Нийтдээ 33 сурах бичгийг шинээр, 32 сурах бичгийг дахин хэвлэж нөхөн хангалт хийсэн байна. БСШУЯ-наас сурах бичгийн дундаж үнийг 2000 төгрөгөөр худалдаалах жишиг тогтоосон ч хичээлийн шинэ жил эхэлсэн энэ өдрүүдэд хувь иргэд сурах бичгийн үнийг хөөрөгдөн зарж байгаа аж.
Энэ тал дээр ямар хяналт тавьдаг болон сурах бичгийн үнийн талаар БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Р.Балжиннямаас тодрууллаа.
-Хичээлийн шинэ жил эхлээд хагас cap болж байна. Энэ өдрүүдэд сурах бичигтэй холбоотой хэл ам гарах боллоо. Энэ жил БСШУЯ-наас ямар ангийн хүүхдүүдэд үнэгүй сурах бичиг өгөх вэ?
-Яамнаас бага ангийн бүх сурагчдад, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувьд төрөөс үнэ төлбөргүй сурах бичгээр хангаж өгнө. Дунд ахлах ангийн сурагчдын 40 хувийн хангалтыг төрийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд зориулан олгож байгаа. Өөрөөр хэлбэл, сургуулийн номын сангаар дамжуулан номоо авах юм. Харин үлдэж буй 60 хувьд сурах бичиг худалдан авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хэвлэлийн компаниудтай гэрээ хийсний үндсэн дээр үнийн дээд хязгаарыг тогтоосон. Үүний дагуу сурах бичгүүд худалдаанд гарсан байгаа.
-Сурах бичгийг Урт цагаан болон МУБИС-ийн ном зардаг хэсгүүдэд өндөр үнэтэй зарж байгаад иргэд гомдоллож байгаа. Энэ тал дээр ямар хяналт тавьж байгаа вэ?
-Тэгэхээр гадуур зарж байгаа номуудад бид хяналт тавихгүй. Өөрөөр хэлбэл тэдгээр иргэд сурах бичиг зарж байгаа номын дэлгүүрүүдээс аваад цааш нь дамлан зарж байгаа ч юм уу, үүнийг бид сайн мэдэхгүй. Харин сурах бичиг зарах цэгүүдээр хангалттай хэмжээгээр борлуулахгүй байгаагаас үүдэн тэрийг далимдуулж ном дамлан борлуулах асуудал гарч ирж болзошгүй. Бид хэвлэж, борлуулах эрх авсан компаниудтай ярьж хангалтын талаарх нэгдсэн мэдээлэл авахаар болсон.
-Сурах бичгийн дундаж үнийн хувьд?
-Дундаж үнийг гэрээний дагуу 2000 төгрөгөөр тогтоосон. Харин доод үнийн хувьд 1400 байгаа. Хамгийн өндөр үнэтэй сурах бичиг 3900 төгрөг байгаа.
-Зарим сургуульд сурах бичиг хүрэлцэхгүй, сурах бичиг ирээгүй гэх асуудал гарч байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Энэ жил сурах бичгийг долоодугаар сарын 15-ны дотор бүх аймаг, дүүргүүдийн боловсрол соёлын газар, хэлтэст хүргээд тараасан. Харин зарим нэг зохицуулалт хийх асуудал гарч ирсэн. Энэ нь юу гэхээр шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор зарим сургуулийн хүүхдийн тоо нэмэгдсэн. Үүн дээр зохицуулалт хийн ажиллаж байна.