Өнгөрсөн бямба гарагт Курилын арлуудад газар хөдөлсөн талаар ОХУ-ын “РИА Новости” агентлаг онцолсон. ОХУ-ын Сехалинск мужийн албаныхны мэдэгдэж буйгаар орон нутгийн цагаар 6.35 цагт 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болж улмаар хэд хэдэн удаа хүчтэй доргилт мэдрэгдсэн байна. Зарим судлаачид газар хөдлөлт Номхон далай талд болсон бөгөөд цунами болоогүй хэмээн мэдэгдсэн.
Бүтэн зуны турш нам жим байсан дэлхийн хөрс наймдугаар сараас эхлэн идэвхжиж эхэлсэн гэж хэлж болно. Учир нь наймдугаар сарын 23-ны өдөр АНУ-ын Виржиниа мужийн Пиедмонтын нутаг дэвсгэрийн Минерал тосгонд 5.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Азаар хүний амь үрэгдээгүй бөгөөд шил, толинд бэртсэн арав гаруй хүн эмнэлэгт очсон аж.
Мөн энэ сар дөнгөж гартал Ази тивийн Энэтхэг, Пакистан, Малайз, Тайланд, БНХАУ зэрэг орнуудад газар хөдлөлт идэвхжиж, ээлж дараалан хүчтэй аадар бороо орсон. Энэтхэгт л гэхэд хүчтэй бороо орсноос болж их хэмжээний усан тогтоц бий болж, томоохон хотуудыг үерт автуулаад байгаа. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Энэтхэгийн Шинэ Дэлид үерийн гамшгаас болж 26 хүн амиа алдаж, 12 хүн ор сураггүй алга болсон аж. Мөн улсын хэмжээнд нийт 170 мянган хүн гэр оронгүй болсон бөгөөд түр орогнох байранд өдөр хоногийг өнгөрөөж байгаа талаар CNN агентлаг мэдээлсэн. Энэ сарын 6-ны өдрийн байдлаар дээрхи тоо 788-аар өссөн талаар Энэтхэгийн Аюулгүйн албаны төлөөлөгч мэдэгдсэн билээ.
Энэ сарын 15-ны өдрийн байдлаар Пакистан улсад дөрвөн өдрийн аадар бороо орсны улмаас 5.5 сая хүн үерт автан гэр оронгүй болж, 233 хүн амь үрэгдсэн байна. Улмаар гэр оронгүй хүмүүс засмал зам дагуу майхан барьж амьдарч байгаа талаар CNN агентлагийн сурвалжлагч Ник Патон мэдээлсэн.
Тайланд улсад болж буй үерийн уршгаар өнгөрсөн амралтын өдрийн байдлаар 100 гаруй хүн амь үрэгдэж, олон сая хүн гэр оронгүй болсон талаар ИТАР-ТАСС агентлаг мэдээлж байсан удаатай. Тайландын нийслэл Бангкок хотын “Эзэн хааны шар мөрөн” урьд өмнө нь байгаагүй их хэмжээгээр үерлэж, хотын төв хэсэг рүү ус хальсан байна. Үерийн уршгаар тайландын иргэд арьсны өвчин, сэтгэцийн гүн хямрал, хатгаа зэрэг өвчнөөр 300 гаруй хүн эмнэлэгт хандсан талаар эх сурвалжууд дамжуулсан байна. Тайландын аялал жуулчлалын гол хотуудын нэг болох Чиангмай хамгийн их хохирол амсаад байгаа аж. Хачирхалтай нь сүүлийн хоёр сард Тайландын газар нутгийн хойд хэсэгт борооны давтамж ихсэж байсан талаар шинжээчид нотолсон байна. Хохирлын хэмжээ ойрын 30 гаруй жилийн хугацаанд болж байгаагүй түвшинд хүржээ.
Энэ бүх байгалийн гамшгийг НАСА ийнхүү тайлбарлаж байна. Тэд сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж ихэссэнийг байгаль орчин, экологийн буруутай үйлдлээс болсон хэмээн тайлбарлажээ. Харин их хэмжээний усархаг бороотой холбоотойгоор “Японы зүүн эрэг орчим хүчтэй газар хөдлөлт болсонтой холбогдуулан дэлхийн өргөрөгт өөрчлөлт орсон тул ийнхүү байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, их хэмжээний аадар бороо орж байгаа” гэсэн тайлбарыг хийсэн байна. Мөн удахгүй энэ сэдвийн талаар “National Geo” сувгаар баримтат кино хийж, илүү дэлгэрэнгүй тайлбарлан үзүүлэх аж.
Зарим эрдэмтдийн үзэж буйгаар энэ бүх байгалийн хатуу ширүүн үзэгдэл, азотын хий цоорч байгаатай холбон тайлбарласан бол шашныхан арай өөр ойлголтыг хүмүүст тарааж эхэлсэн байна. Христийн шашинтнууд “Эзний шүүлтийн өдөр”, Мусульман шашинтнууд “Аллахын эцсийн шийтгэл” гэх мэт янз бүрээр тодорхой хүрээнд тайлбарлах гэж оролдож байгаа нь сонирхолтой. Харин Латин Америк тивийн ихэнхи орнууд эртний Маяачуудын зөгнөлийг арай бодит гэж үзэж байжээ. Эдгээр хачирхал төрүүлэм судалгааг Bloomberg сайтын сурвалжлагч Андреа Папуч өөрийн блог дээр нийтэлсэн байна.
Манай улсын хувьд ч газар хөдлөлтийн давтамж ихсэж байгаа талаар зарим судлаачид онцолсон билээ. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн сарын сүүлээр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 5.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байсан удаатай. Ямартай ч дэлхийн хөрс өөрчлөгдөж байгааг энэ оны газар хөдлөлтийн болон байгалийн нөхцөл байдал ийнхүү нотоллоо.
"Улс төрийн тойм" сонин