Ж.Чулуунбат олимпийн эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.18-нд нийтлэгдсэн

Ж.Чулуунбат олимпийн эрхээ авлаа

Туркийн Стамбул хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 66, 74 болон 120 кг-ын жингийн барилдаан болж байна. Өнөөдөр Монголын баг тамирчдаас 66 кг-д ОУХМ Б.Батзориг, 74 кг-д ОУХМ П.Өнөрбат, 120 кг-ын жинд ОУХМ Ж.Чулуунбат нар зодоглосноос Ж.Чулуунбат хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсноор олимпийн эрхээ авлаа.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан Б.Батзориг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Японы бөх Тацүхиро Йонэмицүд 0:2, 2:2 харьцаатай ялагдсан. Манай бөхийг ялсан Японы тамирчин цаашид амжилттай барилдаж аваргын төлөө барилдах эрхтэй болсон учир Б.Батзориг дагах барилдаанд зодоглох боломжтой болсон юм. Улмаар дагах барилдаанд Польшийн бөх Адам Хенрик Собьеражийг 5:2, 4:0 оноогоор ялсан ч дараагийн барилдаандаа Азербайжаны бөх Жабраил Хасановт 0:1, 0:7 харьцаатай ялагдсанаар дэлхийн аваргыг орхилоо. Хэрэв манай тамирчин Азербайжаны бөхийг ялсан бол хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болж, медалийн болзол хангах байлаа.

Харин 74 кг-д өрсөлдсөн П.Өнөрбат эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт дэлхийн хошой аварга, Европын хошой аварга Денис Царгушид 0:2, 0:1-ээр ялагдсан. Харин ОХУ-ын бөх дараагийн барилдаандаа ялагдсан тул П.Өнөрбат дагах барилдаанд хүч үзэх боломжгүй болсон юм.

Эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 120 кг-ын жинд Ж.Чулуунбат эхний тойрогт дэлхийн гурван удаагийн аварга, Европын аварга, ОХУ-ын алдарт бөх Билял Маховтой барилдаж, 0:1, 1:4 харьцаатай ялагдсан. Дэлхийн гурван удаагийн аварга бөх дараагийн учраануудаа ээлж дараалан ялснаар аваргын төлөө барилдах эрхтэй болсон ба Ж.Чулуунбат ч дагах барилдаанд хүч үзсэн юм. Улмаар дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын мөнгөн медальт, Армяны бөх Руслан Басиевийг 0:1, 2:0, 3:0 харьцаатай, дараагийн барилдаанд дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Грекийн бөх Иоаннис Арзуманидисийг 3:0, 4:0 ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болж, Лондонгийн олимпийн наадмыг зорих эрхтэй боллоо.

Медалийн төлөөх барилдаанд 00.30 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж