Тэрээр ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч Д.Ф.Мезенцев, Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхийлөгч В.В.Наговицын нартай уулзах үеэр хилийн шалган нэвтрүүлэх боомтын үйл ажиллагааг сайжруулах, хялбаршуулах, хүнд суртал, чирэгдэл ихтэй гээд иргэдийн зүгээс олон жил гарч байгаа яриаг эцэс болгох гарцын талаар нухацтай хэлэлцсэн юм.
Энэ үүднээс байдал газар дээрээ ямар байгаатай Ерөнхий сайд танилцахаар зориуд саатаж, тухайн иргэн, нэг автомашиныг хилээр нэвтрүүлэхэд хэдий хугацаа шаардагдаж байгаа, тулгарсан хүндрэл, бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх боломж байгаа талаар хоёр улсын гаальчдаас тодрууллаа.
Монголчууд хилээр орж, гарахдаа бичиг, баримтаа үнэн зөв бөглөдөггүй, ачаа бараа ихтэй, хууль бус, зөвшөөрөлгүй бараа тээвэрлэх гэсэн тохиолдол цөөнгүй гардаг зэргээс болж шалгахад багагүй хугацаа зарцуулдаг гэсэн нийтлэг тайлбарыг гаальчид хэлж байлаа. Тэдний хэлснээр хэрвээ ямар нэгэн асуудалгүй бол 5-10 минут зарцуулах боломжтой юм байна.
Хоёр улсын эрх бүхий дээд байгууллага хууль эрх зүйн орчныг өөрчлөх чиглэлээр ажиллаж байгаа, харин гаальчид үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаагийн хувьд ажлаа сайжруулж, иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчлэх ёстой гэдгийг Ерөнхий сайд С.Батболд захилаа.
Байгалийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд болсон “Монгол-Оросын хил орчмын хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлагын үеэр ч манай төлөөлөгчдийн тавьсан асуудлын нэг нь ОХУ-ын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхэд монгол иргэдэд тулгарч байгаа бэрхшээл, хүнд суртлын тухай байлаа.
Шалган нэвтрүүлэх боомтод гарч байгаа хүндрэл, бэрхшээлийг шийдэхийн тулд хоёр талаас ажлын хэсэг байгуулахаар Ерөнхий сайд С.Батболд, ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч болон Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхийлөгч нар шийдвэрлэн ажлыг нь эхлүүлээд байгаа юм.