”Улс төр” ба ”Төрийн нууц”

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

”Улс төр” ба ”Төрийн нууц”

"Шүүхийн шинэтгэл" булан, хуульч О.Алтангэрэл

Бусад улстай найрсаг харилцаатай байна гэж дипломат харилцаа тог­тоож, олон улсын эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөхөө үндсэн хуу­линдаа хүртэл тунхаглачихаад таг­нуултай байхын учир юусан билээ хэмээн зарим хүмүүс эргэлздэг. Бусад улс орны гадаад дотоод бодлогыг тан­даж, цэрэг зэвсэг, аж үйлдвэрийг нь судлаж, эх оронруугаа мэдээ зөөх нь бүх улсын хувьд гэмт хэрэгт тоо­цогдоно, тийнхүү тагнуул хийсэн гадаадын иргэнийг хүндээр шийтгэнэ, үгүй ядахдаа л өөрийнхөө тагнуулаар соли­но. Гэсэн хэдий ч дэлхий дахинд тагнуулын үйл ажиллагаа улам эрчим­жиж, илүү өргөн цар хүрээг хамарч байгаа нь хэнд ч илэрхий байна. Өдөр болгон шахуу л “Хятад АНУ-ын сөнөөгч онгоцтой адилхан онгоц үйлдвэрлэлээ”, “АНУ-д Оро­сын тагнуул баригдлаа”, “Хойд Солон­го­сын талд мэдээ зөөсөн өмнөд Солонгосын тагнуулыг илчил­лээ”, “эх газрын Хятадад мэдээлэл дам­жуулсан Тайваны албан тушаалтныг баривчиллаа” гэх зэрэг мэдээ дэлхий дахинд цацагддаг.

Айл өрх бүрт бусдад мэдэгдүү­лэхийг хүсдэггүй нууц байдагтай нэгэн адил улс болгонд өөрийн гэсэн нууц бий. Өндөр хөгжилтэй улсуу­дад шинжлэх ухааны судал­гаа, бүтээлүүд болон нарийн техноло­гуудаас авахуулаад нууцлах зүйл маш олон байдаг бол аливаа улс орон ялгаагүйгээр төрийн бодлого, га­даад харилцаа, үндэсний аюулгүй бай­далтай холбоотой бүхий л мэдээллээ нуу­цалдаг. Үүний зорилго нь маш энгийн, тухайн улс үндэстэн гадны зүй бус нөлөөлөл, хатуухан хэлбэл төрөл бүрийн халдлагаас ангид байх, үндэст­нийхээ эрх ашгийг бусад үндэст­нүүдээс хамгаалах явдал байдаг. Дэлхий даяаршиж байна гэсэн үзэл сүүлийн хэдэн жилд маш хүчтэй яригдаж байгаа ч олон суд­лаачид харин ч эсэргээрээ улс орнууд улам хаалттай болж, хүйтэн дай­ны үеэс ч илүүтэйгээр цэрэг зэвс­гээр хөөцөлдөж, хамгийн гол нь мэдээл­лийн дайн хийж байна хэмээн үзэж байна. Мэдээллийн дайны гол цэргүүд нь өнөөх тагнуулчид. Тэд нууц мэдээ баримт цуглуулахаас гадна нууцад хамаа­рахгүй асуудлуудыг нэгтгэж, дүн шинжилгээ гаргадаг. Зорилго нь мөнөөх л эх орны төлөө юм. Эх оронч үзэл, үнэнч байдал зэрэг нь таг­нуулч хүнд маш чухал. Учир нь ур­валт, тоомжиргүй зан улс оронд нь хор хохирол учруулна.

Монгол Улсын хувьд өндөр техно­логи, цэрэг зэвсгийн хэтийдсэн хүчин чадал үгүй ч гэсэн Азийн цээжинд хэт том хоёр гүрний дунд оршдог стратегийн үлэмж чухал байрлалтай, газрын хэвлийн асар их баялагтай, олон эрх ашгийн уулзвар болсон орны хувьд гадныхнаас нуух, гадны бодлогыг мэдэж, түүнд тохирсон бодлого явуулж үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах зайлшгүй шаардлагатай орон мөн. Товчхондоо тэд биднийг сонирхож байгаа нь илэрхий тул бид тэднийг мэдэж байх учиртай. Чингисийн худалдаачдыг занш­лаачид (тагнуулчдын нэр) хэмээн сэрдэж хөнөөсөн Хорезмийн султан, Хятадад мэдээлэл дамжуул­лаа хэмээн сэрдэж, өөрийн иргэнээ шоронд хорьсон АНУ-ын засгийн газар хоёрын хооронд найман зуу гаруй жилийн хугацаа байвч зорилго нь яг адилхан. Аль ч улс өөрийн нууцаа хууль, албадлага, тусгай хүч хэрэгслээр хамгаалдаг.

Хэдэн жилийн өмнө УИХ-ын ги­шүүн Л.Гүндалай “хятадын таг­нуул” хэмээн Ц.Нямдоржийг цол­­лож, сонин хэвлэлээр баахан мате­­риал тарааж, өөрөө ч ярьсан. Нуу­­цын зэрэглэлтэй материалыг уран зохиол шиг хэвлэж олон ч сонин борлогдсон. Гэтэл маш их хөрөн­гө хүч, түүнээс ч дутахгүй хичээл зүтгэлээр баримтжиж үлд­дэг, үйл ажиллагааных нь үе шат бүхэн цусаар бичигдсэн хуультай  мон­гол төрийн нууц ил болж, хөсөр хаягд­сан. Л.Гүндалай гуайд улс төрч хүний амбиц, сенсаац тарих хүсэл, магад­гүй “гадаадын тагнуул”-ыг илч­лэх гэсэн гэгээн зорилго ч байсан байж болно, гэхдээ тухайн үед түүнд “төрийн хар хүн”-ий холч ухаан дутагдаж дээ гэж эрхгүй бодогддог юм. Үр дүнд нь улс төр хөөцөлдсөн өвгөн генерал шоронд сууж, улс орон даяар хэрэлдсэн хоёр нь “Хүүхээ чи Гүн­далайгийн төрсөн өдөрт очих уу” гэсэн онигооны баатрууд болоод тө­рийн ордонд, их хурлынхаа танхимд сууж л байна.

Хуучин НАХЯ-нд ажиллаж байсан Л.Санжаасүрэн гуай Зайсанд байр­лах хорих 401-р анги руу цүн­хэндээ жижиг камер авч ороод Д.Энхбат аснаар яриулан бичлэг хийж олон нийтэд цацсан. Энэ үе хүртэл олон нийт Д.Энхбат гэдэг хүнийг төдийлөн мэддэггүй, эрүүгийнхэн болон хуулийнхан л “рецедив” хэмээ­дэг байсан бол үүнээс хойш “гадаа­даас хулгайлж авчирсан” түүхийг нь монголчууд сайн мэддэг болсон. Үүний ачаар элэгний хатуурал, ар­хаг астматай байсан,  урьд нь өвч­ний улмаас ял эдлэх боломжгүй хэ­мээн суллагдаж байсан тэр эр “там­лаг­даж үхсэн баатар” болон хувир­сан. Төрийн хууль бус үйлдэл, хүний эрхийг зөрчсөн нөхцөл байд­лыг олон нийтэд харуулсан нь Л.Сан­жаасүрэн гуайн гавьяа мөн ч гэсэн хуу­лиар хамгаалагддаг төрийн нуу­цыг хэн бүхэнд задруулсан нь гэмт хэрэгт тооцогдсон юм. Энэ үйл явдлын сүүдэр олон хүнийг дайрсан. Л.Санжаасүрэн гуайг хуучин хорих газрын дарга байсных нь хувьд итгэн Д.Энхбаттай ганцаарчлан уулзах боломж гаргаж өгсөн хорихын дэд дарга албан тушаалаасаа бууснаар эхэл­сэн үйл явц улам эрчимжиж өд­гөө Б.Хурц Германы шоронд сууж байгаа­гаар үргэлжилж байна.

УИХ-ын тамгын газарт ажиллаж байсан Ц.Жаргалсайхан төрийн нууц задруулсан хэргээр ял эдэлж бай­гаа. Гэхдээ тэмдэглүүштэй нь түүний хэрэг улс төрийн зорилго­той байгаа­гүй юм. Гадаад орны тагнуу­лын байгууллагын үйл ажиллагаанд өгөөш болсон түүний асуудал олон мянган төрийн албан хаагчдын хувьд төрийн нууцтай хэрхэн харьцаж бай­гаа, төрийн нууцын хадгалалт, хамгаа­лалт ямар түвшинд байгааг сануул­сан томоохон сургамж боло­хоор байсан. Харин өнөөдөр тэр­хүү явдлаас хэрхэн сургамж авч, амьдралд хэрэгжүүлж байгаа нь тодорхойгүй л байна. Саяхан ТЕГ-ын дарга Р.Болд нэгэн сонинд өг­сөн ярилцлагадаа “Ер нь иймэрхүү (тагнуулын) ажиллагаанд улс төрч­дийг оролцуулдаггүй. Улс төрч л оролцвол улсын нууц задардаг” хэмээгээд “Монголд төрийн нууцыг хамгаа­лах, хадгалах ажил хавтгайдаа сулар­сан” гэж дүгнэсэн байна.

Үнэхээр ч улс төрч хүн тухайн үеийн нөхцөл байдал, өрийнхөө амбицад хөтлөгдсөн алхам хийж, үүндээ төрийн нууцыг ашиглах нь туйлын хортой явдал мөн. Иймэрхүү алхам болгоны дараа монгол төрийн хүч суларч, үндэсний аюулгүй байдалд сэв сууна гэдгийг аль ч нам, улс төрийн хүчин ялгаагүй сайтар ойлгох нь зүйтэй юм. Дээр дурьдсанч­лан зөвхөн нууцын зэрэглэлтэй материалуудаас гадна төрийн үйл ажиллагааны өдөр тумын шинжтэй хэрнээ бусад этгээдийн сонирхлыг татахуйц мэдээ баримтууд олон бий. Эрдэс баялгийн болон хүний нөөцийн судалгаа, улс төрийн нам хүч­ний үйл ажиллагаа, төрөл бүрийн төсөл хөтөлбөр, тендерийн баримт бичиг гээд л хадгалж хамгаалбал зохих мэдээ баримтууд үй түмээрээ байна. Тэр болгоноос жирийн монгол иргэдийн амьдрал ахуй хийгээд улс орны ирээдүй шалтгаалж байдаг. Өнөөдөр гадны хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжил чухал, гэхдээ улс үндэстний оршихуйн асуудал түүнээс хэд дахин амин чухал аа.

Гадаадын үй олон төсөл, хөтөлбөр сүүлийн 20 жил эх оронд маань хэрэгжлээ. Монгол орны аймаг, сум болгонд сайн дурынхан, гадны зээл тусламжийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Томоохон судалгаа, шинжил­гээний ажлыг гадныхан хийж байна. Гэтэл ийм өргөн хүрээнд гадныхнаар судлуулаад байдаг улс орон манайхаас өөр олонгүй л болов уу. Хууль хүчнийхнээс авахуулаад бүхий л салбарынхан гадны мөнгөөр хэд хоно­гоос авахуулаад хэдэн сарын хугацаа­тай “мэргэжил дээшлүүлэх” зорил­гоор гадаадад зорчиж байна. Мэдээж хэрэг бүхэлд нь үгүйсгэх нь утга­гүй ч гэлээ энэ бүхэнд төрийн хяналт байгаа эсэхэд анхаарах цаг хэдий­нэ болсон.

Улс төрөөс улс орны амьдрал үлэмж ха­мааралтай. Ямар нам зас­гийн эрх барих, хэн Ерөнхий сайд, Ерөнхий­лөгч байх нь ард түмний амьдрал, эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал нөлөөтэй. Иймээс ч улс төр нь засаглахуйн төлөөх тэмцэл байдаг. Харин улс орныг засагла­хын төлөөх тэмцэлдээ улсын нуу­цыг ашиглах, үнэгүйдүүлэх нь эрхэм зорилгодоо харшилж буй хэрэг мөн. Өөрөөр хэлбэл үндэстнийхээ эрх ашигт хохирол учруулах аргаар тэдний­гээ сайхан амьдруулна гэдэг нь логикийн хувьд боломжгүй. Улс төрийн үйл ажиллагаа ардчилсан, нээлт­тэй байх ёстой гэдгийг бид ойлго­дог болсон. Харин нууж, хам­гаалж байж улс орныхоо эрх ашгийг бэхжүүлдэг зүйлс байдаг гэдгийг, түүнийг эрх мэдэлд хүрэх хэрэгсэл болгож болдоггүй гэдгийг ойлгох л дутаад байх шиг.

Викилийкс сайт хэдэн мянган нуу­­цын зэрэглэлтэй материалыг ил болго­сон нь дэлхийн олон улс оронд, тэр дундаа ардчиллын загвар гэгд­дэг АНУ-д нууцын хадгалалт, хамгаа­лалтын талаарх маш том сургамж болсон. Бэлээхэн жишээ байхад бид давтах ёсгүй, бас эрхгүй. Мөнгө, эрх мэдэл харж эх орноо худалдагсдад хариуцлагыг нь ямагт сануулж байх ёстой.

О.Алтангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж