Эрхүү хотын их, дээд сургуулиудад манай 800 орчим оюутан сурч байгаагийн 70 орчим нь Анагаахын их сургуульд суралцдаг юм байна. Бүс нутгийн хэмжээнд анагаахын сургалтаараа дээгүүрт ордог учир Монголоос суралцах оюутны тоо жилээс жилд нэмэгдэж байгаа ч төлбөр нэмэгдсэн нь хувийн зардлаар сурдаг оюутнуудад хүндрэл учруулж байна.
Тухайлбал шүдний ангийн төлбөр 3200, эмчилгээний ангийнх 2600 ам. доллар бөгөөд энэ нь бусад их, дээд сургуулийн дундаж төлбөр болох 2000 ам. доллараас харьцангуй өндөрт тооцогддог.
Эрхүү хотод суралцдаг монгол оюутны тоог нэмэгдүүлэх, тэтгэлэгтэй оюутны тоог өсгөх, хувиараа сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөлөх шийдвэр гаргана гэдгээ мужийн Амбан захирагч Д.Ф.Мезенцев Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхахдаа уламжилсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Эрхүү хотноо болсон Байгалийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ гадаадын өндөр, дээд хэмжээний олон төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тухайлбал ОХУ-аас гадна Франц, Малайзи, БНСУ, БНХАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.