Тимошенког шийтгэвэл эвслийн асуудал талаар болж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Тимошенког шийтгэвэл эвслийн асуудал талаар болж магадгүй

Хэрэв экс ерөнхий сайд, “Батькивщина” гэх сөрөг намын лидер Юлия Тимошенкод хорих ял оноовол Украин болон Европын холбооны эвслийн гэрээнд гарын үсэг зурах нь талаар болно гэдгийг Европын холбооны өргөжилт болон Европын асуудал хариуцсан комиссар Штефан Фюле мэдэгджээ.

“Хэрэв энэ асуудал шийдэгдэхгүй, Тимошенко нь 1962 оны Зөвлөлтийн үеийн хууль дүрмээр шийтгэгдэн хорих ял авбал, Украин болон ЕХ-ны хооронд эвслийн гэрээ байгуулах бидний хүсэл давамгайлж байсан ч Европын холбооны гишүүн орнуудын парламент зохих шийдвэр гаргана гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй” хэмээн “Ялтын Европын стратеги” гэх чуулга уулзалтын хэвлэлийн бага хурал дээр тэрээр хэлжээ.

Еврокомиссар өнгөрөгч баасан гаригт Украины ерөнхийлөгч Виктор Януковичтай уулзаж мэдээлэл өгсөн гэж тэрээр хэлсэн байна. Украины Ерөнхий прокурор экс ерөнхий сайдыг Оростой байгалийн хийн гэрээг 2009 онд байгуулахдаа улсдаа ноцтой хохирол учруулсан гэж үзэн шүүж байгаа юм. Юлия  Тимошенког өнгөрсөн наймдугаар сарын 5-наас хойш хорьж байгаа билээ.  Барууны орнууд Тимошенког суллахыг шаардаж байна. Түүгээр ч барахгүй Юлия Тимошенко 2012 оны сонгуульд оролцох ёстой гэж ЕХ болон АНУ мэдэгдсэн юм. Энэ шаардлага нь түүнийг шийтгэх боломжгүй болгож байна.

“Украинская правда” сонинд өгүүлснээр ЕХ болон Украин энэ мухардлаас хэрхэн гарах аргыг хамтран хайж байгаа гэнэ. Эрүүгийн хуулийг өөрчилснөөр Тимошенког суллах нэг хувилбар байна.

Хүмүүсийн яриагаар Тимошенког ялласан зүйл ангийг алга болгож, Януковичид “нүүр царайгаа авч үлдэх” боломж байгаа гэнэ. Энэ долоо хоногт уг хуулийн заалтыг өөрчлөх саналаа Янукович парламентдаа өргөн барих бололтой.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж