Д.Зоригтод хариуцлага тооцох асуулга тавина

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Д.Зоригтод хариуцлага тооцох асуулга тавина

Ойрын өдрүүдийн улс төрийн онцлох үйл явдал нь Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтод хариуцлага тооцуулах тухай ээлжит асуулгыг Засгийн газарт өгөх тухай байх нь.

Ээлжит гэхийн учрыг мэдэхгүй хүн бараг үгүй байх, огцруулах асуудлыг өмнө нь хоёр ч удаа хөндөж байсан болохоор. Анхных нь 2010 оны арванхоёрдугаар сарын 27-нд Ц.Батбаяр, С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг нарын УИХ-ын даргад хаягласан Д.Зоригтыг огцруулах тухай бичиг байв. Үүнээс ч өмнө гишүүдийн тавьсан асуултыг үл тоосон гэх үндэслэлээр Д.Зоригт сайдад ёс зүйн хариуцлага тооцохыг УИХ-ын дарга Ерөнхий сайдад анхааруулж албан бичиг илгээж байсан. Дээрх бичигт хуулийн дагуу 14 хоногт хариуг өгөх байсан бөгөөд тухайн үед УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй уулзах үеэрээ Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод хариуцлага тооцохоор шинэ оны өмнө өргөн мэдүүлсэн өргөх бичгээ татахгүй гэдгээ ч хатуу мэдэгдэж байв. Тэрээр “Хууль хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн сайд хариуцлага алдсан байхад шийтгэл ногдуулахгүй байх нь УИХ хуулийг хэрэгжүүлэх ёстой гэж ярих нь учир дутагдалтай тул, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтын асуудлыг даруй шийдвэрлэх ёстой” гэж байж. Гэсэн ч олонх “Д.Зоригтыг огцруулах шаардлагагүй” гэж шийдсэн.

Дахин таван сар өнгөрсний дараа 2011 оны тавдугаар сарын эхээр С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах долоон заалт үндэслэл бүхий өргөдлийг УИХ-ын даргад мөн л өргөн барив. Үндэслэл урьдын адил. Шийдвэр ч мөн адил “Огцруулах шаардлагагүй” хэмээн гарсан. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл дээрх шийдвэр гарсны дараа гишүүдэд хандан “Хууль нь байгаа юм чинь гээд сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг гурав, дөрөв дэх удаагаа тавьж болохгүй. Хариуцлага өндөржүүлнэ гэдэг сайныг нь дэмжиж ажиллахыг хэлнэ. Хариуцлага тооцно гэдэг хуучирсан арга болсон” гээд “хэргийн эзэнд” хандан “Хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүд танд итгэл хүлээлгэлээ. Энэ итгэлийг дааж ажиллах ёстой. Хэрвээ УИХ хамгаалдаг юм чинь гэсэн байдлаар асуудалд хандаж ажлаа сайжруулахгүй бол ард түмэн таныг огцорсон сайд хэмээн тооцох болно. УИХ-ын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах ёстой” хэмээгээд алхаа цохин асуудлыг хааж байсан.

Гэвч энэ асуудал дахин босч ирж, С.Эрдэнэ, Д.Ганхуяг нарын гишүүд өмнөх хоёр удаагийн шаардлагад дурдсан асуудлуудын нэгийг нь ч биелүүлээгүй гэх шалтгаанаар хариуцлага тооцох тухай асуулгыг дахин боловсруулжээ. Тэд энэхүү асуулгаа өнөөдөр Ерөнхий сайдад хүргүүлэх аж. Ерөнхий сайд асуулгад ямар хариу ирүүлэхээс шалтгаалж огцруулах саналыг гурав дахиа өргөн барих эсэхээ шийдэх аж.

Өмнөх бүхий л шаардлагуудын авторын эхэнд байгаа С.Эрдэнэ гурав дахь удаагийнхаа оролдлогын талаар “Ямартаа ч Д.Зоригт сайдад хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Эрчим хүчний хангамжтай холбоотой чухал ажлуудаа эхлээгүй. Одоо болтол 3-р цахилгаан станцын хашаанд ажил эхлээгүй л байна. Би мэргэжлийн хүмүүстэй уулзаж ярилцсан. V цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар зөрөөд III цахилгаан станцын одоогийн байгаа өндрийн зуухнуудыг нураах юм байна лээ. Ашиглалтын хугацаа нь дуусч байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол шинэ цахилгаан станц байгуулж байгаа хэрэг биш.Харин III цахилгаан станцын шинэчилсэн өргөтгөлийг хийх нь гэж ойлгож байна. Ард түмнийг ингэж хуурч болохгүй шүү дээ. Эрдэс баялаг, эрчим хүчний яам бол Монгол Улсын амин судсыг атгасан газар. Энэ яам ажлаа үнэндээ хийхгүй байна. Нефть, эрчим хүч гээд бусад чухал ажлаа хойш тавиад ганцхан уул уурхайн салбар руугаа хошуугаа дүрчихээд байна. Ашигт малтмал дотроо зөвхөн Оюутолгой,Тавантолгой руу л хошуугаа дүрчихээд ноцолдоод байх юм энэ Зоригт гэдэг хүн” гэж тодорхойлжээ.

Ямартай ч Д.Зоригтод хариуцлага тооцох асуудал дахин босож ирлээ. Шийдвэрийг гаргах хүмүүс хэвээр байгаа ч нөхцөл байдал өөрчлөгдсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Б.МАНДАХ

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж