Алив хэргээр алсад мордоход зүүн хацрыг минь үнсэнгээ хөх тэнгэртээ хүүгээ даатган, сүүгээ өргөсөөр торойгоод хоцордогсон миний эжий. Ирэх тоолонд ижий минь жижгэрч нэг мэдэхэд эмгэн буурал болжээ. Гэсэн ч урьдын хэвээр. Хүүгээ үддэг шигээ зээгээ үдээд, нүдэндээ нулимс мэлтэлзүүлэнхэн галт тэрэгний араас гунигтайхан харсаар үлдэнэ. Харин дараагийн хавар эжий бас л жаахан хүүхэд шиг хөөрсөөр хүүгээ угтана. Намар нь буцаад л… Дүү минь эрдмийн аянд эх орноосоо мордож байна. Тэр минь ээж, аав, эмээ, өвөө, эх орныхоо сайн сайхны төлөө алсыг зорьж буй мянга мянган залуус ердөө нэг нь. Бодлогошир, ухаар гэж моддын зоосон шаргал навчис ганц нэгээрээ хаялж, галт тэрэгний нүүгэлсэн утаанд алсыг зоригсдоо үдэж, ард үлдэгсэд нь хөнгөхөн гуниглацгаана. Уул ус юугаа орхиж, үл тэвдэх усны шувуудыг санагдуулах мэт зүрх зүсэм өрөвдөлтэй төрх цонхны цаанаас өрөвдөлтэйхэн гараа далласаар цаашлах нь сэтгэл сэмлэнэ.
Намар цаг чи ийм уйтайсан бил үү.
Саяхан л урган нахиалж байсан ургамал модод нүцгэрч, саяхан зуны амралтаараа ирсэн дүү минь буцаж байна. Дэгдээхэй юугаа нисгэж сургах гэж ангир шувуу өөрөөсөө ч том болж торнисон үрсээ тэнгэрийн дайд тийшхи уртын урт аялалд бэлдүүлэн хатуужуулдаг шиг эмээ нь хүүдээ энэ тэрийг зааж, зөвлөх.
Галт тэрэг замд гарч, гэдрэг буцах үест бүх зүйл хорвоо ертөнцийг орхин одох гэж байгаа мэт эзгүй хоосон буйд аглагыг зөгнөнө.
Намар цаг чи ийм гаслангуй бил үү.
Улирч өнгөрснийхөө алдаа эндэгдлийг аргадан зөөллөх, орчлон ертөнц, амьдрал, цаг хугацааны үнэнийг чинхүү сэтгэлээсээ ухаарах алтан агшныг хүмүүн бидэнд олгоно. Үргэлжид наран мандаж, үргэлжид сайн сайхан байх юм шиг сэтгэх хүмүүнд намар цаг аугаа их ухаарал болон шаргалтана. Хөөрч догдлон, хүсч тэмүүлэх гэж хавар цаг ирдэг байтал ухаарч санааширч, бясалган бод хэмээн намар цаг ирдэг ажээ. Хэнэггүй идэрхэн насны алдаа оноо бүхнийг дэнслэн цэгнүүлэх намар цаг чи уйтай ч гэлээ гаслангуй биш билээ. Чухамхүү сэтгэл сэнсэртэл гэгэлзүүлэх чиний л салхи, бороо, туниа муутай шаргал наран, жиндүү үдшийн чинь аалинд хүмүүн төрөлхтөн эрийн цээнд хүрч, оршихуйн утгаа ухаарнам билээ.
Цонхны цаана шаргал навчис цас адил бударна. Бүүдгэр тэнгэрийн хаяанд ганц нэгхэн од мичид анивалзан их хотод намрын үдэш иржээ. Оньсого мэт
намар чи юутай таашгүй, юутай оньсого мэт. Нэг л намраар ээжийнхээ гараас хөтлөн анх сургуульд орсон сон. Нэг л намраар амьдралд хөл тавьж ажлын гараагаа эхэлсэнсэн. Нэг л намраар үглэж яншиж, загнаж зандардаггүй ч буруу, зөвийн шүүлтүүр болсон тэр л харц ухаарал хайрласансан. Хүний амьдрал богинохон, хөрст дэлхий уужим болохоор бурууг ухааруулж, зөвийг сануулах буурал намраар явсан шигээ тэнгэр багандсан уулсыг даван тэртээгээс ирж яваа шувуудтай хамт дүү минь эрийн цээнд хүрч, эрдэм боловсролоор гоёсоор буцаад хавар ирнэ ээ. Торойгоод үлдсэн эмээ нь харин тогоо шанагаа тачигнуулан, хоол, цай болж эргэж тойруулан ажиж тосоод угтана, гайгүй.