын Потсдамын их сургууль, Тайландын вант улсын Хөгжлийн удирдлагын үндэсний институтууд хамтран зохион байгуулахаар болжээ.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж