Д.Отгонцэцэг: Цаашид 48 кг-д барилдана

Хуучирсан мэдээ: 2011.09.18-нд нийтлэгдсэн

Д.Отгонцэцэг: Цаашид 48 кг-д барилдана

Туркийн Истанбул хотноо болж буй бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Энэ удаагийн тэмцээнд өрсөлдсөн Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр гуравдугаар байрт шалгараад байгаа билээ. Тэмцээний үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны www.wrestling.mn сайтынхан багш, дасгалжуулагч, тамирчидтай уулзаж, сэтгэгдлийг нь сонссон байна.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан:

-Таны шавь ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Би дасгалжуулагчийн ажил хийгээд 22 жил болж байна. Д.Отгонцэцэг маань анх зургадугаар ангийн сурагч байхдаа /2004 онд/ Дархан-Уул аймагт миний удирддаг чөлөөт бөхийн  секцэнд ирж байлаа. Шавь нараас маань ДАШТ-нээс медальтан төрсөнд маш их баярлаж байна. Нөгөө талаар бас сэтгэл гонсойх нэг шалтгаан байна. Д.Отгонцэцэг маань дэлхийн аварга бараг болчихсон байсан. Шүүгчийн нөлөө орж, алтан медалиас мултарлаа гэж бодогдож байгаа. Гэхдээ шавь маань идэр залуу байна, олон сайхан ялалтаар үзэгчдээ баярлуулна гэж найдаж байна.

-Энэ жилийн ДАШТ-нд том зорилго тавьж ирсэн үү?

-Д.Отгонцэцэг сүүлийн гурван жил монголдоо босоо байсан. Залуучуудын ДАШТ-нээс хоёр хүрэл медаль авсан. Энэ онд Иван Ярыгиний болон Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн. Ур чадвар нь тэгшрээд ирэхээр том зорилго тавихаас өөр аргагүй байлаа. Дэлхийн аварга болох зорилготой ирсэн, тэр зорилгоо бараг биелүүллээ гэж бодож байна.

-Шавийнхаа ур чадварын тухай сонирхуулаач. Дархан мэх нь юу байна?

-Ер нь ямар ч өрсөлдөгчтэй дасан зохицож барилддаг өвөрмөц чанартай. Хоёр хөлд давхар хамах, дэвжээтэй шахаж эргүүлэх мэхийг гаргуун хийж, оноо авдаг, түүнээс гадна хоёр хөлд ээлжлэн явдаг. Гэхдээ цаашид ажиллах асуудал бас байна.

-Та энэ баярт мөчөө найз нөхөд, хамт олонтойгоо хуваалцахыг хүсч байгаа байх?

-Баярлалаа. Шавь маань ДАШТ-нээс медаль хүртсэн энэ баярт мөчид намайг дасгалжуулагч болохыг ятгасан багшийгаа, Гавьяат тамирчин Д.Оюунболд багшийгаа дурсан санаж байна.  Мөн энэ баярт үед МЧБХ-ны удирдлага, үндэсний шигшээ багийн хамт олон, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, ”Гацуурт” компани, “Монгол алт”компанийн захирал Ж.Мөнхтөр, миний оюутан цагийн дотнын анд, хамтран зүтгэгч “Хасу-Мегаватт” компаний захирал Ж.Түмэн-Аюуш, УИХ-ын гишүүн Хаянхирваа, нийт дарханчууддаа баярлаж талархсанаа илэрхийлж байна.

Олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг:

-Танд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн баяр хүргэе!

-Их баярлалаа. ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, жинхэнэ бөх гэдэг нэрийг олж авсандаа баяртай байна. Аав ээж, багш нартаа болон шигшээ багийн хамт олондоо, дотны найз Б.Наранчимэгтээ маш их баярлалаа гэж хэлэхийг хүсч байна.

-Барилдаануудынхаа тухай ярина уу.  Аль барилдаан  хамгийн хэцүү байсан бэ?

-Бүх барилдаандаа хичээж барилдсан. Харин Германы тамирчин их зуурч барилддаг, эвгүй бөх байсан. Бусад нь бол гайгүй ээ.

-Алтан медалийн төлөө Оросын бөхтэй хийсэн барилдаан олны сонирхлыг их татаж байгаа. Өмнө нь тэр бөхтэй таарч байсан уу?

-Таарч байгаагүй. Барилдааных нь бичлэгүүдийг бол харж байсан. Багш нар ярилцаад өөрийнхөөрөө барилд, хөлдөө алдахгүй байх нь чухал гэж зөвлөсөн. Энэ барилдаанд би ялагдсан ч надад маш том сургамж боллоо гэж бодож байгаа. Хойшид анхаарах болно.

-Хэвийн үед жин хэд байдаг вэ?

-53-54 кг байдаг. Цаашид жингээ хасч, 48 кг-ийн жинд барилдах бодолтой байна.

ЖИЧ: Дашрамд дуулгахад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, багийн дүнгээр гуравдугаар байр эзэлсэн Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид дасгалжуулагчдын хамт өнөөдөр эх орондоо ирж байгаа юм.

www.wrestling.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж