ОУВС суурин төлөөлөгчөө татна

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

ОУВС суурин төлөөлөгчөө татна

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Олон улсын валютын сан /ОУВС/-гийн Ази, Номхон далайн бүсийн төвийн захирал Шого Иший тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзаж, санал солилцов.

Тус сангийн ажлын хэсгийн үйл ажиллагаатай танилцаж бодлогын зөвлөмж хамтран боловсруулах зорилготой ирснээ ноён Шого Иший уулзалтын эхэнд хэлээд ОУВС-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч энэ сарын сүүлчээр нутаг буцаж, оронд нь шинэ томилгоо хийгдэхгүй, харин Суурин төлөөлөгчийн газрыг Токиогоос удирдахаар болсныг дуулгав. Учир нь Монголын Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн “Станд бай” хөтөлбөр амжилттай хэрэгжсэн, нөгөө талаар ОУВС төсвийн хязгаарлалт хийх болсонтой уялдаж ийм арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Суурин төлөөлөгч ажиллахгүй ч гэсэн Монголын Засгийн газартай бодлогын яриа хэлэлцээ хэвийн үргэлжилж, цаашид ч урт удаан хугацаанд үр бүтээлтэй хамтран ажиллах болно гэдгээ тэрбээр онцлоод дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар УИХ-ын даргад товч танилцуулав.

Тэрбээр хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн хэдэн сард эрс муудлаа. Тэр дундаа хөгжингүй орнуудын эдийн засаг таагүй байдалд орж, Европын орнуудад өрийн хямрал нүүрлээд байна. Харин Азийн орнуудын тухайд эдийн засгийн хямралд тэсвэртэй байж ирсэн, өсөлт ч сайн байгаа. Тэр дундаа Монголын эдийн засгийн өсөлт маш сайн байгаа. Гэхдээ 2008 онд АНУ-д үүссэн санхүүгийн хямрал Азийн орнуудад тодорхой хэмжээгээр нөлөөлөх хандлага ажиглагдсан. Ер нь дэлхийн эдийн засгийн байдал муудах эрсдэл өндөр, 2008 оны хямралтай төстэй нөхцөл байдал үүсч мэдэхээр байна. ОУВС-гаас жилд хоёр удаа гаргадаг “Дэлхийн эдийн засгийн төлөв байдал”-ын хоёр дахь тайлангаас харахад ч ойрын хоёр жилд байдал муудах төлөвтэй байна. Дэлхийн эдийн засгийн ийм тогтворгүй байдал нь зэс, эрдэс баялаг зэрэг бараа, түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж мэдэх юм гэдгийг анхааруулав.

Ийм нөхцөлд Монгол Улсад бодлогын чиглэлээр ямар сорилт бэрхшээл тулгарч буй талаар тус сангийн ажлын хэсгийн ахлагч Стивен Барнет хэлэхдээ, Оюутолгой, Тавантолгойн үйл ажиллагаа эхэлтэл Монгол Улсад эдийн засгийн хоёр том эрсдэл тулгарч байна. Эдийн засаг хэт халахын хэрээр инфляци өсч, хүн амын ядуу буурай хэсгийн амьдрал хүндэрч, улмаар улс орны өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөх талтай. Нөгөө талаар дэлхийн эдийн засгийн төлөв байдал муудах магадлал маш өндөр байгаа нь бараа, түүхийн эдийн үнэ буурч, ингэснээр экспорт хумигдах, төсвийн орлого буурах эрсдэл дагуулах аюултайг сануулав. Иймээс эдийн засгийн хэт халалтыг хязгаарлах, дэлхийн зах зээлд гарч буй цочролд өртөхгүй байх нь чухлыг тэрбээр зөвлөөд энэ үндсэн дээр төсвийн бодлогын хувьд төсвийн зарлагыг аль болох нэмэгдүүлэхгүй байх нь зүйтэй, 2011 оны хувьд төсвийн тодотгол хийх шаардлагагүй гэж үзэж буйгаа хэллээ. Мөн Хөгжлийн банкийг төсвөөс гадуур санхүүжүүлэх нь хэт халалтад нөлөөлөх талтайг анхааруулав.

Мөнгөний бодлогын тухайд төв банк бодлогын хүүг чангатгах арга хэмжээ авсан нь сайн, гэхдээ бодлогын хүүг дахин өсгөх шаардлагатайг зөвлөөд Монгол Улсын тухайд банкны бодлогын хүүгээр дамжиж эдийн засагт нөлөөлөх нь хязгаарлагдмал байдаг тул макро түвшний зохистой бодлогын арга хэмжээ авах нь зүйтэй. Үүний тулд сүүлийн үед дэлхийн олон оронд, тэр дундаа Азийн орнуудад өргөн хэрэглэж байгаа арилжааны банкуудын зайлшгүй байлгах мөнгөн хөрөнгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, банкны өөрийн хөрөнгийн хэрэглээний үзүүлэлтэд уян хатан хандаж байх, банкны зээлийн алдагдлын санг шинээр олгож буй зээлийн нэг хувьтай тэнцэж байхаар тооцож байгуулах зэрэг арга хэмжээ авахыг зөвлөлөө.

Дэлхийн эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, цаашдын чиг хандлагын талаар мэдээлж, Монгол орны тухайд төсөв, санхүүгийн бодлогын чиглэлээр зөвлөмж өгсөнд нь УИХ-ын дарга тэдэнд талархал илэрхийлээд “Манай орны нөхцөлд бидний хувьд тавьж буй зорилт, дэлхийн эдийн засгийн таагүй байдал хоёр зөрүүтэй байгааг бодолцох нь чухал болж байна. Бид эдийн засгаа нэлээд тэлэх чиглэлээр ажиллаж байгаа, төсвийн тодотгол ч үүнд чиглэгдэж байгаа, гэхдээ зарим талаар анхаарч үзэх зүйл бий. Хөгжлийн банкны тухайд хөрөнгө оруулалтыг зөв тооцох нь чухал юм. Хөрөнгө оруулалтын чиглэлээр тодорхой хязгаартайгаар бонд гаргах эрхийг Засгийн газарт өгсөн, үүнийг ч анхаарч үзэх учиртай.

Мөнгөний бодлогын тухайд та бүхний хэлсэн механизмыг ашиглахыг Монголбанкныхантай ярьж байгаа. Зээл олголтын байдлыг задалж авч үзэх, энэ үүднээс мөнгөний нийлүүлэлт, зээл олголтын харьцааг судалж үзэх нь чухал юм. Засгийн газар ирэх оны төсөв, мөнгөний бодлогоо тодорхойлж ирэх сарын 1 гэхэд УИХ-д оруулж ирэх ёстой гээд энэ талаар нарийн дүн шинжилгээ хийж асуудлыг парламентаар батлахаас өмнө санал бодлоо хэлж зөвлөхийг хүслээ.

Манай улсын хувьд эдийн засаг, нийгмийн чиглэлд эдийн засгаа өсгөх замаар хөгжлийн хурдцаа түргэтгэх, дэд бүтэц муу учраас хөрөнгө оруулалтыг энэ салбарт ахиу төвлөрүүлэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэх, энэ бүхний үндсэн дээр ард иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх бололцоо бүрдэнэ гэж үзэж, эдгээрийг шийдвэрлэх арга замыг хайж, оролдож ирсэн. Эдийн засгийн асуудлаас нийгмийн асуудал илүү хүнд байна гэдгээ УИХ-ын дарга хэллээ. Иймээс эдийн засгаа хөгжүүлэх бодлого, гадаад нөхцөл байдал хоёрын заагийг олж харж алтан дунджийг барьж ажиллахын зэрэгцээ ирэх жил болох сонгуулийн дуулианаар улс төрийн сонирхолд хэт хөтлөгдөхгүй байх нь чухал байгааг тэрбээр онцоллоо.

    
   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж