Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Ялагчдын айлчлал

Францын ерөнхийлөгч Николя Саркози болог Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон нар Ливид иргэний дайн эхэлснээс хойш тэнд очсон барууны анхны лидерүүд болов. Айлчлалын гол зорилго нь одоогоор бүх нутагтаа бүрэн хяналт тогтоож амжаагүй байгаа ч энэ долоо хоногоос НҮБ-ын Ерөнхий ассамблейд Ливийг төлөөлөх Шилжилтийн үеийн үндэсний зөвлөлд (ШҮҮЗ) улс төр болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх явдал болов.

Аюулгүй байдлын улмаас Кэмерон, Саркози нарын Триполид хийх айлчлалын талаар сүүлийн мөч хүртэл нууцалж байв. “AFP” агентлагийн мэдээгээр, Францын ерөнхийлөгч нэмэлт хамгаалалттай байсан аж. Энгийн хувцас өмссөн Францын тусгай хүчний 160 гаруй ажилтан дагалдан хамгаалснаас гадна ливичуудад аюулгүй салбарт нь зөвлөгөө өгсөн гэнэ. Дэвид Кэмерон ч Триполид цэргийн олон тооны шинжээчээ дагуулан очсон байна. Кэмерон Ливид ирэнгүүтээ “Бид Каддафи болон түүний талынханд та нарын хувьд бүх зүйл төгссөн, зэвсгээ хураалга гэж хэлж байгаа. Хөлсний цэргийнхэн гэртээ буцах ёстой” хэмээн мэдэгджээ.

ШҮҮЗ өндөр тушаалын зочдыг баяртайгаар хүлээн авсан байна. Каддафийн эсрэг цэргийн кампанийг санаагчлагчдын айлчлалыг Ливийн болон барууны хэвлэлүүд түүхэн гэж нэрлэв. ШҮҮЗ-ийн тэргүүн Мустафа Абдель Жалиль аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авах шийдвэр гаргасан бөгөөд “найз нарт” ямар нэгэн аюул занал байхгүй хэмээн амласан байна.

Хоёр лидер дарангуйлагч асны эсрэг тулалдаанд шархадсан босогчдыг эмчилж байгаа эмнэлэгт очсон байна. Хувьсгалчид, эмнэлгийн ажилтнууд тэднийг эх оронч дуу дуулан угтжээ. Үүний дараа зочид ШҮҮЗ-ийн удирдлагатай Ливийн ирээдүйн талаар ярилцсан байна. Кэмерон тэдэнд үзүүлэх санхүүгийн тусламжийн талаар хэлсэн гэнэ. Францын Сангийн сайд Франсуа Баруан хэлэхдээ Францын лидерийн айлчлал нь ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулахад чиглэгдээгүй бөгөөд Каддафийг хөөсөн хүмүүст туслахаар ирсэн гэжээ. “Энэ айлчлал бол түүхэн эгшин” хэмээн тэрээр “France Info” радиод өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

“Франц улс Ливийн баялагт шунаагүй. Бид ямар нэгэн шан харамжийн төлөө биш, шударга ёсны төлөө байгаа. Хэвлэлээр гарч байгаа баримт бичгүүд бол хуурамч зүйл” хэмээн тэрээр онцолжээ. Өмнө нь Францын хэвлэлд дөрөвдүгээр сард босогчдын Катарын Засгийн газарт бичсэн гэх захидал нийтлэгдсэн. Уг захидалд Франц ШҮҮЗ-ийг цэргийн хүчээр дэмжсэнийхээ төлөө Ливийн нефтийн 35 хувийг авна гэсэн байжээ. Ливид сууж байсан Оросын Элчин сайд Вениамин Попов айлчлалын талаар “Кэмерон, Саркози нар өөрсдийгөө мартуулахгүйн тулд Ливид очлоо” хэмээн энэ дүгнэв. ШҮҮЗ-ийн тэргүүн Мустафа Абдель Жалиль өмнө шинэ засаг барууны орнуудтай Ливийн хувьсгалд оруулсан хувь нэмрийг нь тооцон харьцана гэж хэлж байсан юм.

Францын Батлан хамгаалах яамны мэдээгээр Ливийн ажиллагаанд 320 сая евро зарцуулсан нь өдөрт нэг саяын зарлагатай байжээ. Сайд Жерар Лонгегийн ярьснаар одоо тэр зардал “мэдэгдэхүйцээр” буурах ёстой гэнэ.

Өнгөрсөн зургадугаар сард Их Британийн Батлан хамгаалахын сайд Лиам Фокс байлдааны ажиллагаанд тэрбумын дөрөвний нэгээс илүүтэй мөнгө зурцуулсан гэж байв. Тэр үеэр есдүгээр сар хүртэл Их Британи нэг тэрбум фунт зарцуулах болно гэсэн тооцоог шинжээчид хийж байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Францын Гадаад хэргийн сайд мэдэгдэхдээ Барууны Ливид явуулсан ажиллагааг дууссанд тооцож болох учраас НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шинэ шийдвэр гаргах цаг болсон гэжээ. Гэвч Ливийн шинэ Засгийн газар засаглалын шинэ системийг бий болгоход өөрсдийн чадварыг харуулах ёстой. Түр Засгийн газрын ерөнхий сайд Махмуд Жибраль барууны талыг баримтлагч гэсэн нэртэй болов. ШҮҮЗ-ийн тэргүүн Жибрилийг талдаа орсон Каддафийн талынхныг улс орны удирдлагад оруулж байна хэмээн исламистууд шүүмжилж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Жалиль шариатын хэм хэмжээтэй төвийг сахисан исламын ардчиллыг тогтооно гэж амласан юм. Турк исламын засаглалын ийм жишээг тогтоосон гэж тэрээр нэрлэжээ. Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган энэ шинэ оронд ирсэн гадаадын гурав дахь лидер болно.

Британийн эрх баригчид тэдний төлөөлөгчдийг шинэ Үндсэн хуулийн төсөл мөн шинэ засгийн үндэс суурийг тавихад оролцуулна хэмээн найдаж байна. Шинэ засгийн үндсийг босгосноор Каддафийн эсрэг нэгдсэн янз бүрийн бүлэглэлүүдийн хооронд зөрөлдөөн гарах боломжийг хаах учиртай. Дэвид Кэмерон битүүмжлэгдсэн Каддафийн хөрөнгийн 700 сая ам.долларыг чөлөөлөн өгнө гэж амласан байна. Британийн банкуудад нийтдээ нэг тэрбум орчим фунт стерлингийн хөрөнгө битүүмжлэгдсэн байгаа.

Гэхдээ л Ливийн шинэ засаг ирээдүйн сонгогчдоо холдуулахгүйн тулд баруунтай хэт ойртохоос болгоомжилсон бодлого барьж байна хэмээн Британийн шинжээчид дүгнэж байна.

Яг энэ үед засгаас зайлуулагдсан лидер Мауммар Каддафи Сирийн телевизээр дамжуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан НАТО-гийн агаарын цохилтоос төрөлх хот Сиртийг хамгаалахыг хүсэв. Түүний илгээлтэд “Хотыг Каддафид үнэнч талынхан барьж байна, НАТО зэрлэг балмад үйлдэл хийж байна” гээд энэ гэмт хэрэгт төгсгөл тавихыг уриалжээ.


НҮБ Ливид энхийг сахиулагчдыг илгээнэ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл есдүгээр сарын 17-ны баасан гаригт санал нэгтэйгээр Ливийн талаар шинэ тог­тоолыг батлан гаргажээ Тог­тоолоор цэргийн болон эдийн засгийн хориг арга хэмжээг сулруулахаар болов. Аюулгүйн зөвлөл Ливийн Үндэсний нефтийн корпораци ба “Zueitina” гэх компанийн битүүмжилсэн  дансыг нээж, мөн зарим банкууд болон санхүүгийн байгууллагын ажлыг хөнгөвчлөх үүднээс хоригоо сулруулжээ. AFP тэмдэглэснээр шинэ тогтоол нь аюулгүй байдлаа барих, энхийг сахиулагчид, сэтгүүлчид, хүмүүнлэгийн байгууллагынхныг хамгаалахын тулд ШҮҮЗ-д зэр зэвсэг бусад техникийг нийлүүлэхийг зөвшөөрсөн байна.

Муаммар Каддафи болон түүний хамаатан садны эсрэг  хориг арга хэмжээ ба Ливийн нутаг дэвсгэрийн агаар хийх нислэгийн хориг хэвээр үлдэв. Есдүгээр сарын 16-нд НҮБ-ын Ерөнхий ассамблей Каддафийн дэглэмийн эзэлж байсан байрыг Шилжилтийн үеийн Үндэсний зөвлөлд өгч буй шийдвэрийг гаргажээ.

Гвинеи-Бисау улсын ерөнхийлөгч Малай Бакай Санья Ливийн лидерт орогнол өгнө гэсэн ерөнхий сайд Карлуш Гомеш Жуниорын амлалтыг үгүйсгэв. Ерөнхийлөгч ерөнхий сайдын хэлсэнд сэтгэл зовинож буйгаа илэрхийлээд Гвинея-Бисау Ливийн шинэ засаглалтай харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой гэсэн байна. Карлуш Гомеш Жуниор хэд хоногийн өмнө Маумар Каддафийг “гараа дэлгэн” угтаж авна гэж мэдэгдсэн юм.

    

Каддафийн талынхан босогчдын довтолгоог няцаав

Ливийн Үндэсний зөв­лөлийн босогчдын отрядууд ухарч Бани-Валид хотоос баасан гаригийн орой гарчээ. Эдгээр отрядын нэг дайчны хэлснээр босогчдыг олон пуужингаар буудаж байгаа гэнэ. Отрядууд хохирлоо тооцож, нэмэлт зэр зэвсэг авах шаардлагатай байгаа ажээ.

Тэндээс ухарсан нь тактикийн үйлдэл гэж босогчид тайлбарлаж байна. Уг хотод 16-ны өглөө босогчид довтолжээ. Мөн энэ өдөр тэд Каддафийн төрөлх хот Сиртийг дайрч эхэлсэн юм. Хотын засгийн газрын байрнуудад босогчид тугаа хатгасан тухай мэдээлэл байгаа. Мөн Сабха хотын  ойролцоо босогчид хүчээ цуглуулж байна. Дарангуйлагчийн байгаа газрын тухай ямар нэгэн мэдээлэл одоогоор байхгүй байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж