Ийнхүү Улс төрийн зөвлөлийнхөн намын бүртгэлийн асуудлыг хэлэлцсэний эцэст шүүхийн хараат бус байдалд итгэх боломжгүй байдал үүсчээ гэж дүгнэсэн байна. Иймд намын бүртгэлийн асуудлаар хотын дүүргүүдэд, орон нутагт гишүүдийн өргөн хэлэлцүүлэг хийх шийдвэр гаргасан байна.
Улсын Дээд шүүх ИЗ-НН-ыг бүртгэхгүй байгаа учир шалтгаан юунд байгаа талаар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүү “Бид намын бүртгэлийн асуудлаар Улсын Дээд шүүхэд удаа дараа хандаж, хэдийгээр хуульд заагдаагүй боловч нэмж шаардсаар байгаа бичиг баримтуудыг хүргүүлсээр байгаа ч асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. ИЗН-ын хувьд өмнө өөр намуудтай нэгдэж байсан багагүй туршлагатай. Хамгийн сүүлд гэхэд 2008 онд Үндэсний эв нэгдлийн нам ИЗН-д нэгдэж байсан. Өмнөх бүх тохиолдолд хуульд заагдсан бичиг баримтуудыг бүрдүүлээд хандахад Дээд шүүх дээр ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Гэтэл энэ удаад үүнтэй яг ижил процесс дээр Дээд шүүх огт өөр тайлбар хэлж бүртгэхээс татгалзаад байна. Миний бодлоор ИЗ-НН-ын бүртгэлийн асуудал одоо хууль эрх зүйн гэхээсээ илүүтэй улстөрийн асуудал болчихоод байна. Бүтэн зургаан сар буюу хагас жилийн хугацаанд саатуулж байгааг өөрөөр тайлбарлах боломжгүй болчихоод байна” хэмээн тайлбарлалаа.
"Ардын эрх" сонин