Тэрбээр албан ёсны урилгаар Монголд ирээгүй, Худалдаа аж үйлдвэрийн танхимийн дэргэдэх Өмгөөлөгчдийн удирдах зөвлөлөөс зохион байгуулж, албан бусаар ирсэн гэдгийг эх сурвалж хэлж буй. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Английн Хитроу нисэх онгоцны буудал дээр баривчилсан өдөр буюу 2010 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс хойш яг нэг жилийн дараах тэр өдөр нь ноён Лорд Филипс Монголд ирснийг Б.Хурцын ар гэрийнхэн ихэд сонирхож, түүнийг ирсэнд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм. Монголын хуулийнхантай уулзах үеэр тэд ноён Лорд Филипсээс гурван асуултад хариулт авахыг хүссэн ч уулзаагүй байна. Б.Хурцын ар гэрийнхэн “Монголын нэг иргэний асуудлыг шийдвэрлэхдээ төрөөсөө хараат шийдвэр гаргасан Английн шүүхийн Ерөнхийлөгч Монголд хараат бус шүүхийн талаар лекц унших гэж ирсэн үү зөв үү”, “Шүүх, гүйцэтгэх засаглал хоёр нэг бодлогоор, нэг цонхоор харж ажиллах нь хараат бус шүүхийн шинж мөн үү”, “Английн шүүхийн шүүгч Б.Хурцын асуудлыг шийдвэрлэхдээ өөрийн улсын ГХЯ-наас өгсөн баримтыг албан ёсны хүчин төгөлдөр баримт гэж үзнэ гэж хэлсэн байх юм. Гэтэл Монгол Улсын ГХЯ-наас өгсөн баримт материал хүчин төгөлдөр бус уу” гэх гурван асуултад хариулт авахаар өчигдөр “Монгол шилтгээн”-д очсон ч Б.Хурцын ар гэрийнхэн болон хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг нэвтрүүлээгүй байна. Уулзалт гурван давхар хамгаалалтын дор болжээ.
Б.Хурцын асуудалд хариу өгөхөөс татгалзлаа
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Дээд шүүхийн ерөнхийлөгч Лорд Филипс бямба гаригт Монголд хөл тавьсан билээ. Тэрбээр өчигдөр “Монгол шилтгээн” цогцолборт Монголын шүүгч, прокуроруудтай уулзсан юм. Уулзалтыг хаалттай явуулсан учир энэ үеэр чухам юуны талаар ярилцсан эсэх нь тодорхойгүй байна.
С.Отгон