Орлогын эх үүсвэр бий болсон тул зардал нэмнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Орлогын эх үүсвэр бий болсон тул зардал нэмнэ

Засгийн
газрын өнгөрөгч баасан гаригийн хуралдааны эхэнд 2011 оны төсвийн тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслөөс
харвал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга
хэмжээнд нийтдээ 264.7 тэрбум төгрөгийг тусгаж, нийт 892.2 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Монгол Улсын 2011 оны
төсвийн тухай хуулиар нийт 627.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын
төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсан. Тодотголын төсөлд ноос,
ноолуур үйлдвэрлэгчдийг дэмжих 300 тэрбум төгрөг, Нийслэлийн агаарын
бохирдлыг бууруулахад тэргүүн ээлжид шаардагдах 34.0 тэрбум, газар
хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад 3.3 тэрбум,
100 мянган тонн улаанбуудай худалдан авч нөөцлөхөд 35 тэрбум төгрөгийг
тусгажээ.

Төсвийн орлогын эхний долоон сарын гүйцэтгэл, эдийн
засгийн нөхцөл байдалд үндэслэн, нэмэгдэх боломжит орлогыг бүрэн тооцон
энэ оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлийг тооцоход нэгдсэн
төсвийн нийт орлого 611.1 тэрбум төгрөгөөр, “Тогтворжуулалтын сан”-гийн
орлого 35.8 тэрбум төгрөгөөр, тэнцвэржүүлсэн орлого 572.3 тэрбум
төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон аж.

Түүнчлэн 2011 оны эхний
долоон сарын дунджаар нэг тонн цэвэр зэсийн дундаж үнэ дэлхийн зах зээл
дээр 9 418.7 ам.доллар, нэг тонн боловсруулсан нүүрсний үнэ 186.5
ам.долларт хүрчээ. Үнийн өсөлттэй холбоотойгоор “Тогтворжуулалтын сан”-д
энэ онд 218.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байгаа гэнэ.
Ингэснээр нэгдсэн төсвийн үр дүнгийн үзүүлэлтэд тодорхой өөрчлөлт гарах
бөгөөд 2011оны төсвийн тодотголын өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн
төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 572.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж
3,876.9 тэрбум төгрөг, нийт зарлага 765.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэн
4,849.9 тэрбум төгрөг болж, төсвийн тэнцэл 193.5 тэрбум төгрөгөөр өсөн,
нэгдсэн төсвийн нийт алдагдал 973.0 тэрбум төгрөгт хүрч, Дотоодын нийт
бүтээгдэхүүний 9.6 хувь болохоор байна.

Сангийн сайд С.Баярцогтын
танилцуулсан энэхүү асуудлыг тоон бус хэлээр тоймлон хэлбэл “төсвийн
орлогын нэмэлт эх үүсвэр бий болж байгаатай холбогдуулан энэ оны
батлагдсан төсөвт тодотгол хийх шаардлагатай” гэх тухай байгаа бөгөөд
үүнийг Засгийн газрын гишүүд ч дэмжсэн байна.


ОРОН НУТГИЙН УДИРДЛАГА, БАЙЦААГЧ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦНО

Засгийн
газрын хуралдаанаар мөн Орхон голын бохирдлын асуудлыг авч хэлэлцээд, 
хариуцлагагүй ажилласан орон нутгийн удирдлага, Мэргэжлийн хяналтын
ерөнхий газарт харьяалагддаг орон нутгийн байцаагч нарт хариуцлага
тооцохоор болж, шийдвэрлэжээ. Үүнтэй холбоотойгоор бусад аймгийн Засаг
дарга,  сумдын Засаг дарга нарыг мөн байгаль орчны хууль тогтоомжийг
биелүүлэхэд онцгой анхаарч иймэрхүү алдаа дутагдал гаргахгүй байхад
анхаарч ажиллах ёстой. Шаардлагатай бол  эрүүгийн хэрэг үүсгэж шалгах нь
зүйтэй гэж үзэн захирамж гаргасан байна. Энэ талаар салбарын сайд
Л.Гансүх “Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас дээрх асуудлын хүрээнд
тодорхой шийдвэрүүдийг цаг хугацаанд нь гаргасан байдаг. Тухайлбал,
шороон ордыг бүгдийг хаах шийдвэрийг хүртэл гаргасан.  Тийм ч учраас
байгаль орчны төлөвлөгөө, уул уурхайн ашиглалтын төлөвлөгөөг батлаагүй.
Гэвч тодорхой компаниуд олборлолт явуулж хууль зөрчсөн байгаа. Хууль
зөрчсөн энэ үйлдлийг орон нутгийн удирдлагууд таслан зогсоох ёстой
байтал, ямар ч арга хэмжээ аваагүй. Дээр нь аймаг, сумдын мэргэжлийн
хяналтын байцаагч нар бас хуулийн дагуу шаардлага тавиад, авах ёстой
арга хэмжээгээ аваагүй байгаа. Тиймээс Засгийн газрын хуралдаанаас ажлын
хэсгийнхний газар дээр нь хийсэн шалгалтын дүн, хэвлэл мэдээллээр
цацагдсан мэдээлэлтэй холбоотойгоор орон нутгийн Засаг дарга нар болон
мэргэжлийн хяналтын байцаагч нарт арга хэмжээ авахыг, мөн аж ахуйн
нэгжүүдийн үйл ажиллагаанд арга хэмжээ авах ёстой гэж үзсэн” гэв.

ЕВРОПЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

Монголд
албан ёсоор мөрдөж байгаа 5900 орчим стандартын 40 орчим хувь нь л олон
улсын стандартад нийцдэг тухай судалгааг хуралдаанд танилцуулсан нь
“Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх
бодлогыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраар
хэлэлцүүлэх болсонтой холбоотой байв. Ингээд уг төслийг хэлэлцээд
дэмжиж, өргөн мэдүүлэхээр болов. Европын холбооны туршлагаар стандартыг
авахаар болж буй нь олон улсын нийтлэг хэм хэмжээтэй холбоотой гэнэ.
Дэлхийн олон оронд үйлдвэрлэл, худалдааг зохицуулах тарифын бус арга
болох стандартчилал, тохирлын үнэлгээ нь зарчмын хувьд өөрчлөгдөж,
үндэсний стандартыг зөвхөн сайн дурын буюу сонгон хэрэглэх хэлбэрээр
батлан гаргах болсон гэнэ. Мөн Дэлхийн худалдааны байгууллагын хэмжээнд
техникийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрч, харин стандартаар худалдаанд
саад тотгор учруулахгүй байхаар тохиролцсон аж. Иймээс худалдаа,
үйлчилгээ, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд хатуу тогтоосон стандартыг
заавал мөрдөхийг шаардаж ажилд нь саад учруулахгүй байх, олон улсын
дэвшилтэт техник, технологи, үйлчилгээг стандартаар дамжуулан
нэвтрүүлэхэд чөлөөтэй нөхцөл бий болгох гэх үүднээс энэхүү төсөл
дэмжигдсэн байна.

Б.МАНДАХ

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж