Бусад улстай найрсаг харилцаатай байна гэж дипломат харилцаа тогтоож, олон улсын эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөхөө үндсэн хуулиндаа хүртэл тунхаглачихаад тагнуултай байхын учир юусан билээ хэмээн зарим хүмүүс эргэлздэг. Бусад улс орны гадаад дотоод бодлогыг тандаж, цэрэг зэвсэг, аж үйлдвэрийг нь судлаж, эх оронруугаа мэдээ зөөх нь бүх улсын хувьд гэмт хэрэгт тооцогдоно, тийнхүү тагнуул хийсэн гадаадын иргэнийг хүндээр шийтгэнэ, үгүй ядахдаа л өөрийнхөө тагнуулаар солино. Гэсэн хэдий ч дэлхий дахинд тагнуулын үйл ажиллагаа улам эрчимжиж, илүү өргөн цар хүрээг хамарч байгаа нь хэнд ч илэрхий байна. Өдөр болгон шахуу л “Хятад АНУ-ын сөнөөгч онгоцтой адилхан онгоц үйлдвэрлэлээ”, “АНУ-д Оросын тагнуул баригдлаа”, “Хойд Солонгосын талд мэдээ зөөсөн өмнөд Солонгосын тагнуулыг илчиллээ”, “эх газрын Хятадад мэдээлэл дамжуулсан Тайваны албан тушаалтныг баривчиллаа” гэх зэрэг мэдээ дэлхий дахинд цацагддаг.
Айл өрх бүрт бусдад мэдэгдүүлэхийг хүсдэггүй нууц байдагтай нэгэн адил улс болгонд өөрийн гэсэн нууц бий. Өндөр хөгжилтэй улсуудад шинжлэх ухааны судалгаа, бүтээлүүд болон нарийн технологуудаас авахуулаад нууцлах зүйл маш олон байдаг бол аливаа улс орон ялгаагүйгээр төрийн бодлого, гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдалтай холбоотой бүхий л мэдээллээ нууцалдаг. Үүний зорилго нь маш энгийн, тухайн улс үндэстэн гадны зүй бус нөлөөлөл, хатуухан хэлбэл төрөл бүрийн халдлагаас ангид байх, үндэстнийхээ эрх ашгийг бусад үндэстнүүдээс хамгаалах явдал байдаг. Дэлхий даяаршиж байна гэсэн үзэл сүүлийн хэдэн жилд маш хүчтэй яригдаж байгаа ч олон судлаачид харин ч эсэргээрээ улс орнууд улам хаалттай болж, хүйтэн дайны үеэс ч илүүтэйгээр цэрэг зэвсгээр хөөцөлдөж, хамгийн гол нь мэдээллийн дайн хийж байна хэмээн үзэж байна. Мэдээллийн дайны гол цэргүүд нь өнөөх тагнуулчид. Тэд нууц мэдээ баримт цуглуулахаас гадна нууцад хамаарахгүй асуудлуудыг нэгтгэж, дүн шинжилгээ гаргадаг. Зорилго нь мөнөөх л эх орны төлөө юм. Эх оронч үзэл, үнэнч байдал зэрэг нь тагнуулч хүнд маш чухал. Учир нь урвалт, тоомжиргүй зан улс оронд нь хор хохирол учруулна.
Монгол Улсын хувьд өндөр технологи, цэрэг зэвсгийн хэтийдсэн хүчин чадал үгүй ч гэсэн Азийн цээжинд хэт том хоёр гүрний дунд оршдог стратегийн үлэмж чухал байрлалтай, газрын хэвлийн асар их баялагтай, олон эрх ашгийн уулзвар болсон орны хувьд гадныхнаас нуух, гадны бодлогыг мэдэж, түүнд тохирсон бодлого явуулж үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах зайлшгүй шаардлагатай орон мөн. Товчхондоо тэд биднийг сонирхож байгаа нь илэрхий тул бид тэднийг мэдэж байх учиртай. Чингисийн худалдаачдыг заншлаачид (тагнуулчдын нэр) хэмээн сэрдэж хөнөөсөн Хорезмийн султан, Хятадад мэдээлэл дамжууллаа хэмээн сэрдэж, өөрийн иргэнээ шоронд хорьсон АНУ-ын засгийн газар хоёрын хооронд найман зуу гаруй жилийн хугацаа байвч зорилго нь яг адилхан. Аль ч улс өөрийн нууцаа хууль, албадлага, тусгай хүч хэрэгслээр хамгаалдаг.
Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Л.Гүндалай “хятадын тагнуул” хэмээн Ц.Нямдоржийг цоллож, сонин хэвлэлээр баахан материал тарааж, өөрөө ч ярьсан. Нууцын зэрэглэлтэй материалыг уран зохиол шиг хэвлэж олон ч сонин борлогдсон. Гэтэл маш их хөрөнгө хүч, түүнээс ч дутахгүй хичээл зүтгэлээр баримтжиж үлддэг, үйл ажиллагааных нь үе шат бүхэн цусаар бичигдсэн хуультай монгол төрийн нууц ил болж, хөсөр хаягдсан. Л.Гүндалай гуайд улс төрч хүний амбиц, сенсаац тарих хүсэл, магадгүй “гадаадын тагнуул”-ыг илчлэх гэсэн гэгээн зорилго ч байсан байж болно, гэхдээ тухайн үед түүнд “төрийн хар хүн”-ий холч ухаан дутагдаж дээ гэж эрхгүй бодогддог юм. Үр дүнд нь улс төр хөөцөлдсөн өвгөн генерал шоронд сууж, улс орон даяар хэрэлдсэн хоёр нь “Хүүхээ чи Гүндалайгийн төрсөн өдөрт очих уу” гэсэн онигооны баатрууд болоод төрийн ордонд, их хурлынхаа танхимд сууж л байна.
Хуучин НАХЯ-нд ажиллаж байсан Л.Санжаасүрэн гуай Зайсанд байрлах хорих 401-р анги руу цүнхэндээ жижиг камер авч ороод Д.Энхбат аснаар яриулан бичлэг хийж олон нийтэд цацсан. Энэ үе хүртэл олон нийт Д.Энхбат гэдэг хүнийг төдийлөн мэддэггүй, эрүүгийнхэн болон хуулийнхан л “рецедив” хэмээдэг байсан бол үүнээс хойш “гадаадаас хулгайлж авчирсан” түүхийг нь монголчууд сайн мэддэг болсон. Үүний ачаар элэгний хатуурал, архаг астматай байсан, урьд нь өвчний улмаас ял эдлэх боломжгүй хэмээн суллагдаж байсан тэр эр “тамлагдаж үхсэн баатар” болон хувирсан. Төрийн хууль бус үйлдэл, хүний эрхийг зөрчсөн нөхцөл байдлыг олон нийтэд харуулсан нь Л.Санжаасүрэн гуайн гавьяа мөн ч гэсэн хуулиар хамгаалагддаг төрийн нууцыг хэн бүхэнд задруулсан нь гэмт хэрэгт тооцогдсон юм. Энэ үйл явдлын сүүдэр олон хүнийг дайрсан. Л.Санжаасүрэн гуайг хуучин хорих газрын дарга байсных нь хувьд итгэн Д.Энхбаттай ганцаарчлан уулзах боломж гаргаж өгсөн хорихын дэд дарга албан тушаалаасаа бууснаар эхэлсэн үйл явц улам эрчимжиж өдгөө Б.Хурц Германы шоронд сууж байгаагаар үргэлжилж байна.
УИХ-ын тамгын газарт ажиллаж байсан Ц.Жаргалсайхан төрийн нууц задруулсан хэргээр ял эдэлж байгаа. Гэхдээ тэмдэглүүштэй нь түүний хэрэг улс төрийн зорилготой байгаагүй юм. Гадаад орны тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд өгөөш болсон түүний асуудал олон мянган төрийн албан хаагчдын хувьд төрийн нууцтай хэрхэн харьцаж байгаа, төрийн нууцын хадгалалт, хамгаалалт ямар түвшинд байгааг сануулсан томоохон сургамж болохоор байсан. Харин өнөөдөр тэрхүү явдлаас хэрхэн сургамж авч, амьдралд хэрэгжүүлж байгаа нь тодорхойгүй л байна. Саяхан ТЕГ-ын дарга Р.Болд нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Ер нь иймэрхүү (тагнуулын) ажиллагаанд улс төрчдийг оролцуулдаггүй. Улс төрч л оролцвол улсын нууц задардаг” хэмээгээд “Монголд төрийн нууцыг хамгаалах, хадгалах ажил хавтгайдаа суларсан” гэж дүгнэсэн байна.
Үнэхээр ч улс төрч хүн тухайн үеийн нөхцөл байдал, өрийнхөө амбицад хөтлөгдсөн алхам хийж, үүндээ төрийн нууцыг ашиглах нь туйлын хортой явдал мөн. Иймэрхүү алхам болгоны дараа монгол төрийн хүч суларч, үндэсний аюулгүй байдалд сэв сууна гэдгийг аль ч нам, улс төрийн хүчин ялгаагүй сайтар ойлгох нь зүйтэй юм. Дээр дурьдсанчлан зөвхөн нууцын зэрэглэлтэй материалуудаас гадна төрийн үйл ажиллагааны өдөр тумын шинжтэй хэрнээ бусад этгээдийн сонирхлыг татахуйц мэдээ баримтууд олон бий. Эрдэс баялгийн болон хүний нөөцийн судалгаа, улс төрийн нам хүчний үйл ажиллагаа, төрөл бүрийн төсөл хөтөлбөр, тендерийн баримт бичиг гээд л хадгалж хамгаалбал зохих мэдээ баримтууд үй түмээрээ байна. Тэр болгоноос жирийн монгол иргэдийн амьдрал ахуй хийгээд улс орны ирээдүй шалтгаалж байдаг. Өнөөдөр гадны хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжил чухал, гэхдээ улс үндэстний оршихуйн асуудал түүнээс хэд дахин амин чухал аа.
Гадаадын үй олон төсөл, хөтөлбөр сүүлийн 20 жил эх оронд маань хэрэгжлээ. Монгол орны аймаг, сум болгонд сайн дурынхан, гадны зээл тусламжийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Томоохон судалгаа, шинжилгээний ажлыг гадныхан хийж байна. Гэтэл ийм өргөн хүрээнд гадныхнаар судлуулаад байдаг улс орон манайхаас өөр олонгүй л болов уу. Хууль хүчнийхнээс авахуулаад бүхий л салбарынхан гадны мөнгөөр хэд хоногоос авахуулаад хэдэн сарын хугацаатай “мэргэжил дээшлүүлэх” зорилгоор гадаадад зорчиж байна. Мэдээж хэрэг бүхэлд нь үгүйсгэх нь утгагүй ч гэлээ энэ бүхэнд төрийн хяналт байгаа эсэхэд анхаарах цаг хэдийнэ болсон.
Улс төрөөс улс орны амьдрал үлэмж хамааралтай. Ямар нам засгийн эрх барих, хэн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байх нь ард түмний амьдрал, эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал нөлөөтэй. Иймээс ч улс төр нь засаглахуйн төлөөх тэмцэл байдаг. Харин улс орныг засаглахын төлөөх тэмцэлдээ улсын нууцыг ашиглах, үнэгүйдүүлэх нь эрхэм зорилгодоо харшилж буй хэрэг мөн. Өөрөөр хэлбэл үндэстнийхээ эрх ашигт хохирол учруулах аргаар тэднийгээ сайхан амьдруулна гэдэг нь логикийн хувьд боломжгүй. Улс төрийн үйл ажиллагаа ардчилсан, нээлттэй байх ёстой гэдгийг бид ойлгодог болсон. Харин нууж, хамгаалж байж улс орныхоо эрх ашгийг бэхжүүлдэг зүйлс байдаг гэдгийг, түүнийг эрх мэдэлд хүрэх хэрэгсэл болгож болдоггүй гэдгийг ойлгох л дутаад байх шиг.
Викилийкс сайт хэдэн мянган нууцын зэрэглэлтэй материалыг ил болгосон нь дэлхийн олон улс оронд, тэр дундаа ардчиллын загвар гэгддэг АНУ-д нууцын хадгалалт, хамгаалалтын талаарх маш том сургамж болсон. Бэлээхэн жишээ байхад бид давтах ёсгүй, бас эрхгүй. Мөнгө, эрх мэдэл харж эх орноо худалдагсдад хариуцлагыг нь ямагт сануулж байх ёстой.
"Улс төрийн тойм" сонин