Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авахаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авахаас татгалзав

Өнгөрөгч баасан гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар хүчний гурван сургуулийг нэгтгэхтэй холбоотой асуудлыг дахин хэлэлцжээ. Энэ асуудлыг хэрхэн хэлэлцсэн талаар Засгийн газрын хэвлэлийн албаны албан мэдээнд Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийг татан буулгаж, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг орон тоо, төсвийн хамт Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа Дотоод хэргийн их сургуульд шилжүүлэхээр болсон тухай өгүүлжээ.

Ингэснээрээ Засгийн газар нь өмнө гаргасан шийдвэрээ хууль ёсных болсон хэмээн үзсэн аж. Уг нь энэ асуудлаар Ерөнхийлөгч “Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасны дагуу Засгийн газар цэргийн анги, байгууллагыг байгуулах, татан буулгах тухай асуудлыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцөн шийдвэрлэх журамтай. Гэтэл Засгийн газрын 2011 оны 229 дүгээр тогтоолоор цэргийн ангийн статустай цэргийн байгууллага байгуулсан шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг зөвшилцөлгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн тул дээрх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй” гэж албан бичиг илгээсэн. Мөн албан бичигт “Хоорондоо ялгаатай чиг үүрэг бүхий цэрэг, цагдаа, тагнуулын байгууллагуудын хүний нөөцийг бэлтгэх тогтолцоог нэгтгэсэн нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог үр нөлөөтэй, боловсронгуй болгох төрийн бодлогод нийцэхгүй” тухай ч дурдсан байв.

Засгийн газарт анхааруулсан Ерөнхийлөгчийн энэхүү бичгийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Засгийн газар хууль зөрчөөгүй” хэмээн албан бусаар мэдээлж байсан нь ийнхүү өнгөрөгч баасан гаригийн хуралдааны тогтоолоор албан ёсных болж буй бололтой. Өөрөөр хэлбэл, сургуулиудыг нэгтгэхтэй холбоотой асуудлыг улам тодотгон эргэлтийн болоод үндсэн хөрөнгийг орон тоо төсвийн хамт Дотоод хэргийн их сургуульд шилжүүлэхээр болсон гэдэг нь Ерөнхийлөгчийн албан бичигт өгсөн албан ёсны “татгалзсан” хариу боллоо. Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх М.Батчимэг энэ тухай Засгийн газраас ямар хариу хүлээж буй талаараа “Засгийн газраас энэ асуудалд нухацтай хандаж, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд анхааралдаа авна гэдэгт эргэлзэхгүй байна. ХЗДХЯ-ны удирдлагаас “хууль зөрчөөгүй” гэсэн мэдэгдэл хийсэн байна лээ. Хууль зөрчсөн, төрийн бодлого гажуудсан нь тодорхой байхад алдаагаа хурдан засах байх” гэж хэлж байж. Ямартаа ч Ерөнхийлөгчийн институцийн зүгээс хүлээж байсан найдлага үгүй болж, Засгийн газар шийдсэн асуудлаа хэвээр үргэлжлүүлэхээр шийдэж буй бололтой.

Б.МАНДАХ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж