Охины минь амийг хэлтрүүлчихгүй яав даа

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Охины минь амийг хэлтрүүлчихгүй яав даа

Одоогоос гурван сарын өмнө буюу өнгөрөгч  зургадугаар сарын 16-нд Баянзүрх дүүрэгт хорьхон настай охины амийг хөнөөгөөд, цогцсыг нь жалганд аваачиж шатаасан аймшигт хэрэг гарсан. Хэргийг 16 настай таван хөвгүүн үйлдсэн гэж байгаа бөгөөд тухайн үедээ машин унаж зугаацахын тулд машинаа жолоодож явсан охины амийг хөнөөсөн гэх мэдээлэл гарч байсан юм. Одоогоор уг хэргийг 16 настай  Г, У нар хөнөөсөн гэж үзэж шалгаж байгаа юм. Хэрэг гарсны дараахан талийгаач охин  Б-ийн гэрт манай сурвалжлах хэсгийнхэн  очиж байсан. Тухайн үед  талийгаач охины аав, ээж сэтгэл санааны цочролд орсон байсан тул ярилцлага өгөхөөс татгалзсан. Түүнээс хойш гурван сар гаруй хугацаа өнгөрч, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа оржээ. Хэрэг явдлын талаар талийгаач охины ээж Д.Болормаатай уулзаж ярилцлаа.

-Охины тань амиа алдсан тухай мэдээлэл хэвлэлээр гарч, олныг түгшүүлсэн. Харин та охиноо бусдын гарт амиа алдсаныг хэзээ мэдсэн бэ?

-Зургадугаар сарын 16-нд би  охинтойгоо өглөө хамт гарч  хэдэн ажил амжуулаад, дараа нь намайг ажил дээр хүргэж өгөөд гэртээ харина гээд явсан юм. Тэгээд орой 19.00 цагийн үед  гэртээ харьтал  манай нөхөр  “Охинтойгоо хамт ирэхгүй  яав аа” гэхгүй юу. Тэгээд л 19.30 цагийн үед утас руу нь залгахад  хоёр дуудаад л  тасалсан. Тэр шөнөжингөө бид нойргүй хонож байгаа юм. G mobile. Unitel-ийн хоёр утастай явсан ч хоёулаа холбогдоогүй. Маргааш өглөө нь ажлаасаа чөлөө аваад нөхөртэйгөө машинаа хайхаар боллоо. Машинаа хайвал охиноо олдох байх гэж бодоод тэр шүү дээ. Тэгсэн  чинь Хан-Уул дүүргийн журмын хашаанд таван залуу цагаан машин унаж яваад баригдсан гэж цагдаагийнхан хэлсэн. Ингээд Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн газарт очоод манай машиныг унаж яваад баригдсан хүмүүсийг лавлуулж олмоор байна гэтэл “Бичиг баримтыг нь хураагаад авсан. Лавлуулах шаардлага байхгүй” гээд хүлээж аваагүй. Тэгэхээр нь охиныхоо найз  руу нь утасдаад асуусан чинь “Танай машин  шөнийн 12.00 цагийн үед л Эрдэнэтолгойгоос уруудаад явж байсан. Мөргөлдсөн юм шиг байна лээ. Машинд олон хүн суусан байсан” гэсэн. Ингээд бас нэг өдөр өнгөрчихлөө. Маргааш нь буюу 18-нд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл бичээд очтол “Та юу яриад байгаа юм” гээд загналаа. Аргаа бараад Замын  цагдаагийн газрын нэг  ахмадтай ярьтал “Та эрэн сурвалжилж өгнө үү” гэсэн өргөдөл бичээд хорооныхоо цагдаад найман хувь зурагтай  өг” гэдэг юм байна.  Гачууртынхаа байцаагч Баярбаатарт өргөдөл бичээд Замын цагдаагийн газарт ирж, машиныг унаж явсан таван хүүхдийн зургийг гаргуулж авсан. Манай нөхрийн дүү нь тэр таван  хүүхдийн зургийг хараад заримыг нь таньсан юм. Маргааш нь /19-нд/ Баярбаатар байцаагчтай  манай нөхөр, нөхрийн дүү бид гурав нөгөө таван хүүхдийг хайсан. Эрдэнэтолгойн ойролцоох  РС тоглоомын газарт тоглодог хүүхдүүдээс Ганжаргал, Ууганжаргал  хоёрын гэрийг  заалгаад  баривчилсан. Охиноо ор сураггүй алдсан надад үнэхээр хэцүү байсан. Биеэ барьж дийлэхгүй  “Миний охиныг та нар яасан” гээд л  хоёр алгадаад авлаа. Тэгсэн чинь “Юу яриад байгаа юм. Найз охиныдоо очно гээд буусан. Би Батоникаас машиныг нь аваад явсан” гэж  Ганжаргал  нь өөдөөс хэрэлдсэн. Тэр хоёрыг Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт аваачаад байцаалт авахдаа намайг оруулаагүй. Би гадаа нь сууж байтал нөхөр, дүү хоёр гарч ирээд “За явъя. Машинаа шалгахаар боллоо. Гэртээ хариад байж бай” гэсэн. Тэр хүүхдүүд угаасаа их муухай царайтай, танхай үг яриатай байсан болохоор шууд л муу бодол  орж ирж байгаа юм. Гэртээ ирсний дараа л охиныг маань хөнөөсөн гэдгийг хэлсэн. Тэр хүүхдүүд цагдаад байцаагдаад 30 минут болоод л хэргээ хүлээсэн юм билээ. Хэрэг болсон газар, цогцсыг нь шатаасан газар луу биднийг явуулаагүй. Үндсэндээ бол миний охины амийг хөнөөгөөд дөрөв хоносны дараа л  мэдсэн хэрэг. Хаана хандахаа мэдэхгүй явсаар цаг хугацаа алдсан.

-Одоо мөрдөн байцаалтын ажил­лагаа ямар шатандаа явж байгаа вэ. Та мөрдөн байцаагчтайгаа байнга уулзаж байгаа юу?

-Хэрэг гарсны дараа бол ухаан санаа орж гараад, самуурсан хүн л байлаа шүү дээ. Ажил явдал дуусаад арваад хоносны дараа УМБГ-ын мөрдөн байцаагч Гантулгатай утсаар ярьсан чинь “Таны хэрэг байхгүй. Танаас байцаалт авахгүй” гэсэн. Тэгэхээр нь “Би байцаалт өгнө. Аав нь хөдөө байн байн явдаг, суурин  байдаггүй” гэж  гурван удаа утсаар хэлж байж уулзсан. УМБГ-т зургаан удаа очсон. Хамгийн сүүлд наймдугаар сарын сүүлээр уулзахад мөрдөн байцаагч нь “Би хийх ёстой ажлаа хийж байна, 16 настай хэдэн хүүхэд л мэдүүлэг өгч байна” гээд  байхаар тэр хүүхдүүд 16 настай гэдэг нь чухал юм байх даа гэж бухимдаж байснаа нуухгүй.  Энэ сардаа багтаад мөрдөн байцаалт дуусч, хэргийг прокурор руу шилжүүлнэ. Тэр үед хавтаст хэрэгтэй танилцуулна гэж хэлсэн. Хүлээгээд л байж байна.

-Цагдан хоригдож байгаа Ганжар­гал, Ууганжаргал нараас гадна ма­ши­ныг журмын хашаанд  хийх үед бас гурван хүүхэд байсан гэсэн. Тэд­нээс байцаалт, мэдүүлэг авч байгаа юмуу?

-Миний охин гадуур гардаггүй, хүмүүжилтэй хүүхэд. Буруу  замын хүүхдүүдтэй нийлэх хүүхэд биш. “Тавын таван хүүхэд хэрэгт холбоотой байхад яагаад гурвыг нь сул чөлөөтэй явуулаад байдаг юм бэ” гэж мөрдөн байцаагчаас асуухад  “Та хууль мэдэхгүй  байна. Битгий дэмий юм яриад бай” гэж байгаа юм. Хэрэг гараад бүр хоёр сар гаруйн дараа нэг удаа дуудаж л мэдүүлэг авсан юм билээ. Тэд нар нь хаана юу, хийж явааг  мэдэхгүй. Миний охин өнгөрсөн жил Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын дээд сургууль төгсөөд амьдралд дөнгөж хөл тавьж байхдаа хүмүүжилгүй, танхай хүүхдүүдийн гарт  амь үрэгдлээ. Би насан туршдаа гомдолтой явна.  Хэрэг гардаг өдөр өглөөний 10 цагийн  үед охинтойгоо  гэрээсээ гарсан хүн шүү дээ. Гэтэл тэр өдрөө л ийм юм болчихлоо. “Охин маань би өнөөдөр гармааргүй байна, гэртээ амармаар байна” гэж байсан  л даа. Харин би гадуур хөөцөлдөх ажилтай болчихоод… Охин маань жолооны курс төгсөөд аавыгаа байхгүйд ойр зуурынхаа ажлыг амжуулдаг байсан юм.

-Машинаар зугаалахын тулд  амь насыг нь хөнөөсөн гэж мэдүүлсэн гэ­сэн.  Үнэхээр машин унахын төлөө тийм зүйл  хийсэн гэхээр  итгэмээргүй юм?

-Хэрэг гарсны дараахан  зарим нэг сонин хэвлэлд  машин унаж хотоор зугаалахын тулд хүний амь хөнөөсөн гэж мэдүүлсэн гэж бичсэн байна лээ. Бас охиныг маань аавынхаа машинаар халтууранд явж байгаад  амиа алдсан мэтээр бичсэн байхыг ч харсан. Миний  охин халтууранд явж байсан удаагүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа гээд хэргийн талаар бидэнд хэлээгүй. Тийм болохоор  тэр хүүхдүүд чухам юу гэж мэдүүлснийг мэдэхгүй юм. Үнэхээр машин  унаж зугаалахын тулд миний охиыг хөнөөсөн  гэхээр итгэж чадахгүй байна.

-Машинаа журмын хашаанд бай­хад нь авсан гэсэн. Ямархуу бай­далтай байсан  бэ?

-Өнгөрсөн жил худалдаж авсан юм. Манай машиныг унаж яваад айлын хашаа мөргөсөн гэсэн. Хэрэг гарсны дараа ч машинаа журмын  хашаанаас авч чадаагүй. Сүүлд мөрдөн байцаагчаас нь машинаа гаргаж аваад засуулъя гэхэд “Тэр хүүхдүүдийн гэрээс нь авах юм байхгүй. Ядуу, архи дарс уудаг гэж байсан л даа” гэж байгаа юм. Одоо хоригдож байгаа хоёр хүүхдийн нэг Ууганжаргалын ээжтэй УМБГ-т таарсан. Манай өмгөөлөгч уулзаад машинаа журмын хашаанаас гаргаж, засуулмаар байна гэж хэлсэн л дээ. Тэгсэн чинь Ууганжаргалын ээж  журмын хашаанаас төлбөр мөнгийг нь төлж, вьетнам засварт  өгөөд  орхисон. Машиныг нэг сая гаруй төгрөгөөр засна гэсэн болохоор гурав хоногийн  дараа авчирч өгнө гээд сураг тасарсан л даа. Тэгээд засварын газрынхан нь машинаа засуулахгүй бол авч яв гэж байгаа. Арга буюу өөрсдөө мөнгө төгрөг зохицуулж засуулаад багахан үнээр зарсан  даа. Миний охины цогцсыг хүртэл ачаад явж байсан машиныг уг нь эхлээд бид авахгүй гэсэн юм. Гэтэл хэрэг үйлдсэн гэх хүүхдүүдийн ар гэрийнхэн төлбөрийг чадваргүй гэсэн болохоор л арга буюу өөрсдөө засуулж, зарсан. Анх тэд машиныг унаж яваад шонгийн мод мөргөсөн гэж мэдүүлсэн байдаг ч үнэндээ миний охины цогцсыг шатаах гэж ачиж явахдаа айлын хашаа мөргөсөн юм шиг байна. Тэр айлын эзэн лам хүн хашааг нь цагаан өнгийн машин дайраад явсан гэж мэдүүлэг өгсөн гэсэн.

-Хэрэгт холбоотой таван хүүх­дийн гурвыг нь цагдан хорилгүй га­дуур байцааж байгаа шалтгааныг та нарт тайлбарласан уу?

-Хэрэг үйлдэх үед нь нөгөө гурав байгаагүй гэж л үзээд байгаа юм шиг байна. Миний охины амийг хөнөөгөөд цогцсыг нь жалганд хаяж шатаасныхаа дараа  л нөгөө гуравтайгаа уулзсан гэдэг.  Хэрэг гарах үед Ганжаргал, Ууганжаргал хоёр л байсан гэж ойлгоод байгаа. Хавтаст хэрэгтэй танилцахаар нарийн зүйлүүд тодорхой болох байх л даа. Тэр хүүхдүүд наймдугаар ангиа төгсөөд л сургуулиасаа гарсан юм билээ. Ууганжаргал нь Хэнтий аймагт үсчний курс төгссөн  гэж дуулсан.

-Одоо хоригдож байгаа хоёр хүүхдийн нэг нь мэдүүлгээсээ буцаж, хэргээ хүлээхгүй  байгаа гэж дуулсан?

-Эхлээд нэг нь шууд хэргээ хүлээсэн гэсэн. Ганжаргал нь эхний өдөр хүлээхгүй байж байгаад дараа нь хэрэг үйлдсэнээ мэдүүлсэн гэсэн. Харин наймдугаар сарын дундуур Ганжаргал нь хэргээ хүлээхгүй, багштайгаа хамт мэдүүлэг өгнө гээд байгаа юм шиг байна.

-Таны охин хэрэгт холбогдсон хүүх­дүүдийг  урьд нь таньдаг бай­сан юм болов уу. Яаж яваад тийм хүүх­дүүдтэй нийлсэн юм бол?

-Өмнө нь зөөгч хийдэг байхдаа нэгийг нь зүс таньдаг байсан юм болов уу. Нөгөөдүүлийг нь танихгүй. Хэний дарамтад ороод, яаж яваад тийм айхтар хүүхдүүдэд амиа алдсаныг мэдэх юм алга.

-Шүүх эмнэлгийн задлан шин­жил­гээний дүн гарсан уу?

-Хэрэг гарснаас хойш 25 хоногийн дараа шинжилгээний дүн гарсан ч бидэнд танилцуулаагүй. Гадны ямар нөлөөгөөр яаж нас барсан гэдгийг нь мэдээгүй л явна. Хавтаст хэрэгтэй л танилцуулна гэхээс өөр юм хэлээгүй. Буяны ажил нь болсны дараа алтан хайрцаг нээлгэхээс өмнө шүүх эмнэлгээс бичиг авахад 98 хувийн түлэгдэлтэй гэж байснаас нарийн зүйл байгаагүй. 16 настай хүүхдүүд хүний амь хөнөөгөөд, тэгээд хэргээ нуун далдлахын тулд шатаагаад, жалганд хаясан гэхээр итгэж чадахгүй нь, хэлэх үг ч олдохгүй нь. Ямар хүмүүжилтэй, ямар эцэг эхтэй хүүхдүүд вэ. Би анх тэр хүүхдүүдийг хараад л эх хүний зөн совингоор миний охинд муу юм хийснийг  нь гадарласан. Гэхдээ л арай ч үгүй  байлгүй дээ, амьд байгаа болов уу гэж горьдож байлаа. Гэсэн ч араатнаас дор хүүхдүүд  байсан байна лээ. Үнэхээр л хүний эд хөрөнгө хэрэгтэй байсан юм бол машиныг нь аваад охиныг минь түлхээд унагаачихгүй яав даа гэж харуусах юм. Миний охин хүний шунал хөдөлгөөд байх юм ч өмсч зүүгээгүй шүү дээ. Ууганжаргалынх нь ээж надад “Маш их харамсч байна. Миний хүү арай ч ийм юм хийнэ гэж санасангүй” гэж байсан. Харин Ганжаргалынх нь эцэг, эх ямар хүн байдгийг мэдэхгүй. Хорьхон настай, цэцэг цэврүү шиг охиноо  хүүхдийнх нь гарт алуулчихаад байхад бидэнтэй ядаж холбоо бариагүй хүмүүс ямаршуу эцэг эх болох нь ойлгомжтой биз дээ.

Талийгаач охины ээж ийнхүү ярьж байна. Ямартай ч тэд энэ хэрэг удахгүй үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж найдаж байгаа гэсэн.

С.ОТГОНСҮРЭН

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж