Сэтгэлд ойрхон Эрхүү хот

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Сэтгэлд ойрхон Эрхүү хот

Эрхүү хот монголчуудын сэтгэлд ойрхон. Олон зуун мянган монгол оюутнууд энэ хотын их сургуульд боловсрол эзэмшиж, Эрхүүгийн хаврыг, бас намрыг дуулж байсан бизээ.

2011 оны есдүгээр сарын 11-ний өдөр. Эрхүү хотноо долоо дахь удаагаа болох Байгалийн эдийн засгийн олон улсын чуулга уулзалтад оролцох Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын айлчлалын бүрэлдэхүүнийнхэн Эрхүү хотыг  зорилоо. Ерөнхий сайдыг дагалдан УИХ-ын гишүүн Д.Идэвхтэн, Э.Мөнх-Очир, Б.Чойжилсүрэн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Ерөнхий сайд асан С.Баяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр болоод хэвлэл мэдээллийн байгууллагын  20-иод сэтгүүлч, сурвалжлагч,  Эрхүү хотноо болох Монголын соёлын өдрүүдийн нээлтэд оролцох урлаг соёлынхон гээд өргөн бүрэлдэхүүнтэй зочид Эрхүү хотыг зорьсон нь энэ жилийн Байгалийн эдийн засгийн олон улсын чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгсний нэг илрэл. Есдүгээр сарын 12-ний өглөө Эрхүү хотод цаг агаар сэрүүхэн, бороо орж байлаа. Ерөнхий сайдыг Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрынхан, Эрхүү мужийн амбан захирагч  Д.Ф.Мезенцев нарын хүмүүс халуун дотноор угтан авсан юм. Ерөнхий сайдын Эрхүү хотод зочилж байгаагийн гол зорилго нь Байгалийн эдийн засгийн олон улсын чуулга уулзалтад оролцож байр сууриа илэрхийлэхийн сацуу Монгол Улс бүс нутгийн төвшинд  хөгжих, хамтран ажиллах  боломжийн талаар санал солилцох. Мөн Монгол Улс Сибирь, Алс Дорнодын бүс нутагт  нөлөө бүхий улс гэдгийг онцлон тэмдэглэж байв.

Байгалийн эдийн  засгийн олон улсын чуулга уулзалтыг “Санкстпетр­бургийн эдийн засгийн чуулга уулзалт”-ыг үзэл санааны үргэлжлэл болгож 2000 оноос Эрхүү хотноо  хоёр жилд нэг удаа зохион  байгуулж эхэлжээ. Анхны чуулга уулзалтаас хойш өдгөө оролцогчдын тоо гурав дахин өсч, жил бүр зохион байгуулж байхаар болсон нь  дэлхийн улсууд бүс нутгийн төвшний хөгжилд гойд анхаарал хандуулдаг болсны жишээ. Манай урд хөрш  БНХАУ  энэ удаагийн чуулга уулзалтад хамгийн олон хүний  бүрэлдэхүүнтэй оролцсон бол Монгол Улс  хоёрдугаарт бичигдэж байв. Чуулга уулзалтад ХБНГУ, БНСУ, Монгол Улс,  АНУ, Франц, Финланд, Япон улсын өндөр хэмжээний төлөөлөгчид тогтмол оролцож буйгаас энэ удаагийнхад Шанхайн  хамтын ажиллагааны болон АСЕАН-ын төлөөлөгчид гээд 3000 гаруй  төлөөлөгч оролцсон юм. Дэд бүтэц, худалдаа, хөдөө аж ахуй гээд   төрөл бүрийн чиглэлээр зохиогдож байсан чуулга уулзалтыг энэ жил Аюулгүй эрчим хүч сэдвийн хүрээнд хийсэн нь манай улсын хувьд чухал. Жил бүрийн уулзалтад Монгол Улс өндөр ач холбогдол өгч буй нь  бүс нутаг, улс орон дамжсан томоохон төсөл, арга хэмжээтэй Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогыг уялдуулах, оролцох боломж, арга замыг хайхад ач холбогдолтой гэж үздэг. Дэлхийн арав гаруй орны өндөр хэмжээний төлөөлөгчид хүрэлцэн ирсэн чуулга уулзалтын нээлтэд Ерөнхий сайд С.Батболд үг хэлсэн нь бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын оролцоо чухал гэдгийг харуулсан. Тэрбээр хэлсэн үгэндээ “Чуулга уулзалт нь бүс нутгийн хөгжлийн асуудлаар үр бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой санал дэвшүүлэх боломжийг нийт оролцогчдод олгож байна. Тухайлбал, дараа жилийн уулзалтаар бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж болох юм.   Ази, Номхон далайн бүс нутгийн улс орон бүхэн өөр өөрийн онцлогтой, давуу талтай. Үүний нэгэн адил улс орон бүхэнд сул тал, бэрхшээл хүндрэл бас байгааг үгүйсгэх аргагүй. Иймд бие биенээ нөхөж, хамтдаа хөгжих нэгэн зорилго биднийг нэгтгэж байна”  хэмээн тэмдэглэснийг энд онцлох нь зүйтэй.

Эрхүүд 10 оюутныг Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна

Ерөнхий сайд С.Батболд Байгалийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохын сацуу эртнээс найрсаг харилцаатай Эрхүү хоттой цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, одоогийн шаардлагадаа уялдуулан хөгжүүлэх талаар Эрхүү хотын амбан захирагч Д.Ф.Мезенцевтэй санал солилцсон юм. Энэ үеэр Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа инженер, техникийн мэргэжлээр эхний ээлжинд 10 оюутныг Эрхүү хотын их, дээд сургуульд Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар болсон нь айлчлалын нэг үр дүн. Эрхүү хотын их дээд сургуульд 1925 оноос хойш 16 мянган оюутан суралцаж төгссөн бол одоогийн байдлаар 1000 орчим монгол оюутан суралцаж байгаагийн олонх нь хувиараа төлбөрөө төлдөг аж. Тиймээс Эрхүүд суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, Москвагийн их дээд сургуульд суралцах бэлтгэлээ хангах бааз болгоход хувиараа суралцаж буй оюутнуудад  хөнгөлөлт үзүүлэх тал дээр ч анхаарахаа мэдэгдлээ. Ерөнхий сайд боловсролын салбарт хамтран ажиллаж ирсэн арвин туршлагатай Эрхүү хотын Зам харилцааны их сургууль, Анагаах ухааны их сургуулиар зочилж, сургуулийн удирдлага, монгол оюутнуудтай уулзсан нь үр дүнтэй болсон. Түүнчлэн дэд бүтэц, худалдаа, зам харилцааны салбарт хамтран ажиллах нөөц боломж, давуу тал байгааг хоёр тал дурдаж байв. Үүний нэг жишээ нь Улаанбаатарт мах боловсруулах үйлдвэр байгуулж, хагас боловсруулсан махан бүтээгдэхүүнээ манайхаас экспортлох талаар ярилцсан нь айлчлалын бас нэг үр дүн гэж хэлж болно.

Ерөнхий сайдын албан ёсны уулзалтууд, арга хэмжээнүүдийн төгсгөлд Эрхүү хотын “Тальцы” байгалийн музейн цогцолбороор зочилсон нь жинхэнэ Оросын ард түмний ахуй, урлаг, соёл, зан заншлыг нэгэн дор харж болохоор байв. Жимс жимсгэнэ, тариа ногоогоо хэдийнэ хураасан Оросын ард түмэн Монгол Улсын Ерөнхий сайд болоод нийт төлөөлөгчдөд үндэснийхээ хувцас, хоол, дуу хөгжмөөр  нүд хужирлаж, сэтгэл баясгах үзүүлбэр үзүүлж байлаа. Энэ баяртай давхцан Эрхүүгийн Драмын эрдмийн театрт Монголын урлаг соёлынхон үндэсний язгуур урлагийн тоглолтоо сонирхуулсан нь Эрхүүгийн ард түмний сэтгэлд хүрсэн нь алга ташилтаас мэдрэгдэж байв. Дуу хуурт дуртай Оросын ард түмэн монгол ардын бүжиг, биелгээ, уран нугаралт, уртын дуу, хөөмий, морин хуурын аялгууг шимтэн үзэж суугаа харагдсан. Чуулга уулзалт, яриа хэлэлцээр, дуу хуур, тоглоом наадгай гээд бүхнээр дүүрэн Эрхүүгийн аялал есдүгээр сарын 13-ны өдөр өндөрлөж ОХУ-ын Улаан-Үд хотын зүг  хөдөлсөн юм. Энэ удаагийн айлчлал  Монгол Улс, Эрхүү хотын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд тус нэмрээ өгнө гэдэгт найдаж байна. Монголын ард түмний сэтгэлд ойрхон Эрхүү хот баяртай.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, гэргий Х.Отгонтуяа нар Эрхүү хотноо  энэ сарын 12, 13-нд болсон Байгалийн эдийн засгийн олон улсын чуулга уулзалт, ОХУ-ын Улаан-Үд хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээнд оролцоод ирлээ. Эрхүү, Улаан-Үд хотоор айлчилсан дөрөв хоногийн хөтөлбөрийг тоймлон хүргэж байна.

2011 оны есдүгээр сарын 12

07.45 цаг.
Ерөнхий сайд, дагалдан яваа албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид, урлаг соёлынхны хамт  Эрхүү хотод ирэв. Түүнийг Монгол Улсаас ОХУ-д  суугаа Ерөнхий консул болоод Эрхүү мужийн амбан захирагч Д.Ф.Мезенцев,  Эрхүү мужийн засгийн газрын орлогч дарга С.П.Серебренников нарын хүмүүс угтан авлаа. Ерөнхий сайдад Эрхүү мужийн амбан захирагч Д.Ф.Мезенцев бараалхаж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

09.30 цаг. Ерөнхий сайд С.Батболд Байгалийн эдийн  засгийн олон улсын чуулга уулзалтын нээлтэд оролцож  үг хэлэв. Үүний дараа тэрбээр “Байгалийн бүс нутаг болон Дорнод хязгаарын хөгжлийн стратеги, төрийн бодлого” сэдэвт салбар хуралдаанд оролцов.

11.00 цаг. Ерөнхий сайд ОХУ-ын  Холбооны хурлын Холбооны зөвлөлийн даргын нэгдүгээр орлогч А.Д.Торшин, ОХУ-ын “Ростехнологи” корпароцийн Ерөнхий захирал С.В.Чемезов нартай уулзав.

12.10 цаг. “Ерөнхий сайд, албаны хүмүүсийн  хамт Монгол Улсаас Эрхүү хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газарт зочилж, үйл ажиллагаатай ньтанилцлаа.

13.50 цаг.
Ерөнхий сайдыг дагалдан яваа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр Эрхүү мужийн “Белоренченский” хөдөө аж ахуйн цогцолборт зочилж, өндөг, мах боловсруулах үйлдвэртэй танилцав. Энэ үеэр Улаанбаатар хотод мах боловсруулах үйлдвэр байгуулах талаар ярилцав.

17.10 цаг.  Эрхүү мужийн “Тальцы”  байгалийн музейн цогцолборт зочилж, Монгол гэр бэлэглэх ёслолд оролцлоо.

20.00 цаг. Эрхүү  мужийн ард түмэнд Ерөнхий сайдыг дагалдан явсан урлаг соёлынхон тоглолтоо сонирхуулав. Тоглолт Эрхүү мужийн драмын театрт болж, Монголын ард түмний язгуур урлагыг  гайхуулж  чадсан юм.

2011 оны есдүгээр сарын 13


09.10 цаг.
Ерөнхий сайд Эрхүү мужийн “Деловой центр Улаанбаатар” төвийн бүтээн босголтын үйл ажиллагаатай танилцаж, Эрхүүгийн зам харилцааны их сургуулиар зочиллоо.

10.20 цаг. Ерөнхий сайд Эрхүү хотын Анагаах ухааны их сургуульд суралцаж буй монгол оюутнууд болоод Эрхүү мужийн Засгийн газрын орлогч дарга, Эдийн засгийн хөгжил, хөдөлмөр,  шинжлэх ухаан болон дээд боловсролын сайд С.Д.Аникеев, Эрхүү хотын их, Дээд сургуулиудын ректоруудын зөвлөлийн дарга М.А.Винокуров тэргүүтэй төлөөлөгчтэй уулзлаа.

12.20 цаг.
Ерөнхий сайд нийт бүрэлдэхүүний хамт Эрхүү хотоос Улаан-Үд хот руу мордов.

18.55 цаг.
  Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод  суугаа Ерөнхий консул Л.Жавзмаа, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч И.М.Егоров нарын албаны хүмүүс угтан авав.  Мөн Ерөнхий сайд, түүний гэргийг  ноён И.М.Егоров хүндэтгэлийн зоогонд урив.

2011 оны есдүгээр сарын 14

11.30 цаг. ОХУ-ын Буриад улсын  Ерөнхийлөгч В.В.Наговицтай Ерөнхий сайд уулзаж,  Буриад улс байгуулагдсаны 345 жилийн ойн баяр хүргэв.

11.55 цаг. Буриад улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт  ноён В.В.Наговицийн хамт зочилж, Консулын газар байгуулагдсаны 20 жилийн ойн ёслолын арга  хэмжээнд оролцов.

14.45 цаг. Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газарт зочилсноор Ерөнхий сайд С.Батболдын Эрхүү, Улаан-Үд хотод хийсэн айлчлал өндөрлөсөн юм.

С.ОТГОНСҮРЭН

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж