”Оюуны ундраа”-гийн хөрөнгөөр хийд бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

”Оюуны ундраа”-гийн хөрөнгөөр хийд бүтээлээ

"Оюуны ундраа" группийн хөрөнгө оруулалтаар бүтээн босгосон
цогцолбор нээлтээ хийлээ

Намрын зэвэргэн салхи сэвэл­зэж, ирэх өвлийн дохиог сонордуулж ахуйд Налайхын сэрүүн дэнжид нэ­гэн хийд үүд хаалгаа нээлээ. Хийдийн нэр нь “Сайн номуун”. Өд­гөөгөөс 20 гаруй жилийн тэртээ хэсэг лам Налайхын энэ дэнжид хийд барина хэмээн шав тавьж байжээ. Түүнээс хойш олон жил хү­лээсний эцэст намрын эхэн сарын шинийн 17-нд буюу өнгөрсөн баа­сан гаригт “Сайн номуун” хий­дийг аравнайлан нээх ёслолын ажил­лагаа болсон юм. Нутгийн наст­нууд, хүүхэд, залуус, хөгжлийн бэрх­шээлтэй иргэд намрын сэрүүн сал­хийг ажрахгүйгээр цугласан бай­лаа. Тэд бүгд хүзүүндээ шар, цагаан өнгийн хадаг зангидсан байх аж.  Тэд гагцхүү хийдийн нээлтийг хүлээнэ.

Морин хуурын чуулга Н.Жан­цан­норовын “Монгол аялгуу”-г эгшиглүүлж, дуучин СТА н.Амга­лант­баатар “Далай лам”-ын ерөө­лийг цуурайтуулснаар “Сайн но­муун” хийдийн нээлт эхэлсэн юм. Хийдийн нээлтэд Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Б.Батбаяр нар иржээ. Мөнхүү Энэтхэг, Япон, Солонгос, Буриад улсын шашны байгууллагуудаас төлөөлөл ирсэн байлаа. “Энэ сайхан хийд барьж байгаа нь монголчуудын сэтгэлгээ улам хөгжиж байгаагийн нэгэн илрэл боллоо. Гаднаас нь харахад ч хүмүүс зугаалах талбайтай, сүүдрэвчтэй, Бурханы хөшөөтэй. Цаашид Монголд босох сүмүүдийн загвар хийд болсон байна” хэмээн хийдийн нээлтэд оролцсон Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц ярьж байсан юм.

Энэхүү хийд нь үйл ажиллагааны гурван чиглэлтэй ажээ. Үүнд уншлага хийх, ашгийн бус буяны арга хэмжээг зохиох, чадвартай лам нарыг бэлтгэх сургалт явуулах зэрэг байх бөгөөд шашны томоохон цогцолборын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах юм байна.  Шашны сургуульд Энэтхэгт алдартай Гоман дацангаас гурван лам ирж багшлах аж. “Танайд бурхны шашин хөгжиж байгаа гэдэг нь харагдаж байна. Энэхүү дацанг жинхэнэ утгаар нь ажиллуулахад чадвартай лам нар хэрэгтэй. Ингэж амжилтад хүрэхийн тулд мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй. Ийм сайхан хийд барихад туслалцаа үзүүлсэн хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлье” гэж Гоман дацангийн хамба лам, лхарамба Лувсандамчой ярьж байлаа. Хийдийн урд бүтээсэн Бурхан багшийн хөшөөний гарт байх тагшнаас ус оргилдог бөгөөд эргэн тойрны дөрвөн буланд том асар бүтээсэн байна. Мөн хүмүүс нарлаж суух сандал, цэцэрлэгт хүрээлэн зэргийг бас зэхжээ. Цаашид хийдийн гаднах орчин, засал чимэглэлд хотын захиргаанаас шаардлагатай хөрөнгийг нь шийдвэрлэж өгөх юм байна.

“Манай дацанг сэргээхэд асар их туслалцаа үзүүлсэн “Оюуны Ундраа” группийн хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье. Энэ хийдийн шавыг одоогоос 20 гаруй жилийн өмнө тавьж байлаа. Тэр үед эдийн засгийн байдал ч, манай улсын боломж ч бага байсан. Харин өнөөдрийн билэгт сайн өдөр энэхүү хийдийг нээж байгаадаа маш их баяртай байна” хэмээн "Сайн номуун" хийдийн хамба лам С.Нэргүй ярьж байлаа.

Намрын сэвэлзүүр салхитай нэгэн өдөр Монголын хийдийн тоог нэгээр нэмж “Сайн номуун” хийд үүдээ ийнхүү нээлээ. Буян арвижих болтугай.

Б.БОЛОРСҮХ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж