Дэлхийн улс орнуудын хэвлэл мэдээлэл хэр эрх чөлөө эдэлдэг болохыг харуулсан энэ оны тайлан мэдээг олж үзэв. Ухаандаа 2011 оны буюу бид ардчилалтай хөл нийлүүлэн алхаж эхлэх үедээ л нэн түрүүн тунхаглан зарласан хэвлэлийн эрх чөлөөг амсч эхэлснээс хойш 12 жилийн дараахь дүгнэлтээр бол Монгол “хэвлэл мэдээллийн хагас эрх чөлөөтэй” орон байгаа бөгөөд ийм улс орнуудыг шараар тэмдэглэжээ.
Нийтдээ 196 орныг энэ жагсаалтад оруулан байр эзлүүлсэн байгаа юм. Өмнө нь ардчиллын индикатор болох зарим үзүүлэлтүүд манайд ямар байгаа талаар бичиж байхдаа авлигын байр байдлаар нь олон улсуудыг жагсаахад арын эгнээнд нь Монгол орсон талаар дурдаж байсан. Энэ жагсаалтад ч мөн доод хэсэг рүү буюу гурав дахь хуудаснаас л улсынхаа нэрийг олж харав. Одоогийн байдлаар хэвлэл мэдээллийн эрх чөлөөгөөрөө Монгол орон 196 орноос 82 дугаар байрт явж байна.
Уг нь бол хэвлэлийн эрх чөлөөг чухам мандуулах байх гэж бидэнд итгээд Хэвлэлийн хүрээлэн байгуулахад туслалцаж, “Чөлөөт хэвлэл” нэртэй хэвлэлийн үйлдвэр хүртэл бэлэглэж байсан Дани улс энэ жагсаалтыг манлайлж яваа. Одоо ч манийгаа эргэж харах гэвэл хүзүү нь мултарч мэдэхээр хол орхижээ гэсэн үг. Бид бүр тоосонд нь ч алга. Ингэхэд та бүхэн Антигуа Барбуда гэх орны тухай сонссон уу. Би бас сайн мэдэхгүй юм, гэхдээ л энэ улс хэвлэлийн эрх чөлөөний чансаагаараа жагсаалтад манай өмнө орсон байгаа шүү. Бас Ботсвана гэж нэрийг нь харин хэд хэд сонссон улс байна, яг манай ард жагссан. Ийм хоёр оронтой хөтлөлцөөд л явж байгаа юм байна.
Дандаа ийм байгаад байсан уу гэвэл бас ч үгүй л юм байна. Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний төлөв байдлын дүгнэлт гаргасан тоймыг анхаарч харвал Монгол улс 1984-1989 он хүртэл тас “хар” л юм байж. |Үнэндээ бол ч бас яг ч хар биш, бараан өнгөөр л тэмдэглэсэн юм билээ. Гээд санаа нь ч мөн л дөө| Ухаандаа хэвлэл мэдээллийн эрх чөлөө огт байхгүй байж гэсэн үг. Харин 1994-1999 он хүртэл бас ч гэж хагас эрх чөлөөт болж аваад “шар” өнгөөр тэмдэглэгдэх болсон байгаа юм. Тун удалгүй 1999 оноос хэвлэл мэдээллийн бүрэн эрх чөлөөт орон болж “ногоон” өнгөөр гангарсан түүхтэй юм байна. Даанч энэ байдал удаан үргэлжилсэнгүй.
Монгол улсыг 2004 оноос хэвлэлийн эрх чөлөөнийхөө хагасыг алдсан хэмээн олон улсын хэмжээнд үзэх болж эргээд хагас эрх чөлөөтэйг нь илтгэх “шар” мөрдсийг нь зүүлгэсэн байх юм. Түүнээс гурван жилийн дараа 2007 онд дахин дүгнэлт хийж гаргахад нь ч манай чансаа өссөнгүй, энэ онд ч мөн адил хагас эрх чөлөөт хэвээрээ байгаа ажээ.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд ногоон гэрэл асаагаад байсан 1999 оны амжилт 2004 он болоод түүнээс хойшхи цаг үед яагаад буурсан юм бол оо ? Нөгөө “юу болоод өнгөрөв өө, дурлачихлаа гэж үү” гэж нэг дуу байдаг шиг арай мөнгөнд дурласан сэтгүүлчдээс боллоо гэх гээд байна уу даа. Зарим хүн ч тийм л санаагаар ярьж эхэлсэн шүү, ер нь бол. Бүр хэргээ хүлээж, “Би хүртэл захиалгат сэтгүүл зүйгээр явж ирлээ.Одоо больё гэж бодож байгаа “гэж ярьж байх юм. Тэгээд бас болоогүй ээ, “тэр” хүртэл тийм байсан юм чинь сэтгүүлчид бүгдээрээ л захиалга авч юм бичдэг болж таарсан. /Ингэхэд гүтгүүлсэн гэж үзэж байгаа хүмүүс гомдол гаргахгүй бол арай ч бас бүгд нь ч юу юм бэ,тийм ээ/ Хэвлэлийн эрх чөлөө боомилогдож харагдахад хүргэсэн нэг шалтгаан нь энэ ч аргагүй мөн байх.
Өнгөрсөн амралтын өдрөөр сайн таних залуу сэтгүүлч маань ярьж байна. “Судалгаагаар бол хэвлэл мэдээлэлд ажилладаг сэтгүүлчдийн тал хувь нь редакцийн эрх чөлөө байхгүй гэж үздэг юм билээ” гэж хэлэв. Үнэндээ бол редакцийн хараат бус байдал гэдэг хэвлэл мэдээллийн эрх чөлөөний анхдагч хөрс нь байх учиртай. Одоо тэгвэл ардаа “асаалттай танкгүй” өөрөөр хэлбэл “захиалагч эзэн”-гүй томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж бараг л байхгүй болсныг дээрхи сэтгүүлчийн ярианаас мэдэж авахад төвөггүй. Эвгүйхэн дуугарсан сэтгүүлчийн араас онилчихсон танкны шагайвчаар хэн ч хардаггүй гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Аман дээрээ л “ажил хэрэгт нь хутгалддаггүй ш дээ“ гэдэг боловч ачир дээрээ чангахан ханиахад нь ч цочиж өндөсхийсэн шиг суудаг юм биш үү. Бас сэтгүүлчдийн дунд явуулсан судалгаагаар тэдний 57 хувь нь өөрийнхөө бичсэн зүйлийг нийтлэгдэнэ гэдэгт бүрэн итгэдэггүй гэж байгаа. Яг үнэн гэвэл өнөөдөр сэтгүүлчдийн өмнө хэцүү нөхцөл байдал бий болсон. Нэг бол энтертайнмэнт чиглэлийн сэтгүүл зүйг дагаад яв, айх ичихээс хол, амин зуулганд ч өлзийтэй гэх. Эсвэл жаахан захиалгат маягийн болчих, яагаав дээр нэг нөхөр ярьж байсан шиг “ингэсгээд больдог ч юм уу” гэх болтлоо чадвараа зар гэж байгаа юм. Гурав дахь зам нь үхэр тэргэнд суух. Өөрөөр хэлбэл, шударга үнэний төлөө яв, гэхдээ Ван Гог шиг амьдраад үх гэсэн үг л болж байна. Магадгүй хожим нь алдар нэр олох ч юм бил үү.
Өнөөдөр үнэний төлөө яваад ч гэх юм уу, үгүй ядаж л эрэн сурвалжлах сэтгүүл зүйд зүтгэчихье гэхэд үнэн хэрэгтээ гялайх юм байгаа юу гэж асуухаар болж. Нэг талаас уншигч, үзэгч гээд иргэд болохоор “өө, ёстой зөв” гээд гэртээ л алга ташаад суугаад байдаг. Тэгсэн хэрнээ үнэн худал нь мэдэхгүй хов жив, элдэв сенсаци, мэргэ төлгөтэй зүйлд л илүүхэн мөнгөө зарна. Харин шударга сэтгүүл зүйн төлөө хэр ихийг зарах бол ?
Нөгөө талаас бүхэл бүтэн институт болоод хэвлэлийн үйлдвэрийг хүртэл гадаадынхнаас аваад байсан энэ салбарын удирдлагаасаа эхлээд сэтгүүлч бид ч гэсэн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөө юу ч хийсэнгүй гэвэл гомдохгүй биз. Дэлхий даяар олж харахаар дүн тавьчихаад байхад чинь одоо юу гэхэв дээ.
Уг нь хийе гэвэл зөндөө санаа баймаар. Олон сая төгрөгийн шагналтай шалгаруулалт яваад л байдаг. Тэгвэл эрэн сурвалжлах, шударга үнэний төлөө шатаж яваа бүтээлд өгчихөж үү гээд харахаар ховор юм. Сүүлдээ ч замаа алдаад үс халзралтын эсрэг эмийг сайн сурталчилсан нийтлэлийн уралдаанд түрүүлүүлж сая төгрөг өгөөд байхаар энэ сэтгүүл зүй маань яаж хөгжих вэ дээ. Тэгэхээр шагналын арвихан шиг сан гаргаж шударга үнэний төлөө, бас эрэн сурвалжлах сайн бүтээлийг шалгаруулан өнөөдөр байгаа ямар ч шагналаас илүү үнэлдэг болох юмсан. Бүр залуу сэтгүүлчид үүнд мэргэжлийн болоод сэтгэл зүрхнийхээ дуудлагаараа улайрдаг болтол нь үнэлмээр байна.
Хүний хэрэг уг нь ч надад хамаагүй л дээ. Гэхдээ л Хэвлэлийн Хүрээлэнг сургалт судалгаа л явуулдаг байгууллага байхаар анх төлөвлөсөн юм байх даа гэж заримдаа эргэлзэх юм. Харин ч өнөөдөр сэтгүүлчид өөрсдийнхөө байгууллагаас нэхээд байгаа тэр хэвлэлийн эрх чөлөөний төлөөх “management”-ийг нь энэ хүрээлэн л хийх ёстой юм биш үү. Надад бол тэгж л бодогдож байна.
Нэгэнт л хэвлэлийн эрх чөлөөний төлөө бидэнд өгсөн юм болохоор “Чөлөөт хэвлэл” үйлдвэр ч гэсэн санаачилга гаргаж болмоорсон доо. Олон нийтийн ч юм уу, эсвэл хөндлөнгийн шударга ажиглагчдын санал асуулгыг үндэслээд эрх мэдэлтэн, эд хөрөнгөтнүүдийн араанд зуугдаж мэдэхээр ч шударга үнэнийг эрэн сурвалжилж байгаа хэвлэлүүдийг жил жилээр шалгаруулж үнэгүй хэвлэж өгөхөд болохгүй нь юу байна. Үүн шиг үнэтэй дэмжлэг одоо цагт ховор. Гэх мэтээр хийх зүйл мундахгүй.
Арга ядсандаа л энэ бүхнийг хэлж байна. Бүх зүйл бизнес болчихоор энэ хэвлэл мэдээлэл гэдэг чинь хүртэл мөнгө хийхээр дуугардаг эгшигт хайрцаг шиг болчихож. Ямартаа л хип хоп дуу сонсохоор хэл загатнаад байдаг маань жаал намдаж ирэх юм даа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө улам бүр хумигдаж байгааг мэдэрсэн сэтгүүлч нөхөд маань ч бас зохион байгуулалтад орж байна гэсэн мэдээ явж байгаа. Бас л нэг захиалгат ажил биш байгаа даа гэж хардагсдыг андуурсан л байгаасай гэж найдъя. Үнэндээ бол өмхөрсөн хожуулыг суга татах гэж цагаа үрж байхаар өөр юу ч хамаагүй санаачилж хийвэл илүү үр дүнтэй байж магадгүй.
PS: Ногоон өнгө гаргахад ямар будаг ордгийг саналаа. Шар дээр хөх ордог юм байна. Уул нь ч Цагаан морин жилийн хувьсгалаар монголчуудыг ялалтад хүргэсэн тэмцлийн тугны л өнгө дөө. Санаа нь ч бас зөв л юм. Харин улаан л биш шүү. Шар дээр улаан өнгө нэмчихвэл ичсэнийг илэрхийлдэг ягаан өнгө гардаг санагдана. Бидэнд аюултай ойрхон байгаа өнгө…
"Ардын эрх" сонин