“Таван-Эрдэнэ” хөтөлбөр малчны хотонд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

“Таван-Эрдэнэ” хөтөлбөр малчны хотонд хүрлээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 09 сарын 17-ны энэ бямба гаригийг монгол эх орны шавхагдашгүй баялаг болсон мал сүргийг эрүүлжүүлэх, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд зориуллаа. Тэрбээр өнөө өглөө Соёлын төв өргөөнд эхэлсэн “Монголын малын эмч нарын зөвлөлгөөн”-д оролцсоноор ажлаа эхэлсэн юм. Таван эрдэнэ болсон мал сүргээ эрүүлжүүлэх, үйлдвэр угсааг нь сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх замаар нөхөн төлжих үндэсний баялгаа эдийн засгийн эрчимтэй эргэлтэд оруулах зорилго бүхий “Таван-Эрдэнэ” хөтөлбөрийг өнөөдрөөс улс орон даяар эхлүүлж байгааг Ерөнхий сайд зарласан. Эдгээрийг хийж хэрэгжүүлэхэд, ажил хэрэг болгоход малын эмч мэргэжилтнүүд гол үүрэг гүйцэтгэх учир Ерөнхий сайд С.Батболд  “Монголын малын эмч нарын зөвлөлгөөн”-ийг санаачлан хийлгэсэн юм.

Тэрбээр дараа нь Сүхбаатарын талбайд болсон “Таван-Эрдэнэ” хөтөлбөрийн албан ёсны нээлтэд оролцлоо. Энэ үеэр  Монголын бүх мал сүргийг угаалга, туулгалт, вакцинжуулалтад 3 жил дараалан үнэ төлбөргүй хамруулах тухай Засгийн газрын шийдвэрийг танилцуулж, малыг эрүүлжүүлэхэд нэн шаардлагатай эхний ээлжийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл, тарилга туулгалтыг аймаг, сумын малын эмч нар болоод холбогдох хүмүүст гардуулахдаа одоо эдгээрийг бүх сум, бүх малчин өрхөд хүргэх малын эмч нарын ажил үлдлээ гэдгийг онцолж байсан билээ.  

Энэ өдрийн үдээс хойш Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн малчны хотонд очиж, малд паразит өвчнөөс сэргийлэх үйлчилгээ үзүүлэх, малыг ээмэгжүүлэх болон бүртгэлд хамруулах ажлыг хэрхэн эхлүүлж байгаатай газар дээр нь танилцлаа.

Төв аймгийн 9400 гаруй малчны нэг, мянгат малчин Л.Лхам гуай өнгөрөгч зун зуншлага болоод газрын гарц сайн байсан, мал тарга тэвээрэг сайхан авлаа гэсээр Ерөнхий сайдаа угтсан юм. Малаа эрүүл байлгах төрийн бодлогын талаар Ерөнхий сайд С.Батболд  яриа өрнүүлж, мал эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн ард маань эрүүл байх учиртай. Эрүүл монгол хүн улс орноо хөгжүүлнэ, бидний хөгжлийн үндсийн үндэс нь эрүүл мал байгаа юм гэж ярьж байлаа. Мөн тэрбээр “Монголын Засгийн газар малчдаа дэмжинэ ээ. Та бүхэн маань хүнд хөдөлмөр эрхэлдэг, хүнд ажилтай хүмүүс. Бид малчин өрхийг үйлдвэрлэл эрхэлдэг нэгж, харин малчдаа мэргэжилтэн гэж хүлээн зөвшөөрч баталгаажуулна гэж гэрийн эзэнтэй хуучлах зуураа ярилаа.

Зуунмод сумын Улаан хад гэдэг газарт намаржиж байгаа Л.Лхам гуайнх 1300 гаруй толгой малтай бөгөөд тэдний малыг ээмэгжүүлэх, бүртгэл хийж байгаатай нь Ерөнхий сайд С.Батболд хотонд нь очиж танилцсан юм. Ингэхдээ Ерөнхий сайд бид нэг жилд малдаа гурван удаа хүрэх гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл,  бүх мал сүргийг угаалга, туулгалт, вакцинжуулалтад 3 жил дараалан үнэ төлбөргүй хамруулах юм гэдгийг онцолж байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Таван-Эрдэнэ” хөтөлбөр орон нутагт хэрхэн эхэлж байгаатай танилцсаныхаа дараагаар сэтгүүлчдэд ярилцлага өглөө. Ингэхдээ энэ бол маш чухал арга хэмжээ болж байна. Улс орон хөгжинө гэдэг бол хүн ард маань эрүүл, эрүүл хүнс тэжээлээр хангагдсан байх ёстой. Эдийн засаг маань ганц уул уурхай биш өөр бусад салбарт тулгууртай байж хөгжинө.  Манай улсад уламжлалт бөгөөд орчин үеийн эрчимжсэн мал ахуй, газар тариаланд тулгуурласан хүчирхэг хөдөө аж ахуй хөгжих ёстой. Уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн хос морьтой байж бид урагшилна аа. Шавхагдашгүй их ундаргатай хөдөө аж ахуй бол манай улсын том баялаг. Энэ баялгийн үндэс нь таван эрдэнэ болсон таван хошуу мал маань юм. Таван хошуу малаа өсгөж үржүүлэх, эрүүл байлгахад Засгийн газар анхаарал тавьж ажиллах үүрэгтэй. Малчдаа дэмжих “Монгол мал” хөтөлбөрийг УИХ баталж, Засгийн газар хэрэгжүүлж байна. Энэ ажлын нэг хэсэг болсон малаа эрүүлжүүлэх хөтөлбөрийг өнөөдөр улс орон даяар эхлүүллээ гэдгийг онцлоод Засгийн газар хөдөө аж ахуй мал сүргээ дэмжих бодлогыг цаашид ч мөн үе шаттайгаар хэрэгжүүлэх болно гэдгийг тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж