Сэргэсэн Сэлбэтэй ирэх жил ”уулзана”

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Сэргэсэн Сэлбэтэй ирэх жил ”уулзана”

“Сэлбэ гол цагтаа энэ даланг халих шахам урсч байсан. Багадаа тоглож байсан цаг маань саяхан санагдаж байна. Гэтэл одоо Сэлбэ маань урсах төдийхөн болсныг хараад харамсах юм” гэж Монгол Улсын Ардын жүжигчин Г.Хайдав гуай хэлж байна. Нээрээ тэдний залуу үед Сэлбэ ямар сайхан урсч байсан бол гэж бодогдох шиг. Бид харж үзээгүй болохоор төсөөлөхөд ч хэцүү. Орчин цагийн хүүхдүүдийн хувьд ухаан орон цагаас хойш л Сэлбэ чимх чимхээр хорогдсоор одоо амь тасрах шахаж буй.

Өнгөрсөн баасан гаригт Сэлбэ голыг сэргээх төслийн нээлт болсон юм. Нээлтийн ажиллагаанд Засгийн газрын тэргүүн  С.Батболд, Хотын захирагч Г.Мөнхбаяр болон бусад албаныхан болон их, дээд сургуулийн оюутнуудын төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Ардын жүжигчин Г.Хайдав гуайн дээр хэлсэнчлэн ундаалж, тоглож өссөн ус минь дундарсныг нийслэлчүүд харж байгаа билээ.

Сэлбэ голыг сэргээх төслийг өн­гөрсөн оны  арванхоёрдугаар сард Нийгмийн ардчилал-Мон­голын залуу­чуудын холбооноос санаач­лан, одоо ажлыг нь Сүхбаатар дүүр­­­­гийнхэн хариуцан ажиллаж байгаа.  Энэ төслийг хэрэгжүүлж, гол орчмыг тохижуулахад таван тэрбум 600 сая төгрөг шаардлагатай.  Одоогоор 700 сая төгрөгийн ажил хийж дууссан.  Монгол Улсын Ерөн­хий сайд С.Батболд УИХ-ын гишүүний багцаас нэг тэрбум төгрөг хандивласнаар энэхүү ажил урагштай, түргэн шуурхай үргэлж­лэхээр болсон гэж Сүхбаатар дүүр­гийн удирдлагууд хэлж байсан. “Эдийн засаг хөгжихийн хнрээр, хүмүүсийн амьдрах орчин, нөхцөл сайжрах юм бол бидний явуулж буй бодлого үр дүнд хүрч байгаа гэсэн үг. Монгол Улсын эдийн  засаг өсч байгаа. Харин үүнийгээ зөв ажилд шийдэж зарцуулах нь хамгийн чухал. Үүний нэг тод жишээ нь ч өнөөдрийн арга хэмжээ болж байна” гэж Ерөнхий сайд С.Батболд  тус ажиллагааны үеэр онцолж байв. Хүмүүс бидний буруугаас болж ширгэсэн Сэлбэ голыг хүмүүс бид дахин сэргээх болно, гэхдээ энэ ажлыг сэтгэл хөөрлөөр өнөө маргаашаа бодож шийдэх ёсгүй юм гэж тэрбээр дурьдаад, шинжлэх ухааны үндэстэй байгалийн унаган зохицолдоог хангасан, орчин цагийн технологийн дэвшлийг ашиглан хурын усны урсацыг тохируулан гүний усыг татах хэлбэрээр Сэлбэ голыг сэргээн шийдвэрлэж байгаа гэд­гийг онцоллоо. Нийслэлийн Сүх­баатар дүүрэг, олны нэршиж занш­санаар Зуун айлын гүүрнээс Арслантай гүүр хүртлэх талбайг тохи­жуулж цэцэрлэгжүүлэх ажлын эхний алхам шороог тэгшлэх, эр­гэн тойрондох тохижилтын ажил дуус­санаар ийнхүү нээлтээ хийж байгаа энэ. Эхний ээлжинд Зуун айлын гүүр­­нээс 350 метр талбайн усны ур­сацыг нэмэгдүүлж, нийт 1,2 км талбайн орчныг тохижуулах ажлыг  “НОРБУ”, “Шимт газар” ХХК-иуд хийж гүйцэтгэж байгаа. Тус ком­панийн инженерүүд “Голын ус ихэнх­дээ газрын хөрсөнд шингэдэг. Усыг хөрсөнд шингээхгүйн тулд тус­гай төхөөрөмж  буюу геомемберан суурилуулсан. Сэлбэ голын эхээс  усыг шүүрүүлж, хөрсөнд нэвчүү­лэхгүйгээр тогтоон бассейн хэл­бэрээр урсацыг нэмэгдүүлэхээр су­дал­гаа хийж байгаа. Өвлийн цагт мөсөн гулгуурын талбай буюу хүү­хэд залуучууд чөлөөт цагийг нь өн­гөрөөх талбайг бий болгож байна” гэв.

Сэлбийг сэргээх ажиллагаанд оюутан залуусын төлөөлөл оролцож оролцож байгаа нь талархууштай санагдаж байлаа. Монголын 30 мянга гаруй залуус гарын үсэг цуглуулан Сэлбийг сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, тэдний төлөөлөл энэ­хүү төслийн нээлтэд оролцсон юм. Нээлтийн ажиллагааны дараа оюутнууд Сэлбэ голын эргэн той­рон­дох хогийг цэвэрлэснээр энэ удаа­гийн нээлтийн ажиллагаа өндөр­лөсөн юм. Сэлбэ голыг сэргээх тө­сөл гурван жилийн хугацаатай үргэлжлэх ч эхний ээлжний сэргэлт ирэх жил харагдана. Ёслолд оролцог­сод сэрсэн Сэлбэтэйгээ ирэх жил “уулзах” ерөөлийг тавин нээлтийн ажиллагаа өндөрлөсөн юм. Хэлж ярьж буйгаар болж, Сэлбэ гол сэргэ­вэл нийслэлчүүд төдийгүй Туул голд ч гэсэн том “хөрөнгө оруулалт” болно. Ерөнхий сайд С.Батболд хэл­­сэнчлэн үүнийг шоу болгож, улс­төржүүлэхгүйгээр сайн хийж гүй­­цэтгээрэй гэсэн ерөөл биелэх болтугай.

Ш.ЧИМЭГ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж