Хамтарсан ЗГ-аас олигархиуд төрж болохгүй

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Хамтарсан ЗГ-аас олигархиуд төрж болохгүй

Хамтарсан ЗГ-аас бизнесийн нэгдмэл олигархиуд төрж болохгүй


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ удаагийн “Ярилцах танхим”-ын зочин.


-Оюутолгойн гэрээг УИХ-ын 2009 оны 57 дугаар тог­тоолд нийцүүлэх тухай шаард­лагыг Ерөнхий сайдад тавьсан УИХ-ын нэр бүхий гишүүдийн дунд та бий. Та бүхний эцсийн зорилго юу бэ?

-Уг шаардлагыг Оюутол­гойн Хөрөнгө оруулалтын гэ­­рээг УИХ-ын 57 дугаар тог­тоолтой нийцүүлэхгүй өнөөд­­рийг хүргэж байгаатай хол­боотойгоор тавьсан юм. Мөн УИХ-ын дарга хаврын чуул­ганыг хааж хэлсэн үгэндээ уг тог­тоолын хэрэгжилтийг хан­гах   асуудал тавьсны үр­гэлж­лэл ч гэж ойлгож болно. Дээрх тог­тоолын гуравдугаар заалт буюу хөрөнгө оруулалтаа нөх­сөний дараа Монголын талын хувийг 50-аас доошгүй болгохыг шийдэхгүй байсаар өдийг хүрээд байна шүү дээ. Энэ бол манай улс орны эрх ашгийг хөндсөн асуудал юм. Бидний хэсэг гишүүн гэрээ байгуулах үеэс л энэ шаардлагыг тавьсаар ирсэн. Эцсийн зорилго маань тогтоолын энэ чухал заалтыг хэрэгжүүлэх, уг гэрээг манай талд ашигтай болгох л явдал. Хэвлэл, мэдээллээр цуураад байгаа шиг элдэв давхар бодол байхгүй.

-Ардын намын гишүү­дийг Ардчилсан намын ги­­шүүдийн ятгалгаар энэ бүх асуудлыг үүсгэж байгаа гэсэн утга бүхий яриа гарсан байсан. Та бүхэн үнэхээр Ард­чилсан намынхны ятгалгаар энэ бүхнийг хийсэн хэрэг үү?

-Ардын нам, Ардчилсан нам гэлтгүй биднийг нэгтгэж байгаа зүйл бол байгалийн баял­гаа зөв ашиг­лах тухай асуу­дал. Энэ баялгийг хэд­хэн хүн, бизнесийн бүлэглэл хүртэж, баяжаад өнгөрөх бус хоёр сая гаруйхан монголчууд маань бүгд хүртэж, амьдралдаа сэтгэл хан­гуулан байх нь л би­дэнд чухал байна. Тиймээс энэ бол хэн нэгний ятгалгаар хийх зүйл биш. Тэр тусмаа ард түмнийхээ эрх ашгийн төлөө явна гэж тангараг өргөсөн УИХ-ын гишүүдийн хувьд.

-Ерөнхий сайдыг ирэх сарын 1 гэхэд албан ёсны хариу өгөх­гүй бол “Дараагийнхаа арга хэмжээ авна” гэж та бүхэн сануулсан. Үүнийг Засгийн газрыг огц­руулах тухай шаардлага гэж олон хүн ойлгож байгаа. Учир нь 19 гишүүн гэдэг Зас­гийн газрыг огцруулах хэмжээний тоо байх аа?

-20 гишүүн санал нэгдсэн асуудал байхад заавал 19 гэж онцлоод л байх юм. Ер нь уг шаардлагын агуулгыг зо­риуд гуйвуулах зорилгоор ийм ба­римтгүй яриа гаргаад байгаа болов уу гэж бодож байгаа. Бидний тавьсан шаард­лагыг Засгийн газрыг огцруулах асуудал  руу хандуулчихъя гэсэн хөнд­лөнгийн сонирхол ч байж болох юм. Эсвэл ийм асуудал руу чиглэчих болов уу гэсэн хар л байх. Засгийн газар заавал огцрохдоо тулахгүйгээр яагаад гэрээнд өөрчлөлт оруулчихаж болохгүй гэж. Ер нь Засгийн газрыг огцруулах хүртэл янз бүрийн л арга хэмжээг хуулийн хүрээнд авах боломж бий шүү дээ.

-Дараа­гийн арга хэмжээ гэдгийг “Заавал Засгийн газрыг тараах биш хуулиа өөрчлөх санал ч байж болно” гэж Засгийн газрын гишүүд ойлгож байгаа юм билээ. Тухайлбал, Зас­гийн газрын Хэрэг эрхлэх газрын сайд Ч.Хүрэлбаатар?

-Тийм, тийм. Заавал тэгж хүндрүүлж ойлгох шаардлагагүй юм. Олон арга зам бий гэж дээр хэлсэн шүү дээ. Ер нь бол гэрээнд холбогдох өөрчлөлт орчихвол ямар ч асуудал байхгүй. Харин Ч.Хүрэлбаатар сайд ярилцлагадаа хууль зөрчигдөх гээд байсан учраас уг тогтоолын дагуу манай талын хувийг 50 хувьд хүргэж чадаагүй гэсэн байна билээ. Уг заалтад “Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын хувийг 50 хувиас доошгүй болгох арга хэмжээ авах” гэсэн чиглэл өгсөн байгаа. Энэ нь тэр саад болоод байгаа хуулийн заалтыг өөрчлөх саналыг гэрээний хамт оруулж ир гэсэн үг юм шүү дээ. Гэтэл бүр эсрэгээрээ, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулаад одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудаа өөрчлөх саналуудыг оруулж ирснээ санах хэрэгтэй байх аа. Жишээ нь, энэ гэрээнээс болж гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авах хуулиа хүчингүй болгосон биз дээ. Гараагүй хуулийг гарахаар нь ингэнэ, тэгнэ гэсэн агуулгатай заалтыг хүртэл гэрээнд оруулсан байдаг юм. Уг нь тэр Ашигт малтмалын тухай хуулийн 34 хувь хүртэл гэсэн заалтыг л 50 хувиас доошгүй гэж өөрчлөх саналыг л оруулаад ирэх байсан юм.

-Тэгвэл одоо гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой гэж үү?

-Хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан шийд­вэ­рийг зөрчсөн учир өөрчлөх бо­ломж­той. Манай талыг төлөөлж гэрээ байгуулсан нөхөд гэрээнд өөрч­лөлт оруулах боломжтой гэж тайлбарласаар ирсэн шүү дээ.

-Та бүхнийг Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсний дараа Зас­гийн газрыг онилсон олон нүүдэл бий болсон. Үүний нэг нь цөмийн хаягдал булшлах асуудлаар Ерөн­хий сайдад асуулга тавьсан то­хиолдол. Энэ бүхнээс үзэхэд УИХ-ын гишүүд Засгийн газрыг тарах болсон гэж үзэж байгаа бололтой. Таны хувьд?

-Засгийн газарт хоёр, гурван асуулга, шаардлагыг нэгэн зэрэг  тавих нь Засгийн газрыг тар гэсэн үг биш. Тэгээд ч цөмийн хаягдлын асуудлаар элдэв яриа, хэлэлцээр өрнөөгүй л юм бол. Юунаас нь эмээх вэ дээ. Харин хууль зөрчсөнөө зөөлрүүлж “стандарт бус” гэж нэрлэсэн Засгийн газар ярьсан, хэлсэн шигээ ажиллаж байгаа юу гэдэг бол асуудал байх шүү. Энэ асуудал харин өөрийн тань дахин, дахин асуугаад байгаа огцруулах тухай асуудал руу хөтөлж мэдэх л юм.

-Тэгвэл таны хувьд хамтарсан Засгийн газрыг хэрхсэн нь дээр гэж бодож байна вэ?

-Хамтарсан Засгийн газар нийгмийг хоёр талцуулаад байх шиг. Нэг хэсэг нь сонгууль болоход салахаас хойш одоо тарсан нь дээр гэсэн байр суурьтай байгаа. Харин нөгөө хэсэг нь сонгууль хүртэл тэвчсэн нь дээр. Эс бөгөөс шүүмжлэлийг тэсэхгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Харин миний хувьд ард иргэдийн олонхийн саналыг харгалзаж үзсэн нь дээр байх гэсэн байр суурьтай байна. Сонгогчдынхоо санал бодлыг сонсож байхад “Хамтарч булхайгаа нуух хэрэггүй” гэсэн саналыг гаргаж байх юм. Хамтрахгүй бол ажил явахгүй, хөгжил удааширч байна гэдэг нь улс төрийн олон намын тогтолцоог үгүйсгэж байгаа хэрэг л дээ. Нөгөөтэйгүүр хамтарсан Засгийн газрын дундаас бизнесийн нэгдмэл эрх ашиг бүхий олигархиуд төрж болохгүй байх. Тиймээс улс төрийн хүрээнд маш том шинэчлэл хийх цаг болсон ч байж мэдэх юм.

-Таныг МАХН-д элэгтэй Ардын намын гишүүдийн нэг гэлцэх юм билээ?

-Миний хувьд улс орны хөгжил, тусгаар тогтнолын баталгаа болсон Ардын намд хагарал үүсэх ёсгүй гэсэн байр суурийг баримталдаг. Үзэл бодлын зөрчлөөс болж задарч, бутарч бусдын өгөөш болж болохгүй биз дээ. Тиймээс хагаралд хүч нэмэх бус эвлүүлэхийн төлөө байгаа гэж хэлж болно.

-Та нэгэнтээ “Ардын намаас нэр дэвшүүлэхгүй бол бие дааж дэвшиж чадна” гэж байсан санагдаж байна?

-Намаасаа нэр дэвшинэ.

-“Цөмийн хаягдал Монголд бул­шилна” гэх мэдээллийн үнэн, худал нь мэдэгдэхгүй бай­хад Ерөнхийлөгч цөмийн хаяг­дал булуулахыг хориглосон зар­лиг гаргачихлаа. Үүнийг Ерөн­хий­лөг­чийн карьераа өсгөх гэсэн нэг хэлбэр гэх юм. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж байдаг хүний хувьд энэ талаар та биднээс илүү мэдээлэлтэй байгаа биз. Нөгөө талаар, ийм асуудал яригдаагүй юм байна гэдгийг мэдэгдээд, урьдчилан сэргийлэх зорилгоор зарлиг гар­га­сан гэж ойлгосон. Харин бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газарт чиглэл өгөхөөс биш шууд хэрэгжих шийдвэр гаргах ёсгүй.

-“Сонгуулийн тухай хуулийг шинэчилж амжихааргүй болчих­лоо” гэсэн хүмүүс их байна. Үнэ­хээр ч хуучин тогтолцоогоороо явах дүр зураг ажиглагдах боллоо. Энэ нь Ардын намд ашигтай байх аа?

-Сонгуулийн хуулийг аль нэг нам нь өөртөө ашигтайгаар эргүү­лэх нь үндэсний эрх ашигт ний­цэхгүй. Долоодугаар сарын 1-ий үйл явдал бидэнд нэгийг сануулсан. Тиймээс, Сонгуулийн тухай хуулинд сонгуулийн дүнд олон нийт эргэлзэхгүй байхад чиглэсэн өөрчлөлтүүдийг Үндсэн хуульдаа нийцүүлээд оруулж өгөх хэрэгтэй юм. Манай намын байр суурь тодорхой. Үндсэн хуулийн зарчмаараа ард, иргэд, гишүүдээ нэрээр сонгож УИХ-аа байгуулдаг мажоритор тогтолцоогоо хадгалаад, хуулийнхаа сул талыг нь шүүрдээд, сайныг нь нэмээд явах шүү дээ. Харин  Ардчилсан намын нөхөд маань нам сонгодог шинэчлэлт хийнэ гээд гацаанд оруулчихаад байгаа шүү дээ.

-Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд төсвийн тодотгол багтаж байгаа. Энэ жилийн төс­вийн орлого 400 орчим тэрбум төгрөгөөр давж биелсэн. Тэгэхээр энэ жилийн төсвийн тодотголыг нэлээн өргөн хэмжээнд хийх байх. Таны бодлоор төсвийн тодотголыг хэрхэн хийх ёстой гэж үзэж байна?

-Төсвийн тодотголын асуудал бол “Оройтсон борооны хойноос цув нөмөрнө” гэдэг болчихоод байна. Ирэх сард тодотгол хийсний ач холбогдол бага юм. Газар хөлдчихнө. Үндсэндээ ирэх сонгууль хүртэл хөлдүү газар юу ч хийхгүй. Тэгэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжихэд хүндрэл үүснэ гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж