Байгаль орчны зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2011.09.17-нд нийтлэгдсэн

Байгаль орчны зөвлөлдөх уулзалт болов

Монгол-Японы Байгаль орчин, орчин аялал жуулчлалын яамд хооронд уламжлал болон тогтсон Байгаль орчны бодлогын зөвлөлдөх VI уулзалт Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо энэ сарын 13-15-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Уулзалтыг Монголын талаас Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ч.Жаргалсайхан, Японы талаас тус улсын Байгаль орчны дэд сайд Тацуши Терада нар тэргүүлж,  яамдын холбогдох албаныхан оролцсон юм. Уулзалтын хүрээнд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын асуудал, цөлжилт, уул уурхайн нөхөн сэргээлт, байгалийн нөөцийн үнэлгээ, шар шороон шуурга, экотуризм зэрэг асуудлаар хоёр тал байр сууриа солилцож, цаашид хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойллоо. Өнөөгийн дэлхийд байгаль орчноо хамгаалах, бэрхшээлийг даван туулахад улс орнууд нэгдсэн бодлого чиглэлээр хамтран ажиллах нь чухал болохыг дэд сайд Ч.Жаргалсайхан хэлсэн үгэндээ онцолж, хоёр орны хамтран хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгээс танилцуулсан юм. Монгол-Япон улсууд хоёр орны байгаль хамгаалах асуудлаар сүүлийн жилүүдэд хамтарснаар  “Өгий нуурын экосистемийг хамгаалах төсөл”, хогийн нэгдсэн цэг байгуулах, цэвэр хөгжлийн механизмыг хэрэгжүүлэх, экологийн аялал жуулчлалын судалгаа хийх, байгаль орчны салбарын боловсон хүчнийг чадавхижуулах зорилгоор олон төсөл, ажлууд амжилттай хэрэгжсэн байна. Тиймээс цаашид хоёр тал байгаль хамгаалалд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тэдний оролцоонд үндэслэсэн менежмент нэвтрүүлэх, байгальд ээлтэй эко аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлд хоёр талын цаашдын хамтын ажиллагааг чиглүүлэхээр болж тогтлоо.

 Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж