Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы ерөнхий шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ. Мөн “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх ба хянах” сэдэвт түүнчлэн, цөлжилт, ган, хөрсний доройтлын асуудлаарх өндөр түвшний хуралдаан, дугуй ширээний хэлэлцүүлэгт үг хэлэхээс гадна цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцох юм.
Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргын хувьд АОХН-ийн Удирдах зөвлөл болон НҮБ-ын Ардчиллын бүлгийн хуралдааныг энэ сарын 22-23-ны өдрүүдэд удирдан зохион байгуулах бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуралдааныг нээн үг хэлж, АОХН-ийн өмнө тавьж буй зорилт, үйл ажиллагааг танилцуулан, тэдгээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллах дэмжлэг хүсэх, шинээр байгуулагдах Удирдах зөвлөлд гишүүнээр идэвхтэй ажиллахыг улс орнуудад уриалах болно.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын байгаль хамгаалах бүлгийн сан, Азийн нийгэмлэг, Клинтоны глобал санаачилга, Байгаль хамгаалах олон улсын бүлгийн сан зэрэг байгууллагаас зохион байгуулах арга хэмжээнүүдэд тус тус урилгаар оролцоно.
Мөн АНУ, Унгар, Киргиз, Польш Улсын Ерөнхийлөгчид, Катарын Эмир, Японы Ерөнхий сайд, Европын Холбооны тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы дарга, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож буй бусад өндөр дээд хэмжээний төлөөлөгчидтэй уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөөд байна.