Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хөвсгөл брэнд-2011”, “Намрын ногоон өдөр” үзэсгэлэн худалдааг тун удахгүй Мөрөн суманд зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн нь орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин харилцан туршлага солилцох, хамтран ажиллах бололцоог нээж, орон нутгийн онцлогийг хадгалсан брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, нэр төрлийг нэмэгдүүлэх, борлуулалтын зах зээлийг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Энэ үеэр үзэсгэлэн худалдаанд оролцогч аж ахуй нэгж, байгууллагууд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ сурталчлан Мөрөн сумын 50 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаанд оролцох гэнэ. Үзэсгэлэнд оролцох бүтээгдэхүүн нь аймаг, орон нутгийн түүхий эдэд тулгуурлан үйлдвэрлэсэн, нутгийн өвөрмөц онцлогийг хадгалсан, байгаль экологид халгүй, дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн байх ба технологи ажиллагаа нь тогтворжсон, бүтээгдэхүүн нь холбогдох стандартын үзүүлэлтийг хангасан, чанарын баталгаажуулалтад хамрагдсан зах зээлд тогтвортой нийлүүлэгдэх боломжтой, түүхий эдийн нөөцтэй байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай гэнэ.
А.Зул