Медальгүй ч олимпийн эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Медальгүй ч олимпийн эрхээ авлаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Туркийн Стамбул хотноо долоо хоног үргэлжилж, аваргууд тодорлоо. Өнөөдөр буюу тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 66, 74 болон 120 кг-ын жингийн барилдаан болсон бөгөөд Монголын баг тамирчдаас 66 кг-д ОУХМ Б.Батзориг, 74 кг-д ОУХМ
П.Өнөрбат, 120 кг-ын жинд ОУХМ Ж.Чулуунбат нар зодоглов. П.Өнөрбат хэсгийн барилдаанд, Б.Батзориг дагах барилдаанд ялагдсан бол ОУХМ Ж.Чулуунбат эхний
тойрогт дэлхийн гурван удаагийн аварга, Европын аварга, ОХУ-ын алдарт
бөх Билял Маховтой барилдаж, 0:1, 1:4 харьцаатай ялагдсан. Дэлхийн
гурван удаагийн аварга бөх дараагийн учраануудаа ээлж дараалан ялснаар
аваргын төлөө барилдах эрхтэй болсон ба Ж.Чулуунбат ч дагах барилдаанд
хүч үзсэн юм. Улмаар дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын мөнгөн
медальт, Армяны бөх Руслан Басиевийг 0:1, 2:0, 3:0 харьцаатай, дараагийн
барилдаанд дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Грекийн бөх Иоаннис
Арзуманидисийг 3:0, 4:0 оноогоор  ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй
болсон. Харамсалтай нь, шийдвэрлэх барилдаанд Ж.Чулуунбат Азербайжаны бөх Жамаладдин Магомедовт 0:1, 0:1 харьцаатай ялагдсанаар медалийн тавцанд гарч чадсангүй. Гэхдээ FILA-гийн дүрмийн дагуу ДАШТ-д олимпийн жин тус бүрт медалийн төлөө барилдсан буюу эхний зургаан байрт шалгарсан бөхчүүдэд олимпийн эрх олгох учир Ж.Чулуунбат ирэх жил Лондонг зорих эрхтэй болж байгаа юм.

Энэ жилийн ДАШТ нь олимпийн эрх олгох анхны тэмцээн байсан бөгөөд Монголын баг тамирчид чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсоноос эмэгтэйчүүдийн 63 кг-д О.Насанбурмаа, эрэгтэйчүүдийн 120 кг-д Ж.Чулуунбат нар Лондонгийн олимпийн дэвжээнд гарах эрхийн болзол хангалаа.

Чөлөөт бөхийнхний хувьд олимпийн эрх олгох дараагийн тэмцээн нь ирэх оны хоёрдугаар сард Казахстанд болох олимпийн эрхийн тэмцээн байх юм. Тус тэмцээнд эхний хоёр байрт шалгарсан буюу аваргын төлөө өрсөлдсөн бөхчүүдэд олимпийн эрх олгох ба өмнө нь эрхээ авсан орны тамирчинд эрх өгөхгүй, огшоох ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж